kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Богд дээдсүүд

БОГДЫН ИХ ШАВИЙН ГОЛЫН ДОЛООН ХУТАГТ


Tweet

Халхын бурханы шашны тэргүүн Жавзандамба хутагтын харъяат шавийн дотор  эрх ямба бүхий Донхор хутагт, Ялгуулсан хутагт, Ялгуулсан хутагт Номунхан, Эрдэнэ мэргэн бандида, Мэргэн хан номун хан, Бамбар эрдэнэ хувилгаан, Довдонбалын хувилгаан байсан юм. Эдгээрийг бусад хутагт хувилгаадаас онцлон “Голын долоон хутагт” хэмээн дууддаг байна. Тэдгээрийн тухайд Үндэсний Түүхийн төв архив, УННС-гийн монгол гар бичмэлийн хөмрөгт буй “Гэгээнтэний харъяат шавийн хувилгаанаас Жургаанд данс мэдээтэй долоон хутагт хувилгаан хийгээд жич данс мэдээ үгүй хутагт хувилгаад, цорж лам нарыг байцаасан цэс”, “Богдын шавийн долоон хутагтын уг эх”, “Богдын шавийн уг эх учрыг тодорхойлж байцаасан цэс” зэрэг гол баримт нь товч цэс бөгөөд харин “Богдын шавийн долоон хутагтын уг эх” хэмээх нь арай дэлгэрэнгүй юм. Агуулгын хувьд үндсэндээ адил боловч мэдээ баримтын нэгд нь байхгүйг нөгөө нь нөхвөрлөсөн, ялангуяа архивт буй баримтад зарим хутагт хувилгаадын хаана, хэн гэгчийн гэр бүлд төрсөн талаар мэдээлсэн байна

1.         Манзушир хутагт Цэрэндорж. Богд уулын өвөрт "Улаан асга" хэмээх  газар хийд байгуулсан.

2.         Бамбар-Эрдэнэ хутагт Цэвэгмид. (Хүрээнд хувилгааны аймаг гэж байв).

3.         Нинждолбий номунхан буюу Срайдорж Номун хан Ванчигдорж нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд байсан байна.

4.         Брайвун номунхан Найдансүрэн. (Нийслэл хүрээнд Номун ханы аймаг гэж байв)

5.         Орлой мэргэн хутагт (Дугарын аймгийн хүн)

6.         Эрдэнэ хамба хутагт Лувсанцэрэндамбийдонмэ. (Шүтээний аймгийн хүн)

7.         Мэргэн хамба Дэмбэрэлдаш. (Нийслэл хүрээнд байсан. Мэргэн хамбын аймаг гэж байв)

 Донхор Мангзушир хутагтын түүхийг өгүүлвээс:

 Богд хан  уулын өвөрт "Улаан асга" хэмээх  газар хийд байгуулж байсан бөгөөд харьяат шавийн аймаг савыг баригч Цогт номун хан ламтан Манзушир Цэрэндоржийн уг эх нь: Анх Энэтхэг орноо Бурхан багшийн үед Дүлбийндог хувилгаанаас нааш Энэтхэгт Дармабал, Шивийндог, Дарма, Ёндон-Од, Хятадын Утай Шан ууланд Жамбалшонуршир, Балбын оронд Агчиндоржшонну, Төвдийн оронд Томисамбада, Догдан ютинямбуу, лозва Чүлтэмжалба, Бодова Ринчинсал, Замбажарай, Үржинхандын оронд Налжорваанчиг, бас Төвдийн оронд Дүлзэндагважалцан, Жавчогбалсан, мөн Тэнгэрийн оронд Шивинямбуу, Амдогийн оронд Даваажанцан, Донхор Ёндонжамц, бас Монголын оронд Жамъянжамц, Жалбаажамц, Жамбалжамц, мөн Амдо нутагт  Донхор Жамъянлхүндэв хэмээн хувилж байсан түүх бий.  Донхор гэдэг нь дон-мянга; хор- шавь, нөхөд гэсэн төвд үг юм. Нийлүүлвээс “мянган шавьтай” гэсэн утга бүхий үг болой.

I дүрийн  Манзушир хутагт Лувсанжамбалданзан (1695-1750)

II дүрийн Манзушир хутагт Лувсантүвдэнваанчиг (1753-1816)

III дүрийн Манзушир хутагт Лувсанчүлтэмжигмэд (1817-1841)

IY дүрийн Манзушир хутагт Дашдэндэв (1841-1853)

Ү дүрийн Манзушир хутагт Рэнцэндорж (1859-?)

YI дүрийн Манзушир хутагт Лувсанбалданчүлтэмжамц (Цэрэндорж) (1873-1937)

нар болно.

 

Анхдугаар дүрийн Манзушир хутагт Лувсанжамбалданзан

 

Энх-Амгалангийн 34дүгээр оны одон гахай жил буюу 1695 онд Хөх нуурын газарт эцэг Пунцагийн гэрт эх  Наваандуламаас лагшин мэндэлсэн  байна. Лувсанжамбалданзан нь Төвдийн орноо  морилж хоёр Зуу, хоёр Богд, Сэра, Брайвун, Гандан тэргүүтэнд өргөл хүндлэлийг ихэд өргөж буяны чуулганыг хураагаад таван ботийн сургаалын эцэст хүрч шашин амьтны тусад агуу их ерөөлийг тавьсан байна.

Тэрбээр Халхын аймаг олонд номын рашааныг цаглашгүй хайрласны сүүлд хүрээний 27 аймагт Доржпэрэнвийн вангийн 27 хот мандалын чогийг байгуулж бурханы шашныг хэзээ оршиж байх хүртэл дэлгэрэх дэг журмыг шинээр тогтоов. Мөн аймаг жасын эд таваар, сүргийг агуу ихэд арвижуулсан ба 1736 оны  гал луу жил хүрээнд яр, гагьяа, сожин гурвыг байгуулж олон шавь нарт гэлэн, гэцлийн

1734 онд хааны  дээдийн амгаланг эрж бараалхсанд зарлигаар “Донхор хутагт чи бээр Жавзандамба хутагтын багш болж ном эрдмийг сурга” хэмээн зарлиг буулгав. Тэнгэрийг тэтгэсэний 4 дүгээр  он буюу  1739 онд “Донхор Манзушир чи зүрхний зулыг хэзээдээс үндэслэж санваар явдлыг хичээнгүйгээр бясалгав. Иймийн учир аймаг савыг баригч "Ачит номун хаан болгов” хэмээжээ. Мөн Гүмбүм, Жачун, Гонлүн, Чусан, Сэрхог эдгээр хийд ба Амдогийн хийдүүдэд морилж судар тарнийн увидасыг агуу ихэд соёрхов.

Ялангуяа Сэрхог хийдэд номын рашааныг ихээр хайрлаж, мөн хийдэд Лавран сэмчин байгуулав. Шашин амьтны тусад сүм байгуулахын таалал төрж 1747 оны гал туулай жилийн  дөрвөн сарын шинийн тавнаас Дашчойнхорлинг эхлэн байгуулах цагт Дүйнхорын булаг, Тулгат өвгөн хэмээхийн нутагт долоон төвдийн хамт ирж Богд хааны шан ба Сэцэн ханы өргөлийн хамт 800 лан мөнгөөр баруун, зүүн хоёр лавранг байгуулж, лаврангийн шүтээний голд "Логшир" тэргүүтэн олныг залав. Богд гэгээнийг дагаж эзэн гэгээнээ бараалхаад буцаж ирэх замдаа Богд гэгээний авралд шүтэж "Дашчойнпэл" дацанг байгуулжээ. Лувсанжамбалданзан бээр улмаар Богд хан уулын өвөрт “Буян залбирагч” сүмийг байгуулахад түүнийг Манжийн хаанаас уг орон газрын  тэргүүн ламд суулгаж тамга, жуух олгов. Тэрээр 1750 онд жанч халсан бөгөөд 1751 онд  шарилыг засаж 30 лангийн мөнгөн мандал, нэг их нанзад хадаг уяатай мөнгө 40 лан, их нанзад хадаг 40, дунд гарын хадаг 5, улаан хүж 4 багц сэлтийг хайрлав. Ийнхүү дээдсийн шарилын суврагыг Логширын сүмд залсан байна.

 II дүрийн Манзушир хутагт Лувсантүвдэнваанчиг

Сэцэн бэйл Дагдандоржийн хошууны туслагч Эрдэнэ хунтайж Ядамжавын гэрт хөвгүүн болж мэндэлсэн байна. 1761 оны Төмөр могой жилд Лувсантүвдэнванчигийг найман сүүдэртэйд нь ширээнд  залахад бэйл Дагдандорж өрх сэлт бээр хүн бүгд 351-ийг өргөв.

Тэрбээр тэнгэрийн гэгээнээ 11 удаа бараалхсан байдаг. Эзэн гэгээнээ бараалхах бүр зарлиг буусан ба шан хишиг хүртээж явжээ. Тэнгэрийг Тэтгэсний 45-р он буюу 1780 онд биеэрээ гэгээнд бараалхан  бурхан, хадаг өргөж дээдийн амгаланг эрэхэд шүрэн эрхи, булган дах, хув эрхи, магнаг торго зэрэг зүйлүүд сэвэг цай тэргүүтнээр шагнаж байжээ.

Энэ дүрийн хутагт бээр Жүд дацангийн дуганыг байгуулна хэмээн суурь тавьсан ч удалгүй  жанч халсан тул  Богдын гэгээнээс 500 лан мөнгө өргөж дацанг  гүйцээн бүтээж равнай зохион шүтээнийг залж Сандуй, Дэмчиг, Жигжид тэргүүтний дүлцэн хурал олныг байгуулжээ. Энэ лам Их Хүрээний хамба номун ханаар томилогдон ажиллаж байсан бөгөөд жанч халсаны дараа шарилын суваргыг  Жүд дацанд залсан байна.

III дүрийн Манзушир хутагт Лувсанчүлтэмжигмэд

 

Засаг Равдандоржийн хошууны хиа Даваагийнд 1816 оны гал хулгана жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 3 -нд гайхамшигтайгаар хувилан мэндэлжээ. 1823 онд бэлэг мандалыг өргөж хутагтыг ширээнд залжээ. Тэрээр 1833 онд хүрээний сайдуудын газраас Лувсанчүлтэмжигмэдийг 18 насанд хүрэв хэмээн айлтгаад урьд дүрийн аймаг савыг баригч Ачит номун ханы тамга басхүү журганд мэдүүлж жуухыг тус тус олгов.

 Дараа нь Нийслэл хотноо одож тэнгэрийн гэгээнээ хадаг өргөж бараалхсан тухайд хаан мутраараа хадаг өргөж хишиг хүртээжээ. Бас Аюуш бурхан, алтан жодва нэг, шүрэн эрхи нэг, чун эрхи нэг, магнаг торго нэгэн энтэй зэрэг олон зүйлийн эд, эрдэнээр шагнасан байдаг.

 Их Хүрээний дэд хамбаар томилогдон сууж байжээ. Түүнийг жанч халсаны дараа Шарилын суваргыг нь  Лавран сүмд залсан байна.

                                                                     

 

IV дүрийн Манзушир хутагт Дашдэндэв

 

Халхын газар хувилан төрж, Богд хан уулын өвөрт “Буян залбирагч” хийдэд хамбаар томилогдон сууж байгаад жанч халжээ.

 

Ү дүрийн Манзушир хутагт Рэнцэндорж

Сэцэн хан аймгийн чуулганы дарга бэйл Гончигжавын хошууны дэд зэрэг тайж Балчингунгаагийнд зуны тэргүүн сарын шинийн зургаанд “Талын бөөр” хэмээх газар мэндлэв. Бүрэнт засагчийн 5 дугаар  он буюу 1867 оны зуны сүүл сарын 21-нд Рэнцэндоржийг 7 сүүдэртэйд нь хутагтын  ширээнээ залжээ.  Дараа нь Дашчойнпэл дацанд хурж байсан бөгөөд  “Буян залбирагч” хийдэд хамбаар томилогдон сууж байгаад жанч халжээ.

Ер нь II, III, IY, Ү дүрийн Манзушир хутагтуудын мэндэлсэн болоод жанч халсан тухай зарим Монгол, Төвдийн түүхийн тэмдэглэлүүд хоорондоо зөрүүтэй бичигдсэн байдаг юм.

 

YI дүрийн Манзушир хутагт Лувсанбалданчүлтэмжамц Цэрэндорж

 

 

Манзушир ламтан Цэрэндорж бол Бүрэнт засагч хааны 12дугаар он буюу  1873 онд Халхын газар Богд Жавзандамбын их шавь отогийн нутаг Богд хан уулын баруун суга Тайнь амны Их ноёны зуслан хэмээх газар мэндэлжээ. Манзушир лам Цэрэндоржийн эцэг Самбадондов тайж хамжлагынхаа хамт Архангайн Наянтай вангийн хошуунаас Богдод өргөгдөн нүүж ирсэн байна. Шинэхэн ирсэн тайжийг Замбутив тайж гэдэг байлаа. Энэ айл голдуу Богд хан уулын баруун сугаар Бөхөг Түргэний эхээр нутагладаг,  олон адуутай айл байсан гэдэг. Замбутив тайж нэгэн өдөр адуугаа залаад харьж явтал гэр дээр нь таван өнгийн солонго татахыг хараад ихэд гайхжээ. Бие давхар хатан Бумбандолгороос нь хүү мэндэлсэнд нутаг усныхан ахайтнаас ер бусын хүү мэндэлсэн гэлцжээ. Ингэж YI дүрийн Манзушир ламтан Цэрэндорж ХҮ жарны усан тахиа жилийн өвлийн сүүл сарын шинийн найманд төрсөн гэдэг.

Тэрээр ҮШ Богдоос 4-5 насаар дүү байжээ. Энэ үед өмнөх Ү дүрийн  Манзушир ламтан Рэнцэндорж таалал төгсөөд 5 жилийн нүүр үзэж байсан бөгөөд ламтаны хойд дүр хаанахын хэнийд төрөх бол хэмээн аждаг байжээ.

Замбутив тайж хийдээс нэг лам залж сан даллага авахуулан хүүгээ угаахад нь ламтнаас Цэрэндорж буюу “Урт наст очир” гэдэг нэр хайрлаж цэвэр цэмцгэр сайхан өсгөж, таван нас хүрмэгц хийдэд суулгаж ном үзүүл гэжээ. Ингэж байтал Богд Жавзандамба хутагтаас  элч илгээж Замбутив тайжийнд төрсөн 5 настай хүүг шинжиж урьд эдүгээгийн шинж тэмдгийг байцаан үзэж Богд өөртөө болон Ёнзон багштан, яаманд мэдээ сонсгол барь гэжээ.

 Элч нар өлзий билгийг сэтгэн Богд хан уулаа нар зөв тойрч айл айл дамжин найрлаж хүмүүсээс элдвийг мэдэж тэмдэглэсээр Тайны аманд Замбутив тайжийнд буужээ. Ёс төр барьж цай идээ, айраг цагаа болцгоотол 4 настай Цэрэндорж хүү гаднаас орж ирээд эхэнд суусан элч ламтаны өмнө очиж нарийн хараагаар харж, “алив байз, энэ чинь миний хэрэглэж байсан цовхор аяга (төвдийн сайн үндсэн тагш), зандан эрхи, хаш хөөрөг байна. Та нар хаанаас олов?” гэж хэлээд маш нарийн хараагаар дахин дахин үзэж гэнэ. Урьд заларч байсан Манзушир ламтаны хэрэглэж байсан зүйлүүдийг бүрнээ таньсан нь тэр байжээ.

Бас өмнөх дүр нь юм харахдаа нүдээ онийлгож хардаг учир “нарийн хараа” гэдэг байжээ. Ингэж Цэрэндорж хүү урьд дүрийн Манзушир ламтануудынхаа юмыг бүрэн таньснаар зогссонгүй дөрвөлж араг дээр эсгий дэвсгэр олбог давхарлаж тавиад дээр нь суугаад хүүхдүүдэд номоор адис тавьж, морь унаад заавал хүүхдээр хөтлүүлэх мэт тоглодог байжээ.

Бадаргуулт төрийн цагаан луу жил буюу 1880 онд 7 настай байхад нь ширээнд залж 16 настайд нь Их Хүрээний шүтээний аймаг, мөн Гандангийн Дашчойнпэл дацанд шавилан суулгаж хоёр уншлага буюу Хангал магтаал ерөөл төгсгөжээ. Их хутагтын алдарыг хүлээсэн Цэрэндорж багаасаа ном эрдмийн мөр хөөж Их Хүрээний Ёнзон хамба Балданчойнпэл, гавж Жигжид нараас гэлэн санваар хүртэж Лувсанбалданчүлтэмжамц гэдэг алдартай болжээ. Тэгээд 1883 оны Шар хулгана жил Дашчойнпэл дацанд заларч 1892 он буюу Хар луу жилд 20 настайдаа домын дамжаа барьж улмаар зиндаа өгсүүлэн гавж болжээ. Олноо өргөгдсөний тэргүүн он буюу 1911 онд 39 настайдаа хүрээний Жүд дацанд Агримбын дамжаа барьжээ. Манзушир ламтан Цэрэндорж нь бие лагшин сүрлэг, нуруу гуалиг, эгц, шулуун, мэлмий тунгалаг, чих, тэргүүн том, гар нь газар хүрэх мэт Манзушир бурханы 32 билэг чанар, 60 үлгэр зураг бүрдсэн гэгээн хутагт байжээ.

Түүний таалалтай зүйл бол эрийн гурван наадам, морь, бөх, сур байлаа. Өөрөө хурдан морь, хүчит бөхийг сайн таньдаг учир Халх долоон хошуу наадамд таван насны морь уяж, бөх болон сур харваачдаа явуулдаг. Тийм учраас Манзушир ламтаны наадам хурдан хүлэг, мэргэн харваачаар Богдын их шавь, отгуудаар барахгүй Халхад алдаршсан гэдэг. Тухайлбал: Долоон хошуу даншиг наадамд Манзушир ламтаны “Монхор” хэмээх бор хээр их насны морио түрүүлсэнд, унасан хүүхдийг дээлийн торгоор шагнуулж, Дээрхийн асрын үүдэнд цол өргүүлж байжээ. Тэр жилд ламтаны гавж, дом хоёр давхарласан учир их баярлаж ийм их баяр над шиг хутагтын (цомбо)-д тааралдахгүй гэж айлдаж байсан гэдэг. Манзушир ламтаны өөрийн шавь отог болох Сономдоо мэргэний отог, Ламын отог, Гомбожавын отог (Одоогийн Төв аймгийн Сэргэлэн, Бор-Өндөр, Баян-Өнжүүл, Баянцагаан зэрэг сумд хамарсан нутаг) Бөхөг Түргэн, Шархай, Хонхор нуур, Олон дов гэх зэрэг газар "Манзушир ламын” бөх, морь, сур, шагай харвах наадам хийж байжээ.

Ламтан өөрөө “Говийн лха”, “Хийморь лүндаа”, Осоржам бурханы лүнг лам, хар олон түмэнд хайрлаж, морь унах, гийнгоолох сургууль дадлагыг олон хоногоор бэлтгэж, Жүрмэд, Бүрэнтөгс, Гочоо, Лувсанцэдэн зэрэг уртын дуучдыг ирүүлж найр хурим хийдэг байжээ. Манзушир ламтан бөх сайн таньдаг байсан учир Их шавийн Гомбожав гэдэг бөхийг долоон хошуу наадамд барилдуулсан нь заан цолтой болж байв.

Манзушир хутагт Цэрэндорж нь алт, мөнгөөр “Сандуйн жүд” буюу “Нууц хураангуй үндэс”, “Доржжодов” буюу "Очироор огтлогч” судруудыг Дагва дарханд захиалга өгч бүтээлгэсэн юм. Эдгээр номыг 52 кг буюу 1460 лан алт, мөнгөөр бүтээсэн байна. Энэхүү их алт, мөнгө нь  хосгүй  уран дархан Дагвын сод авъяас үлэмж хүч гарган зүтгэсний үрээр номд шингэж Монголын төдийгүй дэлхийн хосгүй ховор оюуны ба урын санд байр эзэлсэн нь эдүгээ Улсын төв номын санд хадгалагдаж байна. Уран дархан  Дагва нь 1860 онд Түшээт хан аймгийн Манзушир хутагтын захирсан отог буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Авдархангай уулын хавьд төрсөн хүн байжээ. Дагва дарханы алт мөнгөн энэ хоёр судрыг бүтээж гүйцээхэд  Манзушир ламтан ганцхан цоохор даш хадаг барьсанд хүмүүс шуугиж яагаад их шагнадаггүй юм бол гэсэнд Дэрэндорж ламтан дуулаад өөрөө өөртөө алт мөнгөөр үүрд дурсгал босгож байгаа бурхан хүнийг би шагнаад яахав гэж айлдсан гэдэг.

Манзушир ламтан өөрийн хийд, Нийслэл хүрээ хоёрын хооронд ээлжлэн морилж эрдэм ном болгоохын хамт Богд хаант засгийн газрын эрх баригчдын бүрэлдэхүүнд багтсан томоохон долоон хутагтуудын нэгэн болох учир улс төрийн янз бүрийн ажилд оролцсоор иржээ. Манзушир хутагт Цэрэндорж нь Богдын шашин төрийн ордны дотоод ажлыг зөвлөн гүйцэтгэж, шашин лам нарын асуудлыг голлон хариуцаж байсан юм. Хурал номын жаяг дүрэм сахиулах, хүрээ хийдийг цэвэр цэмцгэр хөгжүүлэх, Богд Жавзандамбын шашин төрийн дотоод бодлогыг нарийн барьж, эзэн Чингисийн төрийн эрхэм ёсыг дагуулах, бусад улс гүрэнтэй харилцах мэт асуудалд Монгол ёсны байр суурьтай хандах нарийн төвөгтэй асуудал Манзушир хутагтад үе үе тулгарч байлаа.

ХҮ жарны “Барагдагч” хэмээх шар бар жил буюу 1938 онд Монгол оронд их гай нүүрлэж, эхлээд сүм хийдүүд, лам нараа, төрийн эрдэмтэн мэргэдээ хүйс тэмтрэн устгах улаан яргалал эхэлсэн билээ. 1937 оны эхээр Х.Чойбалсан Зөвлөлтийн Дотоод Яамны Ежовт захидал бичихдээ: "Бид саяхан 3 гишүүн бүхий комисс байгуулан 25 том толгой лам нарыг баривчлан авч туйлын зохистойгоор шийтгэсэн гэжээ.

Эдгээр явдлыг түргэвчлэн эхлэж юуны түрүүн Манзушир хутагт Цэрэндоржийг баривчлан авч:

-Та Японы тагнуул, Гандан хүрээний эсэргүү бүлгэмийн удирдагчийн нэг мөн биз дээ? гэж байцаасанд ламтан:

-Би биш байх, та нар хүнээ олж аваад байцааж үз. Ер нь “сүү, цус” хоёрыг нэг саванд хийдэггүй шүү гээд дуугарсангүй. Тэгээд шүүхийн дарга Даншийцоодол, баруун чойрын гэвш лам байсан Хаймчог зэрэг аль урдаа барьдаг байцаагч нараар ээлжлүүлэн байцаалгаснаар нэг ч өчиг авч чадалгүй буудан алах ял тулгаж байжээ. Тэр үед ламтаны зөвхөн нэг анкет бичсэнийг сийрүүлвээс: С.Цэрэндорж миний бие одоо 65 настай. Төв аймгийн Сэргэлэн сум, урьд Донхор Манзушир хутагтын YI дүр гэж залагдсан, тусгай шавь отог 1800 гаруй шавийг захирч явсан. Автономитын үед Ерөнхий сайд, тайж Эрэгдэндагвын хэрэгт холбогдож 10 жилийн тэнсэнгээр шийтгүүлж байсан. Дашчойнпэл дацанд гавж, Зүүн хүрээнд агримба зэрэг мяндаг тус тус хүлээсэн. Мөн энэ завсар Эрдэнэ зуу, Егүзэрийн хийд, Баянтүмэн, Угтамын хийд, Баруун зүүн Чойр, Жанчивлан хийд зэрэг газар 2-3 удаа очиж лүн ван тавьж, олон шавьтай болж чухам тоог мэдэхээ больсон гэжээ. Манзушир ламтаныг хилс хэрэгт тулгаж байгаад 1937 оны 10 дугаар сарын 7-ны шөнө 00 цаг 42 минутад цаазлан хороожээ. Манзушир хутагт С.Цэрэндоржид холбогдох 3337 тоот мөрдөн байцаалтын хэрэг, БНМАУ-ын прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр Дээд шүүхийн мөрдөн байцаалтын бүгд хурлаас хянан хэлэлцэж 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолоор цагаатгасан билээ.

Багшийг тахихуйд үнэнхүү шамд

Зургийн цомог