МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын  сар шинийн мэндчилгээ           

            Монголын ард түмэн сүсэгтэн олон та бүхэн XVII жарны “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилдээ хотол түмнээрээ эрүүл энх, элбэг хангалуун амьдарч, нас буян, ажил үйлс тань дэлгэрч байхын өлзийтэй сайн ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье. Монголчууд бид урган гарч буй шинэ жилийнхээ өнгө төрх болоод байгаль дэлхийгээ шинжин байж элбэг сайхны бэлэг ерөөлийг бүрдүүлээд, настан буурлуудаа хүндэтгэн, нялхас багачуудаа баярлуулан шинэлдэг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Жил бүр өөрийн онцлог шинж ялгамжаатай байдаг тул энэхүү шороон гахай  жилдээ хотол түмнээрээ эе эвээ хичээн, өтгөс нялхасаа энхрийлж, төрт ёсоо дээдлэн хүндэлж байх нь чухал юм. Улиран өнгөрч буй шороон нохой жилд бид амжилт бүтээл дүүрэн сайхан жил байлаа. Монгол орны 21 аймаг 9 дүүргийн бүхий л сүм хийдүүдийн лам хуврагуудыг бурханы шашны дээдийн ном тэр дундаа нууцын ном,  эш онолын эрдэмд сайтар сургах сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирлээ. Мөн Япон, Унгар улсын их дээд сургуулиудад лам нараа сургаж, бурханы шашны боловсролоос гадна орчин цагийн шинжлэх ухааны боловсрол мэдлэгийг эзэмшүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тэрчлэн Солонгос, Унгар, Япон, Франц тэргүүтэй улс орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд болон гадаадын улс орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, монголын бурханы шашны түүх соёл, зан заншил, хөгжил дэвшлийг дэлхий дахинд таниулах Бурханы шашны соёлын төвүүдээ өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Түүнээс гадна нийгэм хүмүүнлэгийн олон талт ажлуудыг үе шаттай хийсээр байна. Мөн МБШТөвийн “Тэргүүн лам нарын зөвлөл”-ийн хурлаараа 21 аймаг 9 дүүргийн сүм хийдүүдийн тэргүүн лам нарын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталсанаар бурханы шашинтанууд бид ирж буй шороон гахай жилдээ олон сайхан ажил үйлийг өрнүүлэн хийхээр төлөвлөөд байгаа юм. Бурханы шашны сургаалд үйлийн үрийг маш тодорхой номлосон байдаг. Учир нь хүмүүний эдлэх жаргал, зовлон нь өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлээс харгалзаж үр нь боловсорч байдаг юм. Тиймээс ард олон та бүхэн  асрал энэрэлийн сэтгэлийг эрхэм болгож, бусдын тусыг хичээн, эх орон байгаль  дэлхийгээ хайрлаж, өвөг дээдсээс уламжлан ирсэн шашин соёлоо дээдлэн хамгаалж, бас хөгжүүлж, өглөг буянд хичээн хотол олноороо амар амгалана өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.