Тэжээхүй ухаан

Хануур хийх арга ухаан түүний гэм болоод ач тусыг хүртэхүй

Манай энэ удаагийн дугаарт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн “Манба” дацан уламжлалт эмнэлгийн эмч Баттогтох оролцож “ Хануур засал хйих арга, түүний гэм, тус эрдэм” сэдвээр товч зөвлөгөө өгсөн юм.

/ зураг /

Сэтгүүлч: Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Одоо намрын сэрүү орж улирал солигдох энэ үед хүмүүсийн идээ, ундаа, явдал мөр, хувцаслалт зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болдог. Энэ тухай уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарласан байдаг бол?

Эмч: Монголын уламжлалт анагаах ухаанд намрын улиралыг халууны улирал эхэлж байна гэж үздэг. Хүний бие дээр шар махбод хөдлөх, эрхтэний хувьд яривал төмөр махбодтой буюу уушгины судал дэлгэрэх цаг улирал юм. Энэ улиралд хүмүүс нимгэвтэр хувцас өмсөж, шарыг хөдөлгөх идээ ундааг цээрлэх шаардлагатай байдаг.

Сэтгүүлч: Тэгвэл энэ намрын улиралд хүний биед ямар эмчилгээг голчилж хийвэл илүү тохиромжтой байдаг бол ?

Эмч: Ер нь уламжлалт анагаах ухаанд үндсэн 5 засалын эмчилгээ байдаг. Эдгээрийн түрүүнд нь ханах  заслын тухай ярьдаг. Эдгээр 5 заслын дотор ширүүн засалдаа ордог тул цус шарын махбод голлосон, халуунаас шалтгаалсан өвчлөлтэй хүмүүс энэ хануур эмчилгээг хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг л даа.

Сэтгүүлч: Хануурын багаж хэрэгслэлийн талаар та дурьдахгүй юу?

Эмч: Шүнгийн номоороо хануур засалд  үндсэн таван зүйлийг тусгадаг. Багаж засал, шинжилгээ, ханах арга, гэм, тус эрдэм гэсэн үндсэн асуудлыг ярьдаг. Ер нь хануурын багажийг ган сайтай төмрийг уран дархан хүнээр  давтуулж хийлгэвэл сайн байдаг. Багаж нь дотроо олон хэлбэртэй байна. Тухайлбал болжморын сүүлний өд мэт хэлбэртэй, сүх мэт иртэй, шинийн хоёрны саран мэт иртэй гэх мэтчилэн олон хэлбэр дүрстэй байдаг. Энэ нь ханах судлаасаа шалтгаалж өөр өөр багаж хэрэгслэл зайлшгүй шаардлагатай байдагтай холбоотой юм.Төвгөр ясан дээрх судасыг ханах тохиолдолд сүх хэлбэрийн хануурыг хэрэглэдэг. Орчин үед мэс заслын хутгыг хэрэглэх нь элбэг болсон. Хуучны хануурын хутга ховордсон. Хануурын хутга 6  хуруу урттай байх ёстой гэж шүнгийн номондоо заасан байдаг. Ирний хувьд хялгасыг уртаар нь зүсэх боломжтой нарийн иртэй байвал өвдөлт бага, судас гэмтээхгүй байх сайн талтай гэж үздэг юм.

Сэтгүүлч: Ямар өвчний үед хануур заслыг хийх ёстой байдаг вэ?

Эмч: Ханаж болох болохгүй өвчин болоод өвчний байдлаас шалтгаалан цагийн тухай ярьдаг. Тухайлбал өвчний эхэн цагт ханах уу эсвэл дунд болоод өвчний сүүл цагт ханах уу гэдгийг өвчний шинж байдлаас шалтгаалж ханах шаардлагата юм. Ханаж болох өвчин бол хавдар, шарх, сүрьеэ, уяман, тархсан хамарсан хижиг, гал намссан өвчнүүд буюу цус шарын халуунаар голлож үүссэн байдаг учраас ханаж болдог байна. Харин ханаж болохгүй өвчинд бол тамир барагдсан өвчин, адаар өвчилсөн өвчин эсвэл жирэмсэн болоод нярайлсаны дараах эх, галын илч доройтсон эдгээр өвчнүүдийн багтана. Эдгээр нь бадгана хийгээр голлосон хүйтэн өвчин учраас ханахыг цээрлэдэг байна. Түрүү ярьсан өвчний цагийн тухайд тодруулбал өвчний эхэн цагт ханах гэдэг нь хэнхэлдэг цээжинд цус буусан буюу тэр нь цулд хүрсэн эсвэл хамраас цус гараад тогтохгүй байх, цус алдах үед мөн дэлгэрсэн хямарсан боловсрох чөлөөгүй өвчнүүдийн үед цаг харгалзахгүй шууд ханах шаардлагатай байдаг.

Сэтгүүлч: Тэгвэл дэлгэрсэн хямарсан өвчин гэж ямар өвчнийг хэлэх вэ?

Эмч: Энэ нь гэмтлээс шалтгаалсан өвчин байж болно. Гэнэтийн осолын үед  цус шарын хаөлуун хүний биеийн аль нэг эрхтэнд үүсэж болдог. Энэ үед шууд ханаж муу ццусыг даруй гадагшлуулах ёстой. Эс бөгөөс муу цус биед үлдвэл өвчин гадагшлахгүйн улмаас хүнд өвчин үүсэх магадлалтай юм.

Сэтгүүлч: Хий бадгана голлосон өвчин гэхээр ямар өвчин байх вэ?

Эмч: Энэ нь хүйтэн мөн чанартай өвччнүүд юм. Тиймээс ханах цээртэй. Учир нь өвчнийг хүндрүүлэх аюултай байдаг. Ер нь цаг улиралын тухайд хануурын заслыг хавар, намрын улиралд хийх зүгээр юм. Гэхдээ шүн номондоо тухайн өвчний байдлаас шалтгаалан хануурыг  аль ч цаг үед хийж болно гэдэг л дээ. 

Сэтгүүлч: Хануур хийгэхэд хүмүүсийн насны байдлыг хэрхэн харгалзаж үзэх шаардлагатай байдаг бол ?

Эмч: Уламжлалт анагаах ухаанд хануур хийх үед хүний насыг 3 ангилж үздэг. 1-16 нас бол нялхас,16-70 нас нь идэр, 70 аас дээш бол өтөл насанд хамаарна. Тийм учраас хануурыг 16-70 насныханд хийхэд илүү тохиромжтой гэж үздэг. Идэр залуу хүмүүс нь халуун их, цус шараар голлосон өвчлөл дийлэнх байдаг. 16 нас хүрээгүй хүмүүсийг ханах цээртэй, 70 –аас дээш насны хүмүүсийг ханах тийм сайн биш. Хий их үүсдэг. Өвчин бүхнийг хий удирдаж сүүлийг нь хураана гэж уламжлалт анагаах ухаанд үздэг учраас хий өвчин бол их төвөгтэй. Иймээс зайлшгүй тохиолдол биш л бол аль болох ханахгүй байх хэрэгтэй.

Сэтгүүлч: Ер нь ханах аргуудын талаар та уншигчдад маань сонирхуулаач ?

Эмч: Шүнгийн номонд бол гурван зүйлийг заасан байдаг. Ханахын өмнө бэлтгэл үе, бодитой ханах, сүүлийг нь таслах гэсэн гурван зүйлийг л сайн ойлгож авах нь чухал юм. Ханахын өмнөх бэлтгэлийн үед холын болон ойрын бэлтгэл гэж байдаг. Холын бэлтгэлд нь эс боловсорсоныг боловсруулж бэлдэнэ. Жишээ нь хий халуун хочр зэрэг байвал эхлээд хийг нь дараад дараа нь халууныг нь гадагш ханаж гаргах ёстой байдаг.Бас өвчний цус, тамирын цус хоёрыг заавал тангаар ялгах шаардлагатай юм. Зарим хүмүүс шууд ханадаг. Энэ бол маш буруу. Хэрэв тамирын цус гадагшилж өвчний цус биед үлдвэл халуун биеэс гадагшлахгүй үлдэж түүний урхагаар өвчин улам хүндэрдэг аюултай. Тийм учраас цус ялгах танг өвчний байдлаас  шалтгаалан   ханахын өмнө 3 – 7 хоног  заавал уулгах шаардлагатай юм. Ингэж ханавал хануур маань сая зөв бодитой сайн нөлөөтэй болдог. Ойрын бэлтгэл гэдэг нь тухайн өвчтөнийг хануур хийлгэхийн өмнө дулаан байлгах, хоёр цагийн өмнө халуун бүлээн цай хоол идүүлсэн байх, хануур хийх газрыг дулаан байлгах, буцалсан ус, бурам гэх мэт зүйлсийг бэлтгэсэн байхыг хэлнэ. Хануурын үед буюу хануур дууссаны дараа тухайн өвчтөний бие ямар нэг өөрчлөлт гарах болзошгүй тул тухайн үеийн бэлтгэлийг хангасан байх шаардлагатай юм. Энэ бүгд нь ханахын өмнөх үеийн бэлтгэл болдог л доо. Харин одоо бодитой ханах арга гэж юуг хэлээд байгааг тайлбарлая. Энэ нь үндсэн 6 зүйлийн талаар ярих шаардлагатай юм. Хануурын боолт, өвчнөөс шалтгаалж ямар судасыг ханах буюу хануур талбих, аль бэлчирийг ханах, цусыг шинжлэх, цус гаргах хэмжээ, хануурын дараах гэмийн талаар гэхчилэн эдгээр 6 зүйлийг зайлгүй мэдэж байх нь чухал байдаг. Одоо эдгээрийг товчхон ойлголт өгөхийн тухайд тайлбар хийе.

Боох арга – Ямар  судлыг ханахаас шалтгаалан хаагуур боох тухай ярих хэрэгтэй байх. Жишээ нь толгойн орой, дагз, магнайн судлыг ханах тохиолдолд хөмсөгний дээгүүр хоёр чихийг нь дамнуулаад нарийн зүйлээр бооно. Гэхдээ модоор эрчилж боох шаардлагатай. Мөн элэгний гол судал тохойны шонтонгоос дээш 4 хуруу зайд байдаг. Тэгвэл энэ бэлчирээс дээш 3 хуруу зайд боох шаардлагатай. Тиймээс ямар эрхтэний аль бэлчирийг ханахаас шалтгаалан боох арга харилцан адилгүй байна.

Үндсэн 5 зүйлийн ханах арга байдаг.

 Гулд ханах арга: Том судсыг энгий нь дагуулж ханахыг хэлнэ. 

Хавиргалж ханах арга: энэ нь нарийн судлыг  ханахыг хэлнэ. Жишээ нь хэлний судлыг хажуугаас хавиргалж ханах аргыг хэрэглэдэг байна.

 Хоёрдолж ханах арга: Эхлээд арьсыг хагалаад дараа нь судлын бэлчирийг хагалж цусаа гадагшлуулахыг хэлнэ.   Чухал эрхтэний хажуу дахь судлыг ханахад хэрэглэдэг арга.  Хануур хийх үед бэлчирийг хуруугаар дарахад судас булгихгүй бэлчирээ сайн онодог юм.Үүнээс гадна хөндлөн ханах арга, ташуу ханах арга гэж бий. Ер нь хануур хийхэд анхаарах гол зүйл бол цус гарахаас илүү цусны уурыг заавал гаргах шаардлагатай юм. Хэтрхий бага сүв гаргавал цусны уур гардаггүй. Тийм учраас хануур хийх үед томхон зүсэлт хийж цусны уурыг сайн гаргах хэрэгтэй.Энэ үед цус сайн гарахын зэрэгцээ цусны уур сайтар гарч байдаг.

Үүний  дараа хануур талбих бэлчирийн тухай ярих ёстой. Энэ нь ямар өвчний үед аль  бэлчирийг ханах тухай мэдэж байх нь чухал юм. Тухайлбал хүзүү толггой хөшиж, эргүүлэхэд хүнд хэцүү байдаг буюу хөөрөлт ихтэй хүмүүсийн дагзны судлыг ханах нь үр дүнтэй  байдаг. Бадгана шар голлосон өвчний үед толгой их өвддөг буюу хуйх хөөж хавагнадаг, зулай хүндэрдэг, нүд аргах шинж тэмдгүүд илэрдэг л дээ . Харин энэ  үед толгойн оройн бэлчирийг нээж өгдөг. Мөн алт мөнгөн багана гэдэг судлыг ханавал их үр дүн сайтай байдаг. Гэх мэтчилэн олон арга байдаг. За ингээд хануур хийх үед  гарч байгаа  цусыг шинжлэх шаардлагатай болно. Энэ нь хануурын үед өвчний цус түрүүлж  гарах ёстой. Дараа нь тамирын цус гарч эхлэх үед хануурыг даруй зогсоох шаардлагатай. Цусны өнгө өөрчлөгдөж ирнэ. Хий өвчний үед цус хар хүрэн өтгөн байна. Шар авчний үед харин цус нь шаравтар өнгөтэй, үнэртэй байна. Бадганы цус нь улаан зөөлөн  байна. Өвчний улмаас шалтгаалан цусны өнгө үнэр өөр байна. Хануурын үед өвчний цус гарч дуусаад тамирын цус гарах төдийд хануурыг зогсоох ёстой. Түүний дараа буруудлыг дарах хэрэгтэй байдаг. Хануур эмчилгээний үед 5 гэм гарах магадтай. Хануурын үед муу цус гарахгүй байх, хануурын дараа цус тогтохгүй байх, хануурын дараа хавдар үүсэх, хануурын үед манарах, хий үүсэх эдгээр 5  гэмийг арилгах шаардлагатай.Тухайлбал хануур хийх үед хий үүсвэл бурам уулгах, хийн бэлчирүүд дээр тос түрхэх, хий дарах эмчилгээнүүдийг яаралтай хийх шаардлагатай юм. Хий түрж байгаа эхний шинж нь тухайн өвчтөн эвшээгээд эхэлдэг. Иймэрхүү шинж тэмдгүүдийг эмч өөрөө сайн анзаарах хэрэгтэй юм. Хануур буруу хийсэн тохиолдолд 4 гэм гарна. Хануур илүүдэх, дутуудах, буруудах, гэмтэх 4 гэм гардаг.  Дутах үед  муу цус гарахгүй халууны урхаг  биед үлдвэл элэгний бэтгэ,уяман өвчиин үүсэх мөн хэнхдэг цээжинд, үе мөчинд  шар усны өвчин үүсдэг. Өөрөөр хэлбэл халууны урхаг биед үлдэж шинээр өвчин үүсдэг.Хануур илүүдэх буюу хэт их цус гаргавал хий үүсэх,галын илч доройтох  өвчин хаван үүсдэг. Буруудал гэдэг нь ханаж болохгүй өвчнийг ханах, гэмтэх гэдэг нь махны аньс, шөрмөс гэмтээхийг хэлнэ. Тийм учраас туршлагатай мэргэжлийн эмчээр хануур заслыг хийлгэх хэрэгтэй. Хануурыг зөв сайн хийлгэвэл шар, цуснаас үүсэх  өвчин бүрэн арилах тус эрдэмтэй байдаг.

Сэтгүүлч: Хануур заслын талаар сонирхолтой зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!