ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Бурхан багш “Миний шашин умраас умар зүгт улам дэлгэрнэ” хэмээн айлдсанчлан Бурханы шашин Энэтхэг орноос Их Монгол оронд 2000 гаруй жилийн тэртээгээс гурван удаа дэлгэрч, түүхийн мандал, буурлын нугачааг туулсаар энэ зуунд өвлөгдөн ирсэн. Сүүлчийн удаагийн дэлгэрэлт буюу  XVI зуунаас эхлэн Их хөлгөний шашин тэр дундаа Гэлүгвийн ёс дэлгэрч XX зууны эхэн гэхэд Монголын нийт ард түмний үндэсний шашин болсон. Эртний Энэтхэгийн Наландарын хийдээс дамжлагатай Их хүрээ нь Монголын бурханы шашны удирдлага, зохион байгуулалт, боловсролын төв байсан бөгөөд Цогчэн, 12 дацан, 30 аймгаараа дамжуулан шашны үйл хэргээ явуулж байсан. Их хүрээнээс олон зуун эрдэмтэн мэргэд төрөн гарч бурханы шашны салбар ухааны чиглэлээр олон мянган бүтээл туурвилуудыг зохиосон бөлгөө.

Коммунист хэлмэгдүүлэлтийн үед олон арван мянган эрдэмтэн лам хуврагууд амь насаа алдаж, зуун зуун жилийн туршид уламжлагдан хөгжсөн бурханы шашны агуу өв соёл устаж, нэр төдий болсон авч ерөөл буяны хүчээр Гандантэгчэнлин хийд 1944 онд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэж, тухайн коммунист нийгмийн хатуу хараа хяналтын дор хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байв. Гандантэгчэнлин хийдэд газар, газрын олон эрдэмтэн мэргэд, нандин бурхан шүтээн, ховор ном судрууд цугларсны зэрэгцээ Өвөр Монголоос Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд  Балдан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал зэрэг нь нүүн ирээд тус хийдэд нэгдсэн. Ийнхүү Гандантэгчэнлин хийд нь Монголын Бурханы Шашны Төв захиргаа болсон юм. 1992 оны Монголын бурханы шашинтны анхдугаар чуулган нь Гандантэгчэнлин хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв хэмээн дахин баталгаажуулсан.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Цогчэн хурал, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацан, Бурханы Шашны Их Сургууль, Урлахуйн Ухааны Дээд Сургууль, шашны сургалттай дунд сургууль, шашны сургалттай “Баян эрхэт” бага сургууль, “Төгс баясгалангийн гэгээ” хүүхдийн цэцэрлэг зэрэг салбаруудаар уламжлалт бурханы шашны болон орчин цагийн мэдлэг, боловсрол, уншлага, зан үйл гэх мэт олон талт шавхагдашгүй өв соёлоо өвлүүлэн заан эзэмшүүлж байна. Үүнээс гадна хөдөө орон нутгийн хийдүүдтэй харилцах алба, хэвлэл мэдээлэл, Билгийн Мэлмий сонин, Олон Нийттэй Харилцах Алба, “Лавайн эгшиг” FМ радио, “Нигүүлсэл” халамжийн төвөөрөө дамжуулан хөдөө орон нутгийн сүм хийд болон нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байна. Гадаад Харилцааны Алба, Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлаар дамжуулан гадаадын бурханы шашинтай болон бусад улс гүрэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн амар амгалангийн төлөө ажиллаж байна.

Эрдэм соёлын хүрээлэн, номын сан нь бурханы шашны судлагаа шинжилгээний ажил болон ховор нандин ном судрыг хадгалан хамгаалах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах ажлуудыг өрнүүлж байна.  Түүнчлэн гадаад улс орон болон хөдөө орон нутагт тус хийдийн салбарууд болох Энэтхэгийн Бодь Гаяагийн “Батцагаан” сүм, Өмнөд Солонгосын  “Амар Амгалан” сүм, Өвөрхангай аймгийн “Төвхөн” хийд, Цагаан Сүм, Хөвсгөл аймгийн “Даян дээрх” зэрэг хийдүүд нь хурал номын үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.