kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Мэдээ, мэдээлэл

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц


Tweet

Африкийн улсуудад бурханы шашин дэлгэрч байна

1990 оны үед Дэлхийн бурханы шашинтануудын дээд чуулган Япон улсад анх зохион байгуулагдаж дэлхийн улс орнуудын хуврагууд хүрэлцэн очиж, нээж байсан юм. Тэр үед Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам, Тайландын Санкараж ламтан, Япон улсын Ин Шин Жү, Бакула ринбүчи болон миний бие оролцож бид бүгд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байлаа. Ер нь анх үүсгэн байгуулсан 13 хүн байдаг. Энэхүү дээд хэмжээний чуулганд зориулж гурван том дуган барьсан юм.

 Нэг нь Япон улсын Алтан сүмээс хоёр дахин том дуганыг орчин үеийн байдалд тохируулан барьж босгосон. Түүнээс хойш бурханы шашинтай улс орнуудад нийт 7 удаагийн их хурал болсон байна. Миний хувьд зургадугаар их хурлаас эхлэн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа.  Ингээд саяхан Шриланк улсад зохион байгуулагдсан их хуралд лам нартайгаа хамт очиж оролцоод ирлээ. Мөн Чех, Унгер улсуудтай хамтран ажиллаж, сурч байгаа монгол лам нар маань тухайн улсын зочдын хамт  хүрэлцэн очсон байлаа. Ер  нь энэ хурал маань өргөжиж дэлхийн хэмжээнд байнгын тогтмол үйл ажиллагаатай болсон нь энэ удаагийн хурлаас харагдлаа. Учир нь дэлхийн 47 улс орны лам хувраг, шашны томоохон төлөөлөлүүд оролцож байгаа нь бид ийм том сайхан байгууллага болгож чаджээ гэж  санагдлаа.

 Шриланк улсын үндэсний баярын өдөр энэ удаагийн хурлыг зохион байгуулсан нь онцлог байлаа.Өнгөрсөн жил Шриланк улсын засаг төрийн байгууллагуудад  тэр дундаа ерөнхийлөгч, ерөнхий сайд, шашны тэргүүнүүдтэй нь уулзаж Дэлхийн буддистуудын дээд хэмээний чуулганыг тус улсад зохион байгуулах саналыг  энэ байгууллагын ерөнхийлөгчийн хувиар  уламжилж байсан юм. Ер нь Шриланкын уламжлалт буддизм нь  барчид саад орж тасраагүй хөгжиж байгаа Бага хөлгөний, бурханы шашинтай орон. Бага хөлгөний шашинтай Мьянмар, Тайланд, Шриланк гэх гурван том улс байдаг. Энэ удаагийн хурлыг Шриланк улсад зохион байгуулах болсон гол шалтгаан нь Бурхан багшийн цахиур /шүд/ болох ариун шүтээн олон зууны туршид хадгалагдаж, шүтэгдсээр ирсэн юм. Тиймээс дэлхийн бурханы шашинтануудын мөргөлийн орон болж ирсэн гайхамшигтай улс. Дэлхий дахинд бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд нилээд идэвхтэй оролцдог, Англи боловсролтой улс орон учраас бусад бурханы шашинтай улсуудын лам хуврагууд ирж боловсрол эзэмших нь элбэг байдаг. Энэ удаагийн хурал 5 өдөр үргэлжилж  олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Эхний өдрүүдэд дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайханы төлөө энэрэл нигүүслийн сургаалийг ярьцгаасан.

 Гурав дахь өдрөөс эхлэн хуралд оролцож байгаа 47 улсын бурханы шашны тэргүүнүүд үйл ажиллагааныхаа тайланг тавих, хойшдын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлох  дугуй ширээний ярилцлага хийсэн. Ер нь миний хувьд тухайн улс орнуудын бурханы шашны дэлгэрэх явцыг урьдчилан судалж мэдсэн байх шаардлагатай бөгөөд үйл ажиллагааг нь дүгнэн, санал шүүмжлэл тавьж хэлэлцэнэ гэдэг нилээд бэрхшээлтэй байдаг. Эдгээр 47 улсуудад шинээр бурханы шашин дэлгэрч байгаа улс орон олон байна. Тухайлбал Африкийн 8 улсуудад бурханы шашин дэлгэрч байгаа бөгөөд тэдгээр улсуудын хаадууд хатадтайгаа энэ удаагийн хуралд  хүрэлцэн ирсэн. Бас сахил залж лам болсон тухайн улсын хуврагууд ч ирсэн байлаа. Тэд нар бурханы шашнаа дэлгэрүүлж байгаа явц, үйл ажиллагааныхаа талаар ярилцаж, санал бодлоо солилцож тайлангаа тавьсан. Африкчуудын хувьд бурханы шашны сургаал номлолыг их дуртай хүлээн авч байгаа бөгөөд эдийн засгийн хувьд бага зэрэг саад бэрхшээлтэй байгаа тухай ярьж байсан. Үүнээс гадна Бразил тэргүүтэй латин Америкийн 18 орнуудад бурханы шашин дэлгэрч байгаа тухай сонирхолтой илтгэл, ярилцлагууд хийсэн. 

Эндээс харахад дэлхийн хэмжээнд буддистууд харилцан бие биеэ ойлгоход их хэрэг болдог, туршлага солилцдог, нарийн нандин хэлхээ холбоо тогтоодог сайхан хурал болж байлаа. Үүний нэг жишээ нь хуралд Шриланкийн ерөнхийлөгч хүрэлцэн ирж оролцсон явдал юм. Бас бурханы шашныг ямар улс орноос уламжлан авсан байдлаасаа шалтгаалж лам хуврагууд тухайн орны лам нарын хувцасыг өмсөж байгаа байдлаас харагдаж байсан. Тухайбал Япон улсаас бурханы шашныг уламжилж авсан бол Япон хуврагуудын хувцасыг өмссөн, Солонгосоос уламжилж авсан бол саарал хувцас өмссөн байх жишээтэй.Сүүлийн үед Чех, Польш, Унгер улсуудад манай бурханы шашны уламжлалуудыг авч байгаа нь харагдаж байсан. Учир нь  тэдгээр улс орны буддистууд монгол ламын дээл өмссөн байлаа. Ийм улс нилээд олшрох янзтай байсан шүү. Өнгөрсөн удаагийн их хурал Камбож улсад зохион байгуулагдаж байсан юм. Тэнд хааны оролцоо маш их байдаг. Бурханы шашнаа маш их дээдлэн хүндэтгэдэг. Тэр үед хааны ордонд Япон, Камбож лам нар болон миний бие уригдаж хааны нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулсан. Том жижиг хоёр одон байдаг юм билээ. Харин дараагийн хурлыг Япон улсад зохион байгуулах тов гарсан. Учир нь тэнд Бурханы шашны их сургууль “Наландарын хийд”-ийг байгуулж, энэхүү дээд чуулганы төв байр, музей, эмнэлгийн цогцолбор баригдаж дууссан юм. Бурханы шашин бат бөх, эв нэгдэлтэй байхын тухайтад Европын орнуудаас 10 гаруй метрийн урттай чулуунуудыг авчран сургуулийнхаа байрыг барьж дууссан. Мөн буддын арван ухааны орон болсон “Наландрын хийд”- д арван ухаанаа сургах 10 байрыг тус тусад нь барьж байгуулсан. Тус сургуулийг байгуулсан гол зорилго нь дэлхийн бүхий л улс орнуудаас  бурханы шашныг  судлах сонирхолтой хүмүүсийг сургах, шашин номоо дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм. Тийм ч учраас  дээд хэмжээний чуулган буюу 8 дугаар их хурлаа хугацаанаас нь өмнө хийж тэр сайхан цогцолборынхоо нээлтэй хамтатгах зорилготойгоор товлоод байна. Тэр үеэр  Буддистуудын дээд чуулганыг анх байгуулсан  Ин Шин жү ламтаны 90 насны ой нь  тохиож байгаа явдал бас  чухал юм.  Тэр цогцолборын тохижилт маш гайхамшигтай сайхан болж байгаа. Наландрын хийдийн 500 бандида нарын  чулуун хөшөөнүүдийг голын дагуу хийдийн ойролцоо байрлуулсан нь их өвөрмөц санагдсан.

 Ингээд саяын хурал өндөрлөсөний дараа нийт зочид, төлөөлөгчид лам хуврагууд Шриланк улсад байдаг  Бурхан багшийн нандин шүтээнд мөргөж, бурханы ариун сургаал номлол нь дэлхий дахинд түгэн дэлгэрч, хөгжихийн ерөөл тавьцгаан нутаг орондоо буцсан  даа.

Зургийн цомог