Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг
Монголчууд бидний түүх саёл, зан заншил, амьдрал ахуйд шингэсэн шашин бол Бурханы шашин гарцаагүй мөн билээ. Хэдийгээр 70 гаран жил энэ шашныг хүчирхийлэл, үзэл суртал, гүтгэлэгээр дайрсан боловч Монголчуудын үнэмлэхүй дийлэнх хувь Бурханы шашинтай хэвээр үлдэж чадсан нь Бурханы эрхэм сургаал бидний зүрх сэтгэлд хичнээн гүнзгий оршиж байсны жишээ юм.
Гэвч орчин үеийн техник технологийн дэвшил, асар хурдтай мэдээллийн хүчээр дэлхий даяаршихын хирээр шашин шүтлэг ч мөн даяаршиж байна. Өнөөдөр алив хүний үндэс угсаа, арьсны өнгө зэрэг нь түүний ямар шашинтан болохыг харуулах хүчин зүйл хэдийн биш болжээ. Бидэнд энэ олон шашны алинд нь ч итгэж бишрэх эрх буй боловч итгэл үнэмшил гэдэг маань өөрөө маш үнэтэй зүйл юм. Бурхан багш итгэлийг алттай зүйрэлсэн байдаг. Бусад шашныг үндэслэгчдийн жишгээр бол “Гагц өөрт нь сүсэглэсэнээр аврагдах бөгөөд эс бөгөөс мөнхийн тамд унана” хэмээн хүмүүсийн магаашаас айх айдаст дөрөөлж сүсгийг нь нураахаар сургасан атал Бурхан багш: “Алт худалдан авагч бээр хуурмаг алт авахаас сэрэмжлэн хичнээн няхуур шалгаж, тунгаадаг мэт миний номыг шалгаж тунгааж үзэхтүүн. Үнэнийг нягтлан мэдвээс амьдралдаа хэрэжүүл, харин сүсэглүүлэх төдийн тулд биш билээ” хэмээн айлдсан байдаг. Богд лам: “Эцэстээ хувь хүн өөрийн хир үгүй оюунаар л ялгаж салгах хэрэгтэй” гэсэн байна. Эндээс харахад Бурханы шашныг үндэслэгч Бурхан багш, Шарын шашныг үндэслэгч Богд лам нар ягшмал онол тулгагч гэхээсээ оюуны хүчинд дулдуйдагч, үнэнийг хайгчид, магадгүй ологчид байсан бололтой. Үнэхээр өнөөдөр Монголд орж ирээд байгаа энэ олон шашнуудын алийг сонгох нь таны эрх болов ч сохор итгэлээр бус чухам яагаад би үүнд итгэх ёстой вэ гэж өөрөөсөө асуух нь мэргэн ухаан бөгөөд эцэстээ Богд ламын айлдсанчлан үүнд зөвхөн таныг мэргэн ухаан л хөтөч болох юм. Хир үгүй ухаанаар тунгаахад тэдгээр сургаал номлолын талаар үнэн зөв мэдээлэл нэн тэргүүнд хэрэгтэй.
Бурханы ном юу сургадаг вэ
Монголчууд бид Бурхан багшийн айлдсан Ганжуурын зуу гаруй ботийг эх хэлнээ хөрвүүлсэн цөөхөн ард түмний нэг юм. Ганжуурын ботиудыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Цахарын Лэгдэн хаан гардан гүйцэлдүүлсэн байдаг бөгөөд ер нь Бурханы шашин Монголд анх дэлгэрсэг цаг хугацааг эрдэмтэд Христийн тооллоос ч өмнө үетэй холбон тайлбарлах нь бий. Хэмжээний хувьд асар арвин Ганжуур, түүний тайлбар Данжуурын ботиудын агуулга нь их бага арван ухааны орон зэрэг маш дэлгэр хүрээг хамрах боловч ерөнхийд нь:
гурв ангилна.
Бурханы шашинд ёс зүйг хэрхэн сургадаг вэ
Үнэндээ шашаин бүрл ёс зүйг номлож, нийгэм хийгээд хувь хүний ёс суртахуунд эергээр нөлөөлдөг билээ. Энэ эерэг нөлөөнийи хүчээр ёс суртахууны гайхам өндөр түвшинд хүрсэн хүмүүсийн жишээ шашин бүрт нэн олон. Гэвч яаагаад тэр мэт сайн үйлийг бүтээж муу үйлсээс зайлсхийх ёстойг өөр өөрсдийн ертөнцийг үзэх үзлийн үүднээс ялгаатайгаар тайлбарлах нь бий. Зарим магадгүй дийлэнх шашинууд сайн сайханд уриалан дуудахдаа далдын хуч, агуу эзэн тэнгэрийг ашигладаг бөгөөд тэдний хувьд ёс суртахуун гэдэг нь ертөнцийг бутээгч эзэн тэнгэрийн бидэнд өгсөн хэм хэмжээ, тушаал учир түүнийг даган мөрдсөнөөр их эзний аврал ивээлд багтах аж. Харин эс мөрдвөөс тэд шийтгэгдэх болно. Энэ мэт далдын хүчээр айлган, жишээлбэл үр хүүхдээ муу зүйл үлдэхийг хориглох нь хүн төрөлхтний эртний арга юм. Гэвч үнэн учирыг нь тайлбарлан хэлж чадваас хичнээн илүү байхсан билээ.
Бурханы шашин ертөнцийг үүсгэн, юмсийн зөв бурууг тогтоогч, гагц түүнд итгэн сүсэглэсэнээр аврагдах “эзэн”-г хүлээн зөвшөөрдөггүй тул ёс зүйн хэм хэмжээ, чухам яагаад түүнийг сахин мөрдөх ёстойг хэрхэн үзсэн нь сонин юм. Тодруудбал: шүтэн барилдлагын хууль, түүний нэгээхэн хэсэг болсон үйлийн үрийн онол үүний хариултыг өгдөг тул “үйлийн үрийн онол”-ын талаарх мэдлэг, итгэл үнэмшил гэдэг Буддын шашинтнуудын хувьд сайнд тэмүүлэх, муу бүгдээс зайлсхийх, сайн мууг ялган салгах гол суурь нь болох учиртай. Буддизмын амин сүнс нь болсон энэ онолыг ерөнхийд нь тайлбарлавал:
Бусдаас хамааран оршин тогтнох нэг ч зүйл үгүй бөгөөд үнэндээ алив зүйлийн оршин тогтнох цор ганц боломж нь бусдад дулдуйдах, бусдаас хамаарах хамаарал юм. Хувь хүн, түүний амар амгалан ч өөрийгөө хүрээлэгч сав хийгээд шим ертөнцөөс хамааран би болох бөгөөд хүлээн авагч “хүний” хувьд бусдаас ирэх таатай хийгээд таагүй нөлөө нь өмнө түүний бусдад хэрхэн хандсан хандлага, илгээлтийн шууд үр дүн юм. Энэ зүй тогтол нь хэний ч бүтээл биш бөгөөд харин нийгэм, ер алив байгууллийн хүрээнд, тэдний хооронд гарцаагүй бий болдог харилцан нөлөөлөл, үйлчлэлцэл юм. Энэ харилцан хамаарлыг үл тоомсорлох, үл анзаарах, ганц дан өөрийнхөө эрх ашгийг тооцон түүний хойноос хөөцөлдөх аваас тэр зүйл цаашид тэр мэт оршин тогтнох боломжгүй болно гэж энэ шашин үздэг байна. Ийм ч учираас нүгэл, буян гэдэг бидний Бурхан, Эзэн тэнгэрийн өмнө хүлээсэн үүрэг биш, хариэ бусдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. Алив үйлдлийг “нүгэл” хэмээн яллагч нь ч “Эзэн тэнгэр” биш, уг үйлийн үр дүнд хэн нэгэнд гарсан хохирол, зөрчигдсөн эрх юм. Энэ утгаараа ардчилсан нийгмийн хүмүүний эрх, түүний хэм хэмжээний ойлголттой нэн дүйцэж харагдана. Товчдоо Буаханы шашинд ёс зүй, зөв явдал мөр гэдэг бөгөөд энэ нь өөрийн амар амгаланг олох шууд зам, шалтгаан нөхцөл юм.
Бурханы шашны бясалгалын тухай
Бурханы шашин бясалгалаараа алдартай билээ. Өнөөдөр энэ шашны бясалгал бүтээлийг өдөр тутам хийдэг сая сая хүн байдгаас ганц жишээ дурдвал Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Сэтгэцийн Эмгэг Судлалын Хүрээлэнд зөвхөн энэ шашинд байдаг “Дурдалыг ойр талбихуй” хэмээх бясалгалаар гүн стрэстэй хүмүүсийг амжилттай эмчилж байна. Тэгвэл Бурханы шашны бясалгалын зарчим, зорилго, үр дүн зэрэг нь юу вэ?
Жишээгээр тайлбарлавал анагаах ухаан алив өвчний үүсгэгч гарвал шрлтгааныг нь тогтоогоод улмаар түүнийн анагаах аргыг эрэлхийлдэгтэй адил Бурхан багш зовлонгийн гол шалтгаан нь /Жишээлбэл Христийн шашинд бол эзнийг шүтээгүй буюу мартсан нь зовлонгийн шалтгаан гэж үзнэ/ бусдад хандсан муу үйл гэж тодорхойлоод түүнийн хийх шалгаан болсон муу сэтгэлийг үгүй хийх арга замыг эрэн хайсан байна. Угтаа энэ нь сэтгэлийн мөн чанарлуу нэвтрэн орсон нэн гүнзгий судалгаа байсан бөгөөд ганц жишээ дурдахад хойд Энэтхэгийн Буддизмд зөвхөн муу сэтгэлийг 84-н мянга хувааж тэдгээр бүгдийн тодорхойлолт, хэрхэн гарч ирэх, хоорондоо хэрхэн уялдан ажиллах зарчим зэргийг тодорхойлдог байна. Үүний үр дүнд алив сайн муу зан ааль, сэтгэл, бодол гэдэг тодорхой шалтгаан нөхцлөөр бүрэлдэн бий болдог, хувьсан өөрчлөгддөг, мөн тодорхой арга замаар хөгжиж болдогийг тогтоосон байна. Үлгэрлэвээс тусгайлан боловсруулсан арга замын дагуу дасгал сургууль, ачааллыг өгснөөр хүний бие, булчин шөрмөс хөгжиж болдогийн адил хүний сайн сэтгэл ч тодорхой дасгал, бясалгал хийсний хүчээр бидний санаанд ч багтамгүй өндөр төвшинд хүрч болдог аж. Ерөнхийдөө Бурханы шашны бясалгалыг сэтгэлээ алив сайн үйлд дадлагжуулах гэж хэлж болох бөгөөд зорилго нь өөрийн дотор байх муу сэтгэлээ ялан дийлэх юм.
Бурханы шашны гүн ухаан
Энэ шашны гол зорилго нь хамаг амьтныг зовлонгоос ангижруулах юм. Эл зорилго хийгээд юмс үзэгдлийн мөн чанарыг таних гүн ухаан хоёрын учрах цэгийг Бурханы шашинд “Арга билиг хослох” гэнэ /арга гэж сэтгэл, билиг гэж ухаан гэсэн үг/. Мөн чанарыг танихын хэрээр ёс зүй төлөвшдөг, тухайлбал дээр дурдсанчлан үйлийн үрийн хууль, харилцан хамаарлыг мэдсэнээр бусдад хандаж муу үйл хийхээс зайлсхийх эрмэлзлэл гарч ирэх бөгөөд бидний нисванисын хорт сэтгэл бүгдийн суурь нь юмс үзэгдэл хийгээд өөрийн мөн чанарыг хэт давуулан үнэлэх үнэлэлт юм гэж Буддизм үздэг байна. Тухайлбал өөрийгөө бусдаас хамааралгүй оршин тогтнох чадвартай мэтээр эндүүрснээс болж бусдыг үл тоомсорлох, бусдын эрх ашгийг хохироосон нүгэлт үйл гарах бөгөөд өөрийн мөн чанарын хийсвэр утгыг танихын хэрээр Буддын шашны гүн ухааны оргил болсон хоосон чанарыг мэдэхийн хэрээр хорт сэтгэл бүгд амирлах юм.
© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved