YI дүрийн Манзушир хутагт Лувсанбалданчүлтэмжамц Цэрэндорж

Манзушир ламтан Цэрэндорж бол Бүрэнт засагч хааны 12дугаар он буюу  1873 онд Халхын газар Богд Жавзандамбын их шавь отогийн нутаг Богд хан уулын баруун суга Тайнь амны Их ноёны зуслан хэмээх газар мэндэлжээ. Манзушир лам Цэрэндоржийн эцэг Самбадондов тайж хамжлагынхаа хамт Архангайн Наянтай вангийн хошуунаас Богдод өргөгдөн нүүж ирсэн байна. Шинэхэн ирсэн тайжийг Замбутив тайж гэдэг байлаа. Энэ айл голдуу Богд хан уулын баруун сугаар Бөхөг Түргэний эхээр нутагладаг,  олон адуутай айл байсан гэдэг. Замбутив тайж нэгэн өдөр адуугаа залаад харьж явтал гэр дээр нь таван өнгийн солонго татахыг хараад ихэд гайхжээ. Бие давхар хатан Бумбандолгороос нь хүү мэндэлсэнд нутаг усныхан ахайтнаас ер бусын хүү мэндэлсэн гэлцжээ. Ингэж YI дүрийн Манзушир ламтан Цэрэндорж ХҮ жарны усан тахиа жилийн өвлийн сүүл сарын шинийн найманд төрсөн гэдэг.

Тэрээр ҮШ Богдоос 4-5 насаар дүү байжээ. Энэ үед өмнөх Ү дүрийн  Манзушир ламтан Рэнцэндорж таалал төгсөөд 5 жилийн нүүр үзэж байсан бөгөөд ламтаны хойд дүр хаанахын хэнийд төрөх бол хэмээн аждаг байжээ.

Замбутив тайж хийдээс нэг лам залж сан даллага авахуулан хүүгээ угаахад нь ламтнаас Цэрэндорж буюу “Урт наст очир” гэдэг нэр хайрлаж цэвэр цэмцгэр сайхан өсгөж, таван нас хүрмэгц хийдэд суулгаж ном үзүүл гэжээ. Ингэж байтал Богд Жавзандамба хутагтаас  элч илгээж Замбутив тайжийнд төрсөн 5 настай хүүг шинжиж урьд эдүгээгийн шинж тэмдгийг байцаан үзэж Богд өөртөө болон Ёнзон багштан, яаманд мэдээ сонсгол барь гэжээ.

 Элч нар өлзий билгийг сэтгэн Богд хан уулаа нар зөв тойрч айл айл дамжин найрлаж хүмүүсээс элдвийг мэдэж тэмдэглэсээр Тайны аманд Замбутив тайжийнд буужээ. Ёс төр барьж цай идээ, айраг цагаа болцгоотол 4 настай Цэрэндорж хүү гаднаас орж ирээд эхэнд суусан элч ламтаны өмнө очиж нарийн хараагаар харж, “алив байз, энэ чинь миний хэрэглэж байсан цовхор аяга (төвдийн сайн үндсэн тагш), зандан эрхи, хаш хөөрөг байна. Та нар хаанаас олов?” гэж хэлээд маш нарийн хараагаар дахин дахин үзэж гэнэ. Урьд заларч байсан Манзушир ламтаны хэрэглэж байсан зүйлүүдийг бүрнээ таньсан нь тэр байжээ.

Бас өмнөх дүр нь юм харахдаа нүдээ онийлгож хардаг учир “нарийн хараа” гэдэг байжээ. Ингэж Цэрэндорж хүү урьд дүрийн Манзушир ламтануудынхаа юмыг бүрэн таньснаар зогссонгүй дөрвөлж араг дээр эсгий дэвсгэр олбог давхарлаж тавиад дээр нь суугаад хүүхдүүдэд номоор адис тавьж, морь унаад заавал хүүхдээр хөтлүүлэх мэт тоглодог байжээ.

Бадаргуулт төрийн цагаан луу жил буюу 1880 онд 7 настай байхад нь ширээнд залж 16 настайд нь Их Хүрээний шүтээний аймаг, мөн Гандангийн Дашчойнпэл дацанд шавилан суулгаж хоёр уншлага буюу Хангал магтаал ерөөл төгсгөжээ. Их хутагтын алдарыг хүлээсэн Цэрэндорж багаасаа ном эрдмийн мөр хөөж Их Хүрээний Ёнзон хамба Балданчойнпэл, гавж Жигжид нараас гэлэн санваар хүртэж Лувсанбалданчүлтэмжамц гэдэг алдартай болжээ. Тэгээд 1883 оны Шар хулгана жил Дашчойнпэл дацанд заларч 1892 он буюу Хар луу жилд 20 настайдаа домын дамжаа барьж улмаар зиндаа өгсүүлэн гавж болжээ. Олноо өргөгдсөний тэргүүн он буюу 1911 онд 39 настайдаа хүрээний Жүд дацанд Агримбын дамжаа барьжээ. Манзушир ламтан Цэрэндорж нь бие лагшин сүрлэг, нуруу гуалиг, эгц, шулуун, мэлмий тунгалаг, чих, тэргүүн том, гар нь газар хүрэх мэт Манзушир бурханы 32 билэг чанар, 60 үлгэр зураг бүрдсэн гэгээн хутагт байжээ.

Түүний таалалтай зүйл бол эрийн гурван наадам, морь, бөх, сур байлаа. Өөрөө хурдан морь, хүчит бөхийг сайн таньдаг учир Халх долоон хошуу наадамд таван насны морь уяж, бөх болон сур харваачдаа явуулдаг. Тийм учраас Манзушир ламтаны наадам хурдан хүлэг, мэргэн харваачаар Богдын их шавь, отгуудаар барахгүй Халхад алдаршсан гэдэг. Тухайлбал: Долоон хошуу даншиг наадамд Манзушир ламтаны “Монхор” хэмээх бор хээр их насны морио түрүүлсэнд, унасан хүүхдийг дээлийн торгоор шагнуулж, Дээрхийн асрын үүдэнд цол өргүүлж байжээ. Тэр жилд ламтаны гавж, дом хоёр давхарласан учир их баярлаж ийм их баяр над шиг хутагтын (цомбо)-д тааралдахгүй гэж айлдаж байсан гэдэг. Манзушир ламтаны өөрийн шавь отог болох Сономдоо мэргэний отог, Ламын отог, Гомбожавын отог (Одоогийн Төв аймгийн Сэргэлэн, Бор-Өндөр, Баян-Өнжүүл, Баянцагаан зэрэг сумд хамарсан нутаг) Бөхөг Түргэн, Шархай, Хонхор нуур, Олон дов гэх зэрэг газар "Манзушир ламын” бөх, морь, сур, шагай харвах наадам хийж байжээ.

Ламтан өөрөө “Говийн лха”, “Хийморь лүндаа”, Осоржам бурханы лүнг лам, хар олон түмэнд хайрлаж, морь унах, гийнгоолох сургууль дадлагыг олон хоногоор бэлтгэж, Жүрмэд, Бүрэнтөгс, Гочоо, Лувсанцэдэн зэрэг уртын дуучдыг ирүүлж найр хурим хийдэг байжээ. Манзушир ламтан бөх сайн таньдаг байсан учир Их шавийн Гомбожав гэдэг бөхийг долоон хошуу наадамд барилдуулсан нь заан цолтой болж байв.

Манзушир хутагт Цэрэндорж нь алт, мөнгөөр “Сандуйн жүд” буюу “Нууц хураангуй үндэс”, “Доржжодов” буюу "Очироор огтлогч” судруудыг Дагва дарханд захиалга өгч бүтээлгэсэн юм. Эдгээр номыг 52 кг буюу 1460 лан алт, мөнгөөр бүтээсэн байна. Энэхүү их алт, мөнгө нь  хосгүй  уран дархан Дагвын сод авъяас үлэмж хүч гарган зүтгэсний үрээр номд шингэж Монголын төдийгүй дэлхийн хосгүй ховор оюуны ба урын санд байр эзэлсэн нь эдүгээ Улсын төв номын санд хадгалагдаж байна. Уран дархан  Дагва нь 1860 онд Түшээт хан аймгийн Манзушир хутагтын захирсан отог буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Авдархангай уулын хавьд төрсөн хүн байжээ. Дагва дарханы алт мөнгөн энэ хоёр судрыг бүтээж гүйцээхэд  Манзушир ламтан ганцхан цоохор даш хадаг барьсанд хүмүүс шуугиж яагаад их шагнадаггүй юм бол гэсэнд Дэрэндорж ламтан дуулаад өөрөө өөртөө алт мөнгөөр үүрд дурсгал босгож байгаа бурхан хүнийг би шагнаад яахав гэж айлдсан гэдэг.

Манзушир ламтан өөрийн хийд, Нийслэл хүрээ хоёрын хооронд ээлжлэн морилж эрдэм ном болгоохын хамт Богд хаант засгийн газрын эрх баригчдын бүрэлдэхүүнд багтсан томоохон долоон хутагтуудын нэгэн болох учир улс төрийн янз бүрийн ажилд оролцсоор иржээ. Манзушир хутагт Цэрэндорж нь Богдын шашин төрийн ордны дотоод ажлыг зөвлөн гүйцэтгэж, шашин лам нарын асуудлыг голлон хариуцаж байсан юм. Хурал номын жаяг дүрэм сахиулах, хүрээ хийдийг цэвэр цэмцгэр хөгжүүлэх, Богд Жавзандамбын шашин төрийн дотоод бодлогыг нарийн барьж, эзэн Чингисийн төрийн эрхэм ёсыг дагуулах, бусад улс гүрэнтэй харилцах мэт асуудалд Монгол ёсны байр суурьтай хандах нарийн төвөгтэй асуудал Манзушир хутагтад үе үе тулгарч байлаа.

ХҮ жарны “Барагдагч” хэмээх шар бар жил буюу 1938 онд Монгол оронд их гай нүүрлэж, эхлээд сүм хийдүүд, лам нараа, төрийн эрдэмтэн мэргэдээ хүйс тэмтрэн устгах улаан яргалал эхэлсэн билээ. 1937 оны эхээр Х.Чойбалсан Зөвлөлтийн Дотоод Яамны Ежовт захидал бичихдээ: "Бид саяхан 3 гишүүн бүхий комисс байгуулан 25 том толгой лам нарыг баривчлан авч туйлын зохистойгоор шийтгэсэн гэжээ.

Эдгээр явдлыг түргэвчлэн эхлэж юуны түрүүн Манзушир хутагт Цэрэндоржийг баривчлан авч:

-Та Японы тагнуул, Гандан хүрээний эсэргүү бүлгэмийн удирдагчийн нэг мөн биз дээ? гэж байцаасанд ламтан:

-Би биш байх, та нар хүнээ олж аваад байцааж үз. Ер нь “сүү, цус” хоёрыг нэг саванд хийдэггүй шүү гээд дуугарсангүй. Тэгээд шүүхийн дарга Даншийцоодол, баруун чойрын гэвш лам байсан Хаймчог зэрэг аль урдаа барьдаг байцаагч нараар ээлжлүүлэн байцаалгаснаар нэг ч өчиг авч чадалгүй буудан алах ял тулгаж байжээ. Тэр үед ламтаны зөвхөн нэг анкет бичсэнийг сийрүүлвээс: С.Цэрэндорж миний бие одоо 65 настай. Төв аймгийн Сэргэлэн сум, урьд Донхор Манзушир хутагтын YI дүр гэж залагдсан, тусгай шавь отог 1800 гаруй шавийг захирч явсан. Автономитын үед Ерөнхий сайд, тайж Эрэгдэндагвын хэрэгт холбогдож 10 жилийн тэнсэнгээр шийтгүүлж байсан. Дашчойнпэл дацанд гавж, Зүүн хүрээнд агримба зэрэг мяндаг тус тус хүлээсэн. Мөн энэ завсар Эрдэнэ зуу, Егүзэрийн хийд, Баянтүмэн, Угтамын хийд, Баруун зүүн Чойр, Жанчивлан хийд зэрэг газар 2-3 удаа очиж лүн ван тавьж, олон шавьтай болж чухам тоог мэдэхээ больсон гэжээ. Манзушир ламтаныг хилс хэрэгт тулгаж байгаад 1937 оны 10 дугаар сарын 7-ны шөнө 00 цаг 42 минутад цаазлан хороожээ. Манзушир хутагт С.Цэрэндоржид холбогдох 3337 тоот мөрдөн байцаалтын хэрэг, БНМАУ-ын прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр Дээд шүүхийн мөрдөн байцаалтын бүгд хурлаас хянан хэлэлцэж 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолоор цагаатгасан билээ.

Багшийг тахихуйд үнэнхүү шамд