kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Сургааль

Мөрийн гурван эрхэмийн тайлбар


Tweet

Бурханы айлдсан эрхэм зарлиг бүгдийн шимийн утга нь үнэмлэхүй үзэл. Бодхисаттба нарын сайшаасан мөр нь бодхи сэтгэл. Нирвааныг хүсэгчдийн орц олом нь магад гарахуй мөн. Эдгээр гурвыг мөрийн гурван эрхэм хэмээн нэрийддэг. Эрхэм зарилгийн шимийн утга нь зөвхөн үнэмлэхүй үзэл юм байна. Нөгөө хоёр нь биш гэж ойлгож болохгүй. Учир нь Богд лам бээр айлдахдаа эрхэм зарлиг бүгдийн шимийн утга, Бурханы хөвгүүдийн сайшаасан мөр, тааллын туйл, нирвааныг хүсэгч хэн боловч суралцах суртгаал, орох орц нь үнэмлэхүй үзэл, бодхи сэтгэл, магад гарахуй гурвуулаа мөн хэмээсэн. Бурханы эрхэм зарлиг бүгдийн тааллын мухар, эцэстээ хүрэх газар нь шавь нарыг гэгээрэлд хөтлөх бөгөөд түүнд хүрэх мөрийн аньс бүгдийг мөрийн гурван эрхэмд хураасан юм. Орчлонг зовлонгийн мөн чанартайд үзэх оюун сэтгэлд төрөөгүй цагт түүнээс хүмүүний сэтгэлийг буцаах арга үгүй. Тиймээс энэ үесийн орчлонгийн амгаланд юм уу хотол чуулганд шунах сэтгэлийг нь буцааж чадахгүй тул эцэстээ гэрэлд шунах эрвээхийн эрхэмд хураасан юм. Орчлонгийн ёроолын ёроол нь “Би”-д барих мунхаг юм. Гэвч, шавар балчигт дурших гахай мэт орчлонгоос гаръя гэх бодол төрөхгүй байгаагийн шалтгаан нь буюу хүлээс нь шунал. Энэ нь эндүүрлээс үүдэлтэй. Орчлонд бид үйл, нисваанисийн эрхээр төрөл авсан. Тиймээс уг үндэс нь ариун бус бол үр салаа нь ариун нэгэн гарахын ёсон үгүй. Нэн ялангуяа амин хувиа гэсэн үзлийн атхагт хүлээстэй ахуйд бие, хэл, сэтгэлээр хийсэн буян үйл гадна үзэгдэх байдал, дотор өвөр чанар хоёр нь эрс тэс байхыг үгүйсгэх аргагүй. Чухам иймээс л орчлонгийн амгалантай, жаргалантай гэх бүхэнд сэтгэл ээнэгшиж, үнэн мөнд барьж болохгүй ээ. Орчлонгийн амгалан бүхэн урвахаараа зовлон болдог хэмээн мэргэд сургамжилсаныг бүү март. Хичнээн хураан хумиж, эзэгнэн захиравч орчлонгийн ахуй зүйлсийг эдлэхсэн, эзэгнэхсэн гэх аван идэх, алдаршин магтагдахыг хүсэгч сэтгэл ханаж цадах нь хэзээ ч үгүй. Төрсөний эцэст үхэх, хураасны эцэст барагдах, өндрийн эцэст нурах зэрэг орчлонгийн жам ёсыг тунгаан оюунаа сэхээрүүлж орчлонгоос шунлаа буцаан, улмаар магад гархуй сэтгэл лүгээ учран золгохын хувь тэр үеэс эхлэн таны сэтгэл оюунд бүрдэх болно. Товчдоо, орчлонд зүүний үзүүрийн төдийн амгалан үгүй. Орчлонгийн хаана ч төрсөн зовлонтой. Орчлонгийн юуг ч эдэлсэн зовлонгийн төгс эдлэлээс хэтрэхгүй. Тиймээс үйлийн үр, орчлонгийн гэм эргүүний тухай зөв танин мэдхүйг олох нь магад гарахуй сэтгэл төрхийн хөрс бэлтгэл болдог. Үүний тулд Бодхи мөрийн зэрэгт бага төрөлтний мөрийг бэлтгэл болгон үйлийн үрийн авах орхихын ёсонд суралцуулдаг. Орчлонгийн магад гарахыг хүсэгч сэтгэл төдийгөөр хүсэл зориг ханах нь зохисгүй. Учир нь түүнийг бодхи сэтгэлээр хамжин тэтгэж өгөхгүй бол ханьцашгүй бодхийн хотол чуулган амгалангийн шалтгаан болж чадахгүй. Тиймээс асар ариун бодхи сэтгэлийг үүсгэх ёстой. Асар ариун хэмээхийн утга нь их хөлгөний мөрөөр оюунаа судлагч бодьгал нь өөрийн тусад бус бусдын тусад гэх үүднээс сэтгэл үүсгэдэг учир бөлгөө. Улмаар бодхи сэтгэл нь ч чухам асар ариун бөгөөс ерөөхийн болон орохын бодхи сэтгэлийн хүч чадал нь ч тэр адил болохын тул ийн нэрийдсэн ажээ. Бодхи сэтгэлийг үнэхээр ариун үүсгэснээр Их хөлгөнтөн болох учиртай. Их хөлгөнтөн нь мэдлийн түйтгэрийг тэвчихэд суралцдаг бөгөөд тэвчихийн хотол чуулганыг үрд нь олдог. Энэ нь нисваанисийн түйтгэрийг тэвчихэд суралцагч Бага хөлгөнтөнд байдаггүй хотол чуулган юм. Мөн Их хөлгөнтөн нь янагуух болон үнэмлэхүйн үнэнийг нэгэн зэрэг болгоох эрдэмтэй тул онолын хотол чуулган төгссөн байдаг. Харин энэ онолын хотол чуулган нь мөн Бага хөлгөнтөнд байдаггүй. Бусдын тусыг хааяа нэг өчүүхэн төдий үйлдэхээс бус хотол чуулган үл болгогч Бага хөлгөнтөнөөс Их хөлгөнтөн нь үлэмж ялгаатай бусдын тусыг хотол чуулган болгосон байдаг. Энэ бүхний уг шалтгаан нь бодхи сэтгэл их эрдэнэ л мөн юм. Их хөлгөнтөн нь их нигүүслэлийн эрхээр амьтаны тусыг бүтээхийн тухайд арга билгийг хослон барилдуулахын тулд Бодхисаттбын явдал буюу зургаан билиг брамид, хоёр зэрэгт суралцдаг.

Зургаан билиг брамидад суралцаж, Бодхисаттбын яруу алдрыг хүртсэн дээдсийн цадиг түүх санаанд багташгүй. Тэр бүхнээс Маанийн зургаан үсгэнд холбогдох нэгэн тайлбарыг хүргэе. Маанийн зургаан үсгэнд найман түм дөрвөн мянган номын цогц бүгдээр багтдаг. Тиймээс ном бүгдийн шим утга, таван язгуурын амгалан ажирагсад болон нууц тантрын аймгийн ч зүрхэн, эрдэм бүгд гархын орон, шид бүтээл бүгдийн ёзоор мөн болой. Мөн маанийн зургаан үсгийг урин уншиж, эгшиглүүлэн дуудваас “Эрдэнэ, лянхуа юм уу эсвэл лянхуа эрдэнэ баригч бээр намайг аврагтун” хэмээсэн утга хэмээн ерөнхийлөн ойлгож болох бөгөөд ингэснээр урин уншигч хэн бээр боловч түүний сэтгэл үндсэнд асрах, нигүүлсэх, бодхи сэтгэл төрөх хүртэл ач тустай билээ. Төвөдийн номт хаан Соронзон Гамбу бээр маанийн зургаан үсгийг урин уншсанаар зургаан билиг барамидийг төгсгөсөн гэдэг. Учирыг нэхэн үзвээс ийм ажгуу.

       “Ум”-аар өглөгийн билиг барамидийг төгсгөх утгыг илэрхийлнэ. Өглөг нь харамт сэтгэлийн ерөндөг бөгөөд гурван зүйл. Эд өлөгийн өглөг, номын өглөг, аюулгүйн өглөг юм. Харамт сэтгэлийн хүчийг чухаг дээд гуравт тахил өргөх тэргүүтэн аргаар сулруулан дарж болох тухай сударт олонтаа тэмдэглэсэн байдаг.

       “Ма”-аар шагшаавадын билиг барамидыг төгсгөх утга илэрхийлнэ. Цалхай явдалын гэмийг тэвчиж, ам авсан тангараг санваарыг ёсчилон хичээснээр санваарыг ариунаар сахих учиртай. Шагшаавад нь гэмт явдлыг боомтлохын шагшаавад, буян номыг хураахын шагшаавад, амьтанд туслан үйлдэхийн шагшаавад хэмээх гурван зүйл. Шагшаавад нь шашин дэлгэрхийн суурь бөгөөд гурван суртгаалын нэгэн юм. Гурван суртгааль нь шагшаавадын суртгаал, самадын суртгаал, билгүүний суртгаал хэмээх эдгээр болно.

        “Ни”-гээр тэвчээрийн билиг барамидыг төгсгөх утгыг илэрхийлнэ. Өш хонзонг тэвчих тэргүүтнээр тэвчээрт суралцдаг. Тэвчээр нь гурван зүйл бөгөөд нэгд, зовлонг шуудаар авахын тэвчээр, хоёрт, номд магадтай онохын тэвчээр, гуравт, хорлолд үл ажирахын тэвчээр эдгээр юм.

        “Бад”-аар хичээнгүйн билиг барамидыг төгсгөх утга илэрхийлнэ. Муу зан сурсан залхаг сэтгэлийн гэмийг тэвчих замаар хичээнгүйд суралцдаг. Хичээнгүйд гурван зүйл буй бөгөөд нэгд, үл шантрах хичээнгүй, хоёрт, үл уйсахын хичээнгүй, гуравт, хөө хуяг мэт хичээнгүй эдгээр билээ.

         “Мэ”-гээр самадин билиг барамидыг төгсгөх утгыг илэрхийлнэ. Сэтгэл оюун алгасрахын гэмийг тэвчихийн тухайд самадид суралцдаг. Самади нь нэгд, амарлин оршихуйн самади, хоёрт үлмэж үзэхүйн самади, гуравт хослон ороохуйн самади хэмээх гурван зүйл.

          “Хум”-аар билгүүний билиг брамидад суралцхын утгыг илэрхийлдэг. Мэдэмсрийн цалхайралыг тэвчих аргаар суралцах бөгөөд мөн гурван зүйл. Нэгд сонссоноос гарах билгүүн, хоёрт санаснаас гарах билгүүн, гуравт бясалгалаас гарах билгүүн эдгээр болой.

Маанийн зургаан үсгийг энэ төдийгүй олон янзаар тайлбарласан нь бий. Маанийн зургаан үсэг нь Бурхан бүгдийн нигүүсллийг өөрийн дүрсэнд ургуулсан хутагт Мэлмийгээр дурайтал болгоогчийн алдар мөн. Бодхи сэтгэлийг ерөөхүйн болон орохуйн сэтгэлийн үүднээс бүрдүүлэн үүсгэх нь тус эрдэм ихтэй. “эх болсон нугууд” хэмээх дуунаар хамаг амьтанд сэтгэл тэгширч, “эх” гэдэг үгээр өөрийн энэ насны эх мэт мэдэх оюун төрнө. Ингэснээр ээжийнхээ хэрхэн тээж, хэрхэн ачлан өсгөж бойжуулсаныг санахаар эх болсон хамаг амьтан бүхний тусалсны хариуд ачийг санах, хариулах, асрах, нигүүлсэх, үлэмжийн сана нугууд зэргээр төрж бодхи сэтгэл үндсэнд мэндэлдэг ажээ. Энэ бүхнийг үлгэрлэвэл зургаан зүйлийн амьтны төрлийн орон нь их үер ус адил, түүнд хамаг амьтан төрсөн байгаа нь хөл гар нь хүлээстэй хөвж яваа мэт юм. Тэгвэл эхэд мэдэх гэдгээс дараалан дүйлгэж ойлгуулбал үер уснаас гаргаж, хүлээсийг нь тайлж, улмаар шорон гяндан мэт төрлийн орныг эвдэлж, хамаг амьтныг амгалан зам мөрт хөтлөн, идээ, хувцас тэргүүтнийг өгөх нь тэр үесийн зовлонгоос нь гэтэлгэж, орхих тэвчих ёстой суртгаалд суралцуулж байгаа юм. Дээр дурдсан магад гарахуйн санаа, бодхи сэтгэл нь гэгээрлийн арга, билгийн хоёр талын арга тал юм. Энэ нь сэтгэл санаагаа ариусгах арга болдог хэмээх утга. Эдгээр дээр билгийн тал буюу оюун ухааны төгөлдөржилт нэмэгдэхүй бол гэгээрэлд төгс утгаар хүрэх боломжгүй. Учир нь зовлонгийн хамгийн гол үндэс нь мунхаг. Түүний улмаас юмсын оршихуйг бүрэн таниж чадахгүйгээр үлдэнэ.  

Зургийн цомог