Очирдар бурханыг бүтээсэн тухайд МБШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН хийдийн цорж асан Г.Диваасамбуу гуай

“Санаад утга нь буудаггүй, бясалгаад үндэс нь төрдөггүй цөвүүн цагт нандин шүтээний орны хүчинд шүтэх юм бол увидасыг нь авдаг”

Шүтээн гэдэг нь ямарваа нэгэн төрөлхийтөнд буян хураалгах орон, нандин гэдэг нь дотоод шүтээн гэсэн утгыг тус тус илэрхийлдэг болой.

    Очирдар бурхан ямар учиртай юм бэ хэмээвээс ерөөс хамаг бурхад зуун бурхад, зуун бурхан нь язгуурын таван бурхад, язгуурын таван бурхан нь Очирдар бурханд хураагддаг  гэдэг. Тиймээс түгээмлийн эзэн Очирдар хэмээдэг.

    Очирдар бурханыг бүтээсэн тухайд МБШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН хийдийн цорж асан Г.Диваасамбуу гуай:

 Анх өндөр гэгээн Монгол оронд шашин ном дэлгэрүүлэх аргыг олон талаас шинжин судар тарнийн ёсыг хослон барилдуулсан Богд ламын шашныг шүтвээс шашин тогтоно хэмээн болгоож уг шашныг дэлгэрүүлсэн. Тэгээд Очирдар бурханыг бүтээсэн нь Монголд бүтээсэн Өндөр гэгээний анхны бурхадын нэг юм байна. Өндөр богд XI жарны гал могой жил “Би өндөр настай болов. Намайг халх нийтээрээ богд минь хэмээн шүтдэг боллоо. Би мөнх бус болхоор шавь нар минь надаас хойш хэцүүднэ. Миний адил шүтэж залбирах шүтээн болгож өөрийгөө төлөөлүүлэн Очирдарыг бүтээе” хэмээн таалаад анхлан бүтээсэн гэдэг. Бурхан бүтээж байхыг нь нэг хүн сэм хархад алт, мөнгө, зэс эрдэнэсийг тогоонд хийж хайлаад ханцуйгаа сугалдаргалчихсан тос хольж байгаа юм шиг гараараа хутгаж байсан гэдэг. Мөн “За сайн шүр, оюу, номин нэг шингээр сүншигэнд нь хийлээ, хүнд битгий хэлээрэй” гэж хамт хийлцэж байсан шавь даа захьжээ. Гэвч энэ тухай гадуур ярилцаад байсанд шавь нь надаас өөр хүн мэдээгүй атал ягаад ийм яриа гараад байна хэмээн гайхаж.  Багш нь “ Бид хоёрыг бурхан шүншиглэж байхад хатавчинд Ми ма ен \Хүмүүн бус амьтан\ сууж байсан юм, тэр л тараачхаж дээ” гэсэн гэдэг. Сүншигний дотор Ловон Бадамжунай багшийн бодтой адистидласан “Жэма Ада”-г Очирдарын зүрхэнд нь залжээ. Учир нь урьд төвдийн Тисрондэнзин хааны үед ловон Шантирагчида Самъяа хийдийг байгуулж байх үед тэр газрын лус савдгууд нь ихэд догшин бөгөөд өдөр барьсан сүм дуганыг шөнө нураачихдаг байжээ. Ловон Шантирагчида “Би эднийг дийлэхгүй. Иймд Балбад заларч буй “Санжай нива агхан” \хоёрдугаар бурхан тарнич\-г залж лус савдгийг номхотгох хэрэгтэй” гэж айлдсан. Ийнгээд Ловон Бадамжунайг Төвдөд залж ирсэн. Тэрээр “Танай эндхийн лус савдгууд хэцүү тул бүтээл бясалгал хийн” гэж Самъяа хийдийн ойролцох агуйд бясалгалд суужээ. Энэ үед Гүн-аа, Цамба, Дамжин зэрэг нь их догшин савдгууд байжээ. Тэд “Ловон Бадамжунайн толгойг хагална”  гэж том хад чулуу буулгаж байсан ч биед нь хүрэлгүй хагарч бутран дийлээгүй гэдэг. Ловон Бадамжунай тэднийг гүгшигдэн ирүүлж “Одооноос та нар шашинд тустай үйл хийх хэрэгтэй. Иймд шашныг хамгаалагч сахиус болгоно хэмээн сахил өгсөн бөгөөд ирээгүй заримыг нь гүгшигдэн санваар өгч байхад үс нь аяндаа унаж байжээ. Ийнхүү лус савдгуудыг номхотгон Самъяа хийдийг байгуулж, равнай өргөн олон жил суужээ. Нутаг буцах үед дагалдаж явсан хорин таваг шавь нь “Таныг явчихаар бид багшгүй болно яах билээ” хэмээлдэж зарим нь уйлж унжсанд Ловон Бадамжунай “Намайг төлөөлүүлж шүтэж яв” голын элснээс атган тус бүрд нь өгсөн нь  “Жэма-ада ” юм. Эдгээрийн нэг нь дамжин явсаар V Далай ламд ирсэнийг Өндөр гэгээнд дотончилон өгсөнийг Очирдарын сүншигт оруулсан нь сүншигт хийсэн нандин зүйлсийн нэг юм. Энэ нь Ловон Бадамжунай өөрөө бодитой адистидласан ховор нандин зүйл тул Осирдарын зүрхэнд нь залснаас хойш хангал болгоны эхэнд “Ловон Бадамжунай ламын налжор” уншдаг болсон ажээ. Мөн хангал хурахын эхний солдэв залбиралд Өндөр богдын багш Банчин богд, V Далай ламын залбиралын дараа “ Доржээ чан чэнбу Лувсандамбийжанцан” гэж уншдаг нь Өндөр богд өөрийгөө төлөөлүүлэн Очирдар бурхныг бүтээсэнтэй холбоотой гэж үздэг. Очирдар бурхны таалалд нь багш Ловон Бадамжунай бодтой шингэсэн “ Жэма Ада” –г лагшингийн хөргийн жавхлан гэрэл бадаруулан ёс төгөлдөр багшийн лагшингаар  шүтээнд өргөнө хэмээн лагшин дүрийг ялгуулсан  Очирдар бурхны дотор оршуулахад соёрхосон мөн хээгддэг гэж Хансур Агваандондовын Түгээмлийн эзэн, номын итгэлт Богд тойн Лувсандамбийжалцанбалсамбуугийн сонин явдал хувь төгөлдөр “Тонилохыг хүсэгчийн эгээрлийг хангахуй баясгалант хурим нэрт оршвой” хэмээх өндөр гэгээний намтарт гардаг. Энэ нь:

“Очирдарын эрхт язгуур үндэсний багш  хийгээд

Ялгуусан амирлангуй, хилэнт хөвгүүн хийгээд шавь сэлтэд

Үнэн үгийг бүтээх их төрөлхийтөн бүгд бээр

Зориуулага ерөөлийг зориулан сэтгэлчилэн бүтээхийг зохион соёрх” хэмээх дөрвөн шад номыг зохион уншиж байсан гэж уг намтарт гардаг. 

Бурхан нь гэм болгоныг арилгаж, эрдэм болгоныг олсон сэтгэл гэдэг. Сэтгэл сайхан болж ариусхаар бие дагаад ариусч улам бүр гоё сайхан болоод 32 билиг, наян найраг буюу 112 шинжээр чимэглэгддэг. Энэ чимэглэгдэж хувирсан гоо сайхныг илэрхийлэн гаргах зурж болон барьж бүтээх хувь хэмжээний онолыог 33 тэнгэрийн оронд морилохынхоо өмнө бурхан өөрөө номносон. Бурханы номлосон номлол дээр хувь хэмжээний буюу шугамын онолыг гаргасан. Тэгээд энэ дагуу бүтээдэг. Бутээхдээ хэмжээ төгс бүтээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 112 шинжийг төгс бүтээх ёстой байх юм. Энэ хэмжээ шинжүүдийг Өндөр гэгээний бүтээлүүд дээр тавиад үзхэд зуун хувь алдаагүй гэдэг нь тогдоогдсон. Азийн орнуудад бүтээгдсэн олон сайхан бурхадын хувь хэмжээ дээд тал нь 60-70 хувиас хэтэрдэггүй байдаг. Үнэхээр төгс бүтээл болж чадсан нь Монголчуудын тэр дундаа Өндөр гэгээний бүтээл юм. Тэрээр төрөлхтөний түүхэнд  байгаагүй гоо сайхныг  бүтээж  чадсан. Энэ бүтээлүүдийн оргил нь Очирдар юм. Очирдар хэмээх энэ гахамшигт шүтээн Монголчуудын тусгай нандин болж байдагт бид бахархах ёстой юмаа. Тийм учраас Өндөр гэгээнийг “ Тэнгэрийн урлаач”, “Хувилгаан урлаач” хэмээн хэлэлцдэг байжээ. Манжийн хаан түүнд эрхий хурууны хэртэй брдмаараг чулуу өгөөд 16 найдан, 4 махаранзыг “бүтээ” хэмээсэн ёсоор урлажээ. Бүтээл нь маш сайхан болсонд ихэд сайшааж “Тэнгэрийн урлаач Бишү гармаатай адил” хэмээн сайшаасан гэдэг.

Нандин очирдарыг наймдугаар богд Живзундамба хутагтын өргөөний шар хүрээн дотор “Их бурханы” гэж ярьдаг хамгийн том гэр өргөөнд залж байжээ. Энэ Очирдар бол Өндөр гэгээний мутрын хувилгаан урлал дотроос хамгийн алдартайна юм. Өндөр гэгээн бүтээсэн түүх намтарт нь дурьдагдсан ийм бүтээл юм. Өндөр гэгээн Монгол түмэндээ шүтээн болгож бүтээснээр нь халх нийтийн гэдэг болохоос угтаа бурханы шашинтан хүн болгоны ариун нандин шүтээн мөн юм. Очидар шүтээн бол гүн хөх өнгөтөй, очир хонх барьсан, төгс жаргалангийн лагшинтай, титэм, эрдэнийн найман чимгээр чимсэн, таван торгон хувцас сёрхсон, бурханы язгуур бүхнийг өөртөө хураасан “Юмтай, юмгүй” хоёр янз байдаг. Гандангийн шүтээн бол “Юмгүй” юм. Тарнийн ёсны явдалыг эдлэх, хоёр чуулганыг хуураасан, ялгамжаатай, бурханы гэгээрлийг олж чинадад хүрэх дээргүй ёсон дахь эцсийн сансар дахь агнистын бодь сэтгэлтэн, тарнийн мөрд шүтээд илт таван бодь тэргүүтэн зургадугаарт очир хадгалагч Очирдарын мөн чанарт бурхан болох шинжийг үзүүлсэн бурхан юм.

Очирдар бурханыг бүтээсэн түүх  

Өндөр гэгээний дэргэд урлах эрдэмд нь туслаад ойр байсан Юмханд гэдэг эмэгтэй байжээ. Үүнд тэр үеийн ноёд их дургүй, таалал муутай байж. Нэг өдөр гэгээнтэн хүрэл хайлуулан бүтээлээ хийж эхэлтэл хүрэл нь эвэндээ орж өгөхгүй байсанд Юмхандыг дуудаж гэнэ. Юмханд орж ирээд хүрэлийг гараараа няцлан базаж эвлүүлчихээд “За боллоо” гээд гараад явсан гэдэг. Үүнийг харснаас хойш нөгөө ноёд юу ч хэлж чадахгүй дуугаа хураасан юм гэнэ лээ. Энэ эмэгтэй жирийн биш хувилгаан эмэгтэй байсан гэдэг.

Мөн Очирдар шүтээнийг урлаж байхад бөөн галтай хүдэрийн хайлш гэгээний хөл дээр унасанд хүмүүс сандралдаж л дээ. Тэгтэл тэр галтай хайлш хөлийг нь түлж гэмтээх нь бүү хэл гутлыгн ч түлэлгүй мөнгөн усшиг бөмбөрөөд өнгөрсөн гэж ярьдаг.