Түмэн олон минь амар амгалан, эрүүл энх байх болтугай

ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ:
Таяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха.

ТАРНИЙН УТГА:
ТАЯАТА: Түүнчлэн
УМ: Манал бурханы хиргүй ариун лагшин, зарлиг, таалал
БЭХАНЗЭ: Зовлон энэлэлийг илааршуулагч
БЭХАНЗЭ: Зовлон энэлэлийг илааршуулагч
МАХА БЭХАНЗЭ: Зовлон энэлэлийг машид илааршуулагч
РАЗА: Оточийн хаан
САМУГАТЭ: Төгс гэгээрсэн
СУХА: Өлзий хутаг орших болтугай.

МАНАЛ БУРХАНЫ ТУХАЙ
    Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй.
Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй.

Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ.
    Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн бошго лүндэнд байдаг. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан тул бид сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.

Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдын элдэв өвчин зовлонгоос салж гэгээрэлд хүргэх болтугай.