Лусын бумба бүтээлгэн залхын учир

Өвөг дээдсүүд маань эрт дээр үеэс байгаль дэлхий уул ус, гол, горхи, рашаан булаг бүр амьтай, эзэнтэй хэмээн хайрлан хамгаалсаар ирсэн уламжлалтай. Тэдгээр эзэд нь Лус савдгууд билээ. Хуучны судар номонд бичиж тэмдэглэснээр 8 төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг байна.

Цагаан Лус - Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн.

Хөх Лус – Булаг шанд, гол мөрөн, далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтадын эзэн.

Хар Лус – Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн.

Очсон газрынхаа уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол Хар лусыг хилэгнүүлнэ. Хүний 5 цул эрхтэнг гочлон барьж өвчлүүлнэ.

Цагаан лус

Ан амьтан, түүний үр төл, мөн ганцаар яваа амьтан ба содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг бөгөөд хүмүүний бие эрхтэн тахир дутуу болох зэргээр өвчилнө.

Хөх лус

Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар агнах хорооход хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь усан хаван, бөөрний өвчин, арьсны элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрнэ. Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бусаар хандахгүй байх нь чухал юм. Хог хаягдалаа ил задгай хаян, газар ухах, шороо чулуу хөндөх, газраас чулуу хамаагүй авч явах, модны мөчир хугалах, тайрах, навч цэцэг санаатайгаар олныг тасдахгүй байх.

Мөн уул хайрхад, овоон дээр гарч архи уух, бие засах, хэрүүл тэмцэл хийх, хараалын үг хэлэлцэхийг цээрлэх.

 Овоо тахилга болон ургаа модонд өргөл барьц өргөж байна хэмээн хадаг уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг зэрэг хог болох зүйлсийг орхихгүй байх.

Ан амьтадыг үй олноор нь агнах, үр төлтөй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх тэр тусмаа лусын амьтан болох могойг алах, шувууны өндөг, үрийг авч гэртээ тавьж элдэв гоёлд хэрэглэхгүй байх хэрэгтэй юм.

Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, аливаа үйлээ бүтээх нь ард түмний дунд эртнээс уламжилж ирсэн зан заншил юм. Тэрээр цай сүүний дээж, будаа, буудай, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх цэвэрхэн зүйлс өргөнө.

Алтан ундаа / сэржим / тэргүүтэй өргөлийг өргөх өөрийн даатгалыг сүсэгийн сэтгэл үүсгэн сайн сайхан бүхнийг хүсэж хийх нь илүү тус  эрдэмтэй байх болно. Ер нь Монгол хүн өвөг дээдэс, хүндэтгэлтэй хүмүүнтэй золгохдоо бүрэн хувцастай золгож золгодог ёс бий.

Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь таньж хорлодог ч гэх нь бий.

Газар орон бүхнийг далдаас ивээн хамгаалж, эрхэндээ хурааж байдаг эздийг ус гол мөрөн, рашаан булгийн эзэн лус, уул хайрхан, газрын эзэн болох савдаг гэдэг. Тэднийг дотор нь амирлангуй зөөлөн ба догшин ширүүн гэж ангилдаг. Лус бүгдийг эрхэндээ хураасан нь Лүйван жалбуу буюу Лусын эрхэт хаан нь юм.

Нэн догшин ширүүн дүр төрхтэй, нэг тэргүүн хёр мутартай, бүтэн биеэрээ могой ороож хаан сэнтийд заларсан дүр төрхтэй юм.

Газар орны эзэд, лус савдаг тэргүүтэн нь хүний энэ насны ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусын бумбыг шүтэн залдаг учиртай. Лусын бумбыг уул ус,  гзар орны эзэн лус савдгийг баясгах, догшин лус савдгийг аргадах, хорлолыг амирлуулах, хишиг гуйх үүднээс түүний бүтээлийг үйлдэж залдаг бөгөөд лусын бумбыг ихэвчлэн лус оршсон уул овоо, газар усанд бүтээнэ.

Мөн түүнчлэн шинээр барилга байшин, сүм дуган бүтээх зэрэгт зориулахаас гадна газрын эд баялгийг ашиглаж байгаа үйл бүхэнд зориулан лус савдагт өргөх учиртай. Үүнийг орон гэр болон эрхэлж буй газрын үйлэнд зориулан залваас лусын хорлол хөнөөл үл халдана хэмээн үздэг.

 Лусын бумбаны бүтээлийн тарни нь:

Дадяата Ум Дата Гада Вага Вана Нагараза Шара Адистиди На Адистиди Суухаа