kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Түүх

МБШТ Гандантэгчэнлин хийдийн танилцуулга


Tweet
Бурхан багш “Миний шашин умраас умар зүгт дэлгэрнэ” хэмээн айлдсанчлан Бурханы шашин Энэтхэг орноос Их Монгол оронд 2000 гаруй жилийн тэртээгээс гурван удаа дэлгэрч, түүхийн мандал, буурлын нугачааг туулсаар өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн. Сүүлийн дэлгэрэлт буюу XVI зуунаас хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонхова ламын үндэслэсэн Гэлүгвийн ёс буюу шар малгайтны шашин ном ёс дэлгэрч XX зууны эхэн үе гэхэд бурханы гэлүгвагийн ёс уламжлал монголын нийт ард түмний үндэсний шашин болсон юм.
Эртний Энэтхэгийн Цогт Наландарын хийдээс уламжлалтай Их хүрээ нь Монголын бурханы шашны удирдлага, зохион байгуулалт, боловсролын төв байсан бөгөөд Цогчэн, 12 дацан, 30 аймгаараа дамжуулан шашны үйл хэргээ явуулж байсан ба Их хүрээнээс олон зуун эрдэмтэн мэргэд төрөн гарч бурханы шашны 10 ухааны чиглэлээр олон мянган бүтээл туурвилуудыг зохиосон бөлгөө.
Коммунист хэлмэгдүүлэлтийн үед олон арван мянган эрдэмтэн лам хуврагууд амь насаа алдаж, зуун зуун жилийн туршид уламжлагдан хөгжсөн бурханы шашны агуу өв соёл устаж, нэр төдий болсон авч сайн ерөөл, буяны хүчээр Гандантэгчэнлин хийд 1944 онд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэж, тухайн коммунист нийгмийн хатуу хараа хяналтын дор хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байв.
Гандантэгчэнлин хийдэд газар, газрын олон эрдэмтэн мэргэд, нандин бурхан шүтээн, ховор ном судрууд цугларсны зэрэгцээ Өвөр Монголоос Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд Балдан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал зэрэг нь нүүн ирээд тус хийдэд нэгдсэн.
Ийнхүү Гандантэгчэнлин хийд нь Монголын Бурханы Шашны төв байгууллага болсон юм. 1992 онд хуралдсан Монголын бурханы шашинтны анхдугаар чуулган нь Гандантэгчэнлин хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв хэмээн дахин баталгаажуулж, Гандантэгчэнлин хийдэд байрлах ба Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, гавж Т.Дамдинсүрэнг
Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүнээр сонгожээ. МБШТ Гандантэгчэнлин хийд нь Цогчэн хурал, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацан, Бурханы Шашны дээд Сургууль, шашны сургалттай дунд сургууль, Цогчэн сургууль, “Төгс баясгалангийн гэгээ” хүүхдийн цэцэрлэг зэрэг салбаруудаар уламжлалт бурханы шашны болон орчин цагийн мэдлэг, боловсрол, уншлага, зан үйл гэх мэт олон талт шавхагдашгүй өв соёлоо өвлүүлэн эзэмшүүлж байна.
Үүнээс гадна Олон Нийттэй Харилцах Алба, Билгийн Мэлмий сонин, “Лавайн эгшиг” FМ радио, “Нигүүлсэл” халамжийн төвөөрөө дамжуулан хөдөө орон нутгийн сүм хийд болон нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байна.
Гадаад Харилцааны Алба, Аялал жуучлалын алба, Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлаар дамжуулан гадаадын бурханы шашинтай болон бусад улс гүрэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн амар амгалангийн төлөө ажиллаж байна.
Эрдэм соёлын хүрээлэн, номын сан нь бурханы шашны судлагаа шинжилгээний ажил болон ховор нандин ном судрыг хадгалан хамгаалах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах ажлуудыг өрнүүлж байна.
Түүнчлэн гадаад улс орон болон хөдөө орон нутагт тус хийдийн салбарууд болох Энэтхэгийн Бодь Гаяагийн "Батцагаан” сүм, Өмнөд Солонгосын “Амар Амгалан” сүм, Унгар улсад "Будда Дарма төв, Чех улсад Азийн соёлын төв, Өвөрхангай аймгийн “Төвхөн” хийд, Цагаан Сүм, Хөвсгөл аймгийн “Даян дээрх”, Сэлэнгэ аймгийн "Пандэлин" зэрэг хийдүүд нь хурал номын үйл ажиллагаагаа явуулж байна.

Зургийн цомог