Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг
Ойрадын Зая бандида Намхайжамц нь Ойрадын хошууд угсааны ноёны гэрт 1599 онд мэндэлжээ. Бага насандаа лам хувраг болж ном сурч байгаад Төвдийн Лхасын Зууд шашны гүн ухаан судлаад гүн ухааны равжамба мяндаг цол хүртжээ. Равжамба болсныхоо дараа Төвдийн Брайвун хийдийн Жүд дацанд сууж, Агва дацангийн хамба болж байв. Агва дацангийн хамбаар сууж байхдаа V Далай лам Агваанлувсанжамцыг гэлэн санваар хүртэхэд санваар төгс 10 гэлэнгийн нэгээр сонгогдон сууж байв. Төвдөөс нутагтаа буцаж ирээд Халхын долоон хошууны ноёд, Дөрвөн Ойрадын ноёдуудын дунд залагдан шашин номыг дэлгэрүүлж байв. Ижил мөрний Халимаг, Торгуудад ч залагдаж бурханы шашныг дэлгэрүүлж байжээ.
1648 онд Баруун Монголын аман аялгуунд тохируулан Тод үсгийг зохиожээ. Төвдийн Баруун зуу, Сэмбрэй гэсүмд олон удаа мөргөлөөр очиж өглөг их өргөж байжээ. Төвд хэлнээс тод үсгээр олон зуун судруудыг орчуулан гаргасан. Энэ их ламтан 1662 онд таалал төгсчээ. Монголын шашин соёлд түүний оруулсан гол гавъяа дурсгалт үйлсийн нэг болох тод үсэг өнөө хэр баруун Монголын ард түмний дунд хэрэглэгдсээр байна.
© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved