Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг
Хутагт мэлмийгээр болгоогчид мөргөмүй
Мигжэд Жанрайсиг бурхан хотол баясгалангийн наран саран гэрлийн төвд цэцгэн мандалд хөл дээрээ тэгш босож өмнөд хоёр мутраараа номын төгс утгыг хураасан тарнийн чагжа тэмдэг зохион, дээд хоёр мутартаа амьтан болгоныг алагчаалалгүй үзэх толь, рашаан бүхний шим дээж бүхий бумба барин бүхэнд туслахын амгалан тайван үйлсийг бэлгэдэн, эрдэнийн дун адил цагаан баринтагийг лагшиндаа асааж. Таван язгуурийн үзэсгэлэнт тэмдгийг тэргүүндээ өргөөд, алагчлал үгүй сэтгэлийн, тусыг гийгүүлэгч мишээнгүй номхон дүрээр амьтныг энэрч, сайн үлсийн хүсэл бүхний шимийг болгоон ширтэж, эхлэл болоод төгсгөлгүй цагийн чинад, орон зай цаглашгүйгээс энэрэл бүхнийг өршөөхүйн утгыг илт биесээ гэрэлтүүлэн байдаг шүтээн юм.
Мигжэд Жанрайсиг бурханыг бүтээсэн түүхээс
Анх 1911 онд богд “Живзундамба бээр Мигжэд Жанрайсиг бурханыг наян чи хэмжээтэй бүтээлгэвээс нэн сайн” хэмээн лүндэн буулгаснаар сайшаал дэмжлэгийг олж Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө төрийн мэлмийг амгалан, гэгээн болгох хоёр их хэргийн үүднээс бүтээн олноо өргөгдсөний гуравдугаар оны зуны эхэн сарын шинийн 7-нд Жанрайсиг дуганы дотор түмэн Аюуш бурханаар хүрээлүүлэн оршоож “Дашням равнай”, “Бат-өлзий” өргөх ёслолыг таван өдөр дараалан үйлдэж нийт олноороо чин бишрэл үүсгэн хуран чуулж залжээ. Гэвч энэхүү хосгүй үнэт шүтээн 1935 онд хэлмэгдүүлэлтэд өртсөн байна.
1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч сүсэгтэн олны болон Соёлын сан, МУЭХ, Гандантэгчэнлин хийдийн саналыг дэмжин Мигжэд Жанрайсиг бурханыг дахин залах тухай 33 тоот зарлиг гаргаж төр, ард түмнийхээ өргөн оролцоотойгоор их шүтээнийг дахин шинээр бүтээж 1996 оны 10 дугаар сарын 25-27-нд их “Дашням равнай” өргөн 2 дахь удаагаа залсан түүхтэй.
Мигжид Жанрайсиг бурхан төр түмний их шүтээн
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж уг шүтээнийг урлан бүтээх, цогцлоон равнайлах ажлыг БНМАУ-ын засгийн газарт даалгахын зэрэгцээ энэ их ажилд бүхий л талаар дэмжин оролцсон явдал нь Мигжид Жанрайсиг бурханыг улсынхаа хойморт төрийн их шүтээнээр нандигнан залж байх төрийн бодлого юм.
Мигжэд Жанрайсиг шүтээнийг дахин залах тухай ард иргэд, сүсэгтэн олны санал санаачлагыг МБШТөв Гандантэгчэнлин хийд тухайлбал:
Хамба Т.Дамдинсүрэн “Бурхан бол өөрөө хаа ч бэлэн байдаг бөгөөд хаана биеийг бүтээнэ, тэнд адистэдээ оршоодог ёстой. Олон түмний оюуны нүд нээгдэж байгаа үе тул Мигжид Жанрайсиг бурхан залран ирэх цаг нь мөн. Жанрйсигийн хувилгаан Далай багш өөрөө манай лам нарт нэг нэг Жанрайсиг явуулсан. Энэ үед Монголд Жанрайсиг залрах цаг болсон гэж байгаа үг юм гэж бид ойлгоод байгаа” хэмээн айлдсан нь,
Хамба Х.Гаадан “Энэхүү Жанрайсиг бурханыг манай өвөг дээдэс сүсэг сэтгэлээ өргөж түүний тухайлалгүй (зоригдолгүй) энэрдэг шимийг санаж бурхан дээдсийн зарлиг лүндэнд дурьдсан ёсоор бүтээсэн тэр өдрөөс хойш бидэнд өршөөлөө ивээсээр ирсэн юм шүү гэж айлдсан нь,
Хамба лам Д.Чойжамц “Мигжэд Жанрайсиг шүтээний бүтээлийн үлсэд даган баяссанаар аливаа зовлон гамшиг, өлзий бус бүхнийг амирлуулж буян хишиг дэлгэрүүлэн, хотол олноор ариун шимийн дээд утгыг танин гэгээрч, төр улс, түмэн олны билгийн мэлмийг цог төгөлдөр болгогч их бурхан энх амгалан бүтэж, Монгол улсын тусгаар тогтнол өнө бат байхын сахиус болохын учир бүрдмүй. Буян сүсэг арвидах болтугай” хэмээн сүсэгтэн олон түмнээ дэмжин уриалан дуудсан зэрэг нь Мигжэд Жанрайсиг бурханыг түмэн олныхоо шүтээннд нандигнан залж байх Монголын бурханы шашны бодлого юм. Ийнхүү төр, шашны бодлого Мигжэд Жанрайсиг бурханыг шүтээнээр залхад нэгдсэн сайхан түүхтэй.
Жанрайсиг бурханы сүншиг
Мигжэд Жанрайсиг их шүтээнд сүншиг өргөх зан үйлийг удирдан зохион байгуулсан цорж лам Г.Диваасамбуугуай “Их нигүүлсэгч Мигжэд Жанрайсиг бурханд сүншиг өргөсөн гарчиг Нигүүлсэнгүй хурыг буулгагч” хэмээх номдоо сүншиг өргөхдөө Жанжаа хутагтын “Тогтоол өргөх гарын авлага болор толь” хэмээх айлдварт суурилуулан урьдын мэргэд дээдсийн гарын авлага олныг нягтлан судалж дур зоргоор үйлдэх гэмээр буртагдуулалгүй бүтээсэн гэж дурьджээ. Дээрхийн гэгээнтэн Далай багш “Сүрлэг том Мигжэд Жанрайсиг бурхан бүтээж байгаа нь юутай сайн. Их бурхны сүншиг жинхэнэ шашны ном ёсаар нь, аль болох нандин сайн хийхийг чухалчлаарай” хэмээн захиад Бурхан багшийн өмнөх Одсүрэн бурханы шүдний пэлдэн, судар тарнийн ном, Богд Зонхова болон түүний шавь нарын зохиол бүтээл, тэдний лагшиндаа асааж байсан намжирын хэсэг, мөн өөрөө өвөртлөн ирсэн Бурхан багшийн ринсрэл, их бурханыхаа зүрхэн тус нандин газарт залаарай хэмээн манай Богд нарын өмнөх дүр Жонон Дарнатыг шүтэж байсан удаа дараагийн Далай багш нарын тэргүүний үс, XIII Далай лам, Х Ванчин богд нарын гарын ураар бүтсэн бурхадын дардас, Бурхан багшийн дүрийг цагаан хадгийн хамт өргөсөн бөгөөд мөн бурханы бумбыг равнайлан адислаж өгсөн нь их шүтээнээ нандигнан залахыг хүссэн Монгол хүн бүрийн сэтгэлд наран мандсан адил үйл явдал болжээ.
Мөн тухайн үед Энэтхэгт суралцаж байсан Г.Пүрэвбатыг сүншиглэн бүтээх ёсонд суралцуулж шашны зөвлөхөөр ажиллуулсан бөгөөд
Энэ тухайд Г.Пүрэвбат ламтан: Намайг Энэтхэг улсад сурч байхад Соёлын сайд Н.Энхбаяр гуай тэнд очихдоо уулзаад “Жанрайсиг бурханаа бүтээж байна, сүншигийг нь Монгол хүн өөрсдөө хиймээр байна. Тиймээс чи энд сурч байгаа урлагийн хүн учир үүнийг судлан мэдэж ирнэ үү” хэмээсэн юм. Мөн ерөнхийлөгч Очирбат гуай Энэтхэгт суугаа элчин сайд Чулуундорж гуайд “Энэ хүнийг байх үед ямар нэгэн асуудал хүндрэл тулгарвал бүх талаар туслаж дэмжээрэй Монголын шашны уламжлалыг сэргээх зорилготой явж буй хүү юм, дэмжих ёстой” гэж хэлсэн. Ингээд Элчин сайдын яам, консул байсан Нямдаваа гуай нар их тусалсан. Тэгээд Соёлын сайдын тушаал гарч Жанрайсиг бурханыг бүтээх шашны зөвлөхөөр намайг томилсон.
Жанрайсиг бурханы үүсэл
Урьд нэгэн цагт Хутагт мэлмийгээр болгоогч бээр Аминдаваа бурханы өмнө “Зовлонгийн их далай орчлонг хоосортол амьтан бүхнийг нэгийг ч хоцроолгүй гэгээрэлд хүрэхээс наана бодь сэтгэлээ доройтуулбал толгой минь есөн салаа, бие минь мянган хэсэг болж хагарах болтугай” хэмээн таалал үүсгээд өдөр шөнийн зургаан цагт билгийн мэлмийгээр болгоон үзээд хэнийг ямар нь номхруулахаар байна тэр биед хувилан амьтаний тусыг хязгааргүй зохиосон ажээ. Тийн үйлдээд “Би хэмжиж тоолж баршгүй үй олон амьтныг өөд татаад Энхжингийн оронд төрүүлж хүргэж үл няцах газарт багтуулсан тул эдүүгээ орчлон хоосорсон буй заа” хэмээн таалалдаа болгоон бодов гэнэ. Тэгээд Бодлан уулын оргил дээрээс зургаан зүйл амьтныг билгийн мэлмийгээр болгоон үзсэнд амьтаны ертөнц өчүүхэн ч цөөрсөнгүй бөгөөд нисванис нь дэвэрч ширүүссэн байсанд “Аяа орчлон хязгааргүй, амьтан хязгааргүй хэмээн бурхдын айлдсан үнэн ажээ” хэмээн болгоогоод “Эдүүгээ би орчлонг хоосолж чадаагүй тул өдгөө амирлангуй нирваанд орштугай хэмээн сэтгэл толгой нь арван салаа, бие нь мянган хэсэг болж хагарав гэнэ. Тэр үед цаглашгүй гэрэлт Аминдаваа тэргүүтэй бурхан залран ирээд “Ингэх нь зүй бус, үүнийгээ наманчилан зрсаад улам илүү сэтгалийг үүсгэгтүүн” хэмээн зарлиг болсонд Мэлмийгээр болгоогч “Урд чадаагүй атал түүнээс агуу ихийг бүтээх арга хаа ч үгүй” хэмээн болгоогоод уйлж хайлж ухаан алдаж унаад сэргэхэд нь Аминдаваа бурхан өөрөө түүнд залран оршоод мянган хэсэг зрдарсан биеийг нь мянган мутар болгон адислаад амьтныг өөд татахад тань нөхөр болно” хэмээн айлдахад Арван зүгийн буахан бодьсадваа нар ч цуглаж ирээд “Чи сэтэлээ дахин ихээр үүсгээд амьтны тусыг үйлдтүгэй, бурхан бид бүгдээрээ амьины тусыг үйлдэхэд нөхөр тань болё” хэмээн айлдаад хутагт Мэлмийгээр болгоогчийн бие лагшинд шингэг ошив гэнэ. Ийнхүү хамаг бурхадын нигүүлсэл дүлсэнд ургасан, гэгээн гэрлийг буй бүх ертөнцөөр түгээгч, амьтны тусыг бүтээгч, бурхадын их нигүүлсэнгүйг бүрэн гүйцэд хураасан хутагт Мэлмийгээр болгоогч эрх баялгийн таалалтай ялгалгүй нэг мөн чанартай болжээ.
Жанрайсиг бурханы олон дүр
Нэг улс хөгжихөд улс орноо гэсэн нэгэн зорилготой боловч батлан хамгаалах, худалдаа наймаа, газар тариалан, хүнс гээд олон агуулга багтаадаг. Яг үүнтэй адил хамаг бурхан бүгдийн таалал нь нигүүлсэнгүй хэмээх нэгэн мөн чаратай гаднаа нүдний өвчнөөс сэргийлэхийн тулд боловч цаад утгандаа билгийн мэлмийг нээхийн тулд Жанрайсиг бурханыг хувилуулдаг бөгөөд Арьяабал, Логишура, Жигдэнванчуг зэрэг гуч гаруй дүр байдаг. Сайн цагийн мянган бурхан бүгдийн үйлсийг бутээхийн тулд Чагдонжандон Жанрайсиг буюу мянган мутарт мянган мэлмийн Жанрайсиг, Язгуурын гурван бурханы мөн чанартай Богд ламын Ригсүм гомбын Жанрайсиг нь дөрвөн мутарт, амарлингуй царайт цагаан өнгөтөй Нагши, мөн найман айдсаас аврагч Жигжид Жанрайсиг гэх зэрэг олон байдаг боловч мөн чанар нь нэг юм.
Жанрайсиг бурханы тус эрдэм
Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйгээр амьтныг тэтгэж алив амьтны жаргалд харшлах шалтгаан бүхийг арилган, ариун бус, өвчин турхан, гай зовлон, гүгэл хилэнц, оюун ухааны хир, нүдний гэм бүхнийг ариусгах, эв зохисыг олох, буян хишиг дэлгэрүүлэх, онол сургаалын эрдэм бүхнээр гийгүүлэн, ариун бүхний шимийн дээд утгыг мэдүүлэн, шид бүтээлийг үүсгэхэд үтэр түргэн туслахын тангарагийг сахигч нь Жанрайсиг бурхан юм. Жанрайсиг бурхан гурван цагийн хамаг тэгүнчлэн ирэгсэд бүгдийн нигүүлсэнгүй дүрсэнд ургасан лагшин агаад амьтны тусыг үйлдэхийн тул амарлиулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийг бүтээдэг.
Маань тарни бүтээх
Жанрайсиг бурханы зүрхэн тарни бол маанийн 6 үсэг. Маанийн 6 үсэг бурхан бүгдийн мөн чанараас илүү. Илүү нь юу вэ гэхээр гурван ялгавартай. Хүнээр заалгалгүй сурдаг, мартагддаггүй, би их юм мэдсэн гэж омог төрдөггүй юм. Нийт даяараа өдөр бүр доод тал нь гурав уншиж байхд хичээвээс зохистой гэжээ.
Жанрайсиг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.
Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг Хутагт Жанрайсигт чин сүжгийг үүсгэн уншаарай. Ийнхүү уншихдаа сэтгэлээ элдэвт сарниулалгүй гагц мааний зургаан үсгийн утгыг бясалгаарай.
УМ МА НИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг юм.
УМ: нь Бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал, хийгээд бясалгагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлэгдэнэ.
МА НИ: энэрэл нигүүлсэл, асрал хайр хийгээд амьтны тусыг бүтээх үлэмж сэтгэлийг бэлгэдэх эрдэнэ болой.
БАД МЭ: бол билиг билгүүний билэгдэл болсон бадамлянхуа болой. Үлгэрлэвээс, бадамлянхуа хэдийгээр шавар намагт ургавч шавраас огтхон ч сэвтдэггүйн адилаар билиг билгүүн биднийг сансарын хамаг зовлонгийн ёзоорыг таслан таслан гэтэлгэх болой.
ХУМ: бол нигүүлсэхүй сэтгэл хийгээд билиг билгүүнийг хамтад нь дадуулан бүтээх ёсны бэлгэдэл юм.
УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарниа уншин мөргөхдөө: Аяа хамаг амьтаныг зовлонгоос аварч болгоо. “Их энэрэл Нигүүлсэлийн Бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн хамаг амьтанд асрахуй хийгээд нигүүлсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутагийг олохуйн адистэдийг соёрх оо” хэмээн сана.
© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved