Гонгорын бумба

Гонгор бурхан нь зүүн талын дээд буюу цээжний өмнөх мутартаа эд баялгийн шүтээн эрдэнийн гавал аягатай бумба барьсан байх агаад энэхүү бумбаны тахилгыг шинийн найман, арван дөрвөнд хийдэг байна. Өлзий хутгийн найман бэлгэ тэмдэг болох бумба нь Бурханы сургаалыг билэгдэх нь ч бий. Бумба өөртөө агуулсан бурхад гэвэл Мэгжиджанрайсиг ядам, Намсрай, Гонгор, Замбал, тэргүүтэн сахиусуудыг дурьдаж болох юм.

Гонгорын бумбаны хувьд лам хуврагууд бурхадын тахилгын олон тооны зай сэлтүүдийг бүрдүүлэн хийгээд егүзэрва нар тэдгээрт тарни уншин адистэд оршоон бумбандаа хийж таглана. Эсвэл зайг бүрдүүлж түүнийг оруулан адислана. Бумбаны тахилгыг гурван жилийн нинчин хийсэн лам хуваргууд хийдэг. Бурханы шашинд энэ насны эд баялагийг өөрийн зорилго гэж үздэггүй, харин ашидийн эрдмийг эрхэмд үзнэ. Иймээс Гонгор, Намсрайн тэргүүтэй бурхадын эд баялаг нь Хутагтын долоон эрдэнийг олгоно. Өөрөөр хэлбэл Хутагтын гэгээрэлд хүргэхэд чиглэх юм.  Үүнд : сүсгийн эрдэнэ, шагшаабадын эрдэнэ, сонсохын эрдэнэ, өглөгийн эрдэнэ, ичгүүрийг мэдэх эрдэнэ, сонжуурыг мэдэх эрдэнэ, билгийн эрдэнэ нугуудыг олгодог байна.

Эдгээр эрдэнэсийг өгөхдоо түүний эх үндэс болсон эд баялагийг  нь давхар өгдөг байна. Өөрөөр хэлбэл, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлхэд ертөнцийн эд баялагаар туслах ба далд утгандаа хутагтын түвшинд хүрэхэд нь билгүүний эрдмээр тусалдаг. Гонгор тэргүүтний бумбаны мөн чанар үүнд оршдог. Тиймээс тахиж буй сүсэгтэнд  эд баялаг, эрхэм дээд хутгийг  хүсэх аваас түүнийг нь ч өгөх  тус эрдэмтэй. Бурханы шашинд эд баялагийн үр нь шимгүй чанартай зүйл. Харин сэтгэлийн эрдмийн эцэст хүрэх эд баялаг нь жинхэнэ баялаг хэмээн үздэг. Хэрвээ хутагт түүний ойр түвшний эрдэм олох аваас ертөнцийн эд баялаг ч хялбархан хуран  чуулах ажээ.

Эрдэнийн угаас үүлэн гарсан хумх гэгч

Энгийн хүзүүтэй, бөөрөнхий хэвлийтэй

Эх амсар ёроол тэргүүтэн нь дэрэвгэр уужим түүнийг

Эрхэм сайхан үнэртнээр сайтар сүрчиж ариутгаад

Элдэв лянхуан мандалд онилон дээдэлж залаад

Эрхшээн бэлдсэн үсгээр чимэглэн үйлдэгтүн

Таалалд нийцэх Ялгуусны хумх түүнийг

Тахин үйлдээд зохих дэвсгэрт залагтун

Таван зүйлийн эрдэнэ, таван үр тэргүүтэн

Таван зүйлийн өлзийт сайн эд бүхнийг

Таарах хувиар нь зай болгон хураан хураан үйлдэгтүн

Таарсан зангиа, сунтаг, амсарын чимэг тэргүүтнийг

Тангарагийн бурхадаар тодотгон амилуулж

Бэлгэ билгийн лагшин лугаа ялгал үгүй түүнийг

Бэлтгэн тахиж, сайтар магтан, тарнийг гүйцээн тоологтун хосгүй тарнийг рашаан лугаа хамт үл хагацуулж

Хот мандалыг бүтээн хүч чадлыг нь бүрдэх тэр үед

Хувь хувийн тааламжит зүгтээн хандуулан тахигтун

            Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс

Гонгор бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад хамаг амьтны тусын тулд УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИНИ СИДИ ЗА  тарнийг олон тоотойгоор урьж унших болой. Бумбандаа өдөр бүрийн цай сүү, хоол ундныхаа дээж, зул хүж зэргийг тахил болгон өргөж байх нь сайн болно. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхт сахиус мөн тул түүнд шүтэж эд баялгийг олооч нь ядарсныг тэтгэх, зовсоныг энэрч, аль чадахаараа өглөгт хичээгч зэргээр бусдын тулд бодь сэтгэлийг үүсгэн буян үйлдэгч байвал нэн сайн. Үл мэдэх, үл сүсэглэхийн гэмийг тэвчвэл зохилтой.

Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ: Гонгор, Намсрай бурханы бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд бурхан тахилынхаа хамт будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй,  хазгай бус, нүүрэн тйлыг бурхадыг залах лугаа адилаар зөв хандуулж хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална. Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.

Хаана ч байрлуулсан өмнө талд нь тахил өрж хүндэтгэн жилдээ нэг удаа их тахилганд оруулж байх хэрэгтэй. Бумба бүтээлгэсэн айл өрх гэр хэрүүл маргаангүй байж буянд шамдан буян заяагаа тогтооход хичээх учиртай.