kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Мэдээ, мэдээлэл

"Өвчин намжих хүртэл бид Хятадын ард түмэн, даян дэлхийн сайн сайхны төлөө хурал номоо хурсаар байна"


Tweet

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тархалт нь нэмэгдэх болсноор манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сургууль, цэцэрлэгүүдийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон.

 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Сар шинийн баяраар албан байгууллага, нутгийн зөвлөлийн золголт хийхийг хориглож, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг үүрэг болгосон юм.

Ийм үед сүм, хийдүүд ямар зарчмаар ажиллаж буй талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодрууллаа.

- Гандантэгчэнлин хийд төр засгаас гаргасан зарим шийдвэрийн дагуу ямар зарчмаар ажиллаж байгаа вэ?

- Гандантэгчэнлин хийд эртнээс уламжилсан хурал номын үйл ажиллагаа явуулдаг газар тул хурал номын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Баярын амралтууд, долоо хоногийн амралтын өдрүүд гээд аль ч үед манай үйл ажиллагаа тогтмол үргэлжилж байдаг бөгөөд мөнхийн ном хурдаг.

Харин манай хийдийн нэгэн голлох үйл ажиллагаа нь уламжлалт сургалт байдаг.

Тодруулбал Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааны 80 орчим нь дацанд сургуулиудын уламжлалт сургалт юм.

Төр засгаас гаргасан тогтоол шийдвэрээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн үйл ажиллагааг хориглосон учраас дацан, сургуулиудад явуулдаг 16-аас доош насны хүүхдүүдийн сургалтууд болон Шашны дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг, тусгай сургууль буюу Цогчэн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон.

Хорио цээр цуцлагдахаар сургалт хэвийн үргэлжилнэ. Онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон энэ үед нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа.

Тухайлбал, өнгөрсөн долоон хоногт Гандантэгчэнлин хийдэд хэвлэл мэдээллийн хурал хийх шаардлага гарсан ч хүмүүсийг цуглуулаагүй. Өөрсдийн бэлтгэсэн мэдээллийг цахим хэлбэрээр түгээн ажилласан.

Харин хурал номын үйл ажиллагаа бол уламжлалынхаа дагуу хэвийн явагдаж байна.

- Хурал номын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэлээ. Иргэд хурал ном дагаж баясаж байгаа юу?

 -Иргэд, сүсэгтэн олны хувьд залбирч мөргөх нь өөрсдийнх нь эрх чөлөөний асуудал.

Тиймээс бид ирсэн сүсэгтнийг бүртгэх эсвэл битгий ир гэх мэтээр хориглохгүй. Хурал, ном даган баясаж, залбирахаар ирсэн хүмүүст нээлттэй ч ямар нэг байдлаар оролцоорой гэж Гандантэгчэнлин хийд уриалахгүй гэдгийг онцлох нь зүйтэй.

Харин бид ирсэн сүсэгтэндээ коронавирусээс сэргийлэх анхааруулга, сурталчилгаа заавар зөвлөмж өгч байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн заавар зөвлөмжийг нийтэд танилцуулж, Батцагаан дуган, Цогчэн дуган, Гандан дуган, Дацан хурлууд гээд бүх хурал номын газруудад мэдээлэл хэвлэж тайлбарлан таниулж байна. 

Хийдийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ.

- Хөл хөдөлгөөн багассан уу?

- Гандантэгчэнлин хийдэд ирж байгаа сүсэгтэн олны тоог бид нарийн дүгнэж гаргадаггүй.

Гэхдээ энгийн үетэй харьцуулан ажиглахад коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон явдал нь Гандантэгчэнлин хийд болон олон нийтийн газруудад хөл хөдөлгөөн харьцангуй багассан нь анзаарагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хурал номд байнга ирж дадсан хүмүүс л ирж байна.

- Цагаан сарын өмнө битүүний өдөр Гандантэгчэнлин хийдэд том хурал болдог. Энэ хурал хэвийн үргэлжилнэ гэсэн үг үү. Иргэдэд ч нээлттэй юу?

- Сар шинийн хурал номын ажилд хоёр сарын өмнөөс л бэлддэг. Дунд сарын шинийн нэгэнд бид балин тахил бэлтгэх болон хурлын ая эгшиг нийлэх ажлуудаа эхэлдэг.

Адаг сарын шинийн нэгнээс балин тахилаа урлаж бүтээх болоод дуган сүмээ засаж сэлбэх ажлууд хийдэг.

Одоогоор сар шинийн баяр буюу шинэ жил ирж байгаад зориулсан бэлтгэл ажил болон сүсэгтэн оны нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлууд хэвийн явагдаж байна.

Өвлийн адаг сарын 25-н буюу Цагаан сараас тав хоногийн өмнө Цагаан сарын хурал номууд болон сахиусны тахилгууд, хуучин номын хурал гэж уламжлалт гурван өдрийн ном хурж, сүүлийн өдөр сор залдаг юм.

Сор залсны дараа өдөр буюу битүүний өдөр Лхам сахиус тахих хурал ном болдог юм. Үүнийг шинэ жилийн тахилга үйлдэж байна гэж ойлгож болох бөгөөд улс орны нэг том засал зан үйл гэж үздэг.

Олон зуун жилийн өмнөөс ингэж үйлдэж ирсэн хурал номын зан үйл тасраагүй.

Тиймээс битүүний өдөр ч шинэ жилийн залбирал даатгал үйлдэх хурал номын ажил явагддагаараа явагдана. Харин энд сүсэгтэн олон өөр өөрсдийн итгэл үнэмшлийн үүднээс оролцож болох юм.

Ирсэн хүмүүсийг бид оруулахгүй гэсэн хориг тавихгүй.

Харин оролцохоор ирэхдээ сүсэгтэн олон төр засгаас гаргаж байгаа шийдвэр дүрэм журмыг ягштал биелүүлэх хэрэгтэй.

Хурал, номд ирж залбирал үйлдэхээр ирэх хүн бүр амны хаалтыг зүүж, гараа ариутгах зэргээр өөрсдийн хувийн ариун цэврийг сайтар хангаад, буян номоо хураагаад явах боломжтой

 

Тухайлбал, хурал, номд ирж залбирал үйлдэхээр ирэх хүн бүр амны хаалтыг зүүж, гараа ариутгах зэргээр өөрсдийн хувийн ариун цэврийг сайтар хангаад, буян номоо хураагаад явах боломжтой гэж бид харж байна.

- Лам нар ном хурахдаа өөрсдөө амны хаалт хэрэглэж байгаа юу?

- Нийтээр дагаж мөрдөж байгаа дүрмийн дагуу л амны хаалтыг бүгд хэрэглэж байгаа.

Гадантэгчэнлин хийдийн аж ахуйгаас лам нартаа гар ариутгах бодис, амны хаалтаар ханган ажиллаж байна. Дуган сүмүүд, хурал номын бүх газарт мэргэжлийн байгууллагаар өдөр бүр ариутгал хийлгэж ажиллаж байгаа.

Батцагаан дуганы гадаах дэлгэцээр Эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар зөвлөмжийг сүүлийн хоёр долоон хоног өөр мэдээлэл явуулалгүй гаргаж нийтийн сэрэмжлүүлж байна.

Мөн Гандантэгчэнлин хийд аливаа цаг үеийн онц ноцтой өвчин гарах, дэлхийн аль ч улсад байгалийн гамшиг тохиоход нийтийн залбирал хурал ном хурдаг.

Одоогоор Гандантэгчэнлин хийдийн бүх дацан хурлууд өдрийн тогтмол хурдаг хурал ном дээр нэмээд онцгойлон анхаарч залбирал, уншлага үйлдэхийг даатгасан байна.

Түүнчлэн Далай багш, Тэргүүн их хамба лам тэргүүтэй лам нар ариун үнэртнийг уугиулахыг уриалж, хурал ном тусгайлан хурахыг лам хуврагуудад зарлигдсан.

Бид энэ өвчин намжиж, бүрэн илаарших хүртэл бид өдөр бүр Хятадын ард түмэн, даян дэлхийн сайн сайхны төлөө хурал номоо хурсаар байна.

Бусад сүм хийдүүдэд ч гэсэн энэ мэтээр үйл ажиллагаа явуулахыг уриалж байна.

- Шинийн 1-ний өглөө нар харах ёслол бурхны шашинтай холбоотой юу. Хэрвээ холбоотой бол энэ зан үйл хэвийн явагдах уу?

- Нар харах ёслол бол яг буддын шашны уламжлалт зан үйл мөн үү гэдгийг би сайн мэдэхгүй байна.

Магадгүй энэ нь нийтийн дундаас гарсан зан үйлдэл гэж бодож байгаа юм.

Хуучин уламжлалаа харвал шинийн нэгний өглөөг шинэ жилийн эхний өглөө гэж үзэн зүг мөрөө гаргаад үг, үйлдлээ цэгнэж, сэтгэл нь зөв түвшинд тогтсон байх ёстой гэсэн ерөнхий агуулгыг агуулдаг.

Харин нар харах зан үйл нь байгаль дэлхийгээ хайрлаж, сав шим ертөнцийн шүтэн барилдлагыг хүндэтгэж, ойлгосон хүний хувьд үйлддэг зан үйл юм болов уу гэж боддог.

Шинийн 1-ний өглөө нар харах ёслол Гандантэгчэнлин хийдтэй холбоогүй, манайхаас зохион байгуулдаг үйл ажиллагаа биш учир мэдэхгүй байна.

Ямартай ч цаг хугацаа явдгаараа явж, бид бэрхшээл зовлонтой учирсан ч бай жаргалтай сайхан ч бай сар шинэ гарч хаврын урин сайхан цаг ирдгээрээ ирнэ. 

Тийм болохоор Монгол хүн бүр өлзий дэмбэрэлтэй зөв сайхан бодолтой байж, сайн үг сайхан бүхнийг өөр хоорондоо ерөөж, нийтийн ёс ба төр засгийн аливаа шийдвэр бүгдийг ёсчлон дагахыг уриалж байна.

Зургийн цомог