БОГДЫН ИХ ШАВИЙН ГОЛЫН ДОЛООН ХУТАГТ

Халхын бурханы шашны тэргүүн Жавзандамба хутагтын харъяат шавийн дотор  эрх ямба бүхий Донхор хутагт, Ялгуулсан хутагт, Ялгуулсан хутагт Номунхан, Эрдэнэ мэргэн бандида, Мэргэн хан номун хан, Бамбар эрдэнэ хувилгаан, Довдонбалын хувилгаан байсан юм. Эдгээрийг бусад хутагт хувилгаадаас онцлон “Голын долоон хутагт” хэмээн дууддаг байна. Тэдгээрийн тухайд Үндэсний Түүхийн төв архив, УННС-гийн монгол гар бичмэлийн хөмрөгт буй “Гэгээнтэний харъяат шавийн хувилгаанаас Жургаанд данс мэдээтэй долоон хутагт хувилгаан хийгээд жич данс мэдээ үгүй хутагт хувилгаад, цорж лам нарыг байцаасан цэс”, “Богдын шавийн долоон хутагтын уг эх”, “Богдын шавийн уг эх учрыг тодорхойлж байцаасан цэс” зэрэг гол баримт нь товч цэс бөгөөд харин “Богдын шавийн долоон хутагтын уг эх” хэмээх нь арай дэлгэрэнгүй юм. Агуулгын хувьд үндсэндээ адил боловч мэдээ баримтын нэгд нь байхгүйг нөгөө нь нөхвөрлөсөн, ялангуяа архивт буй баримтад зарим хутагт хувилгаадын хаана, хэн гэгчийн гэр бүлд төрсөн талаар мэдээлсэн байна

1.         Манзушир хутагт Цэрэндорж. Богд уулын өвөрт "Улаан асга" хэмээх  газар хийд байгуулсан.

2.         Бамбар-Эрдэнэ хутагт Цэвэгмид. (Хүрээнд хувилгааны аймаг гэж байв).

3.         Нинждолбий номунхан буюу Срайдорж Номун хан Ванчигдорж нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд байсан байна.

4.         Брайвун номунхан Найдансүрэн. (Нийслэл хүрээнд Номун ханы аймаг гэж байв)

5.         Орлой мэргэн хутагт (Дугарын аймгийн хүн)

6.         Эрдэнэ хамба хутагт Лувсанцэрэндамбийдонмэ. (Шүтээний аймгийн хүн)

7.         Мэргэн хамба Дэмбэрэлдаш. (Нийслэл хүрээнд байсан. Мэргэн хамбын аймаг гэж байв)

 Донхор Мангзушир хутагтын түүхийг өгүүлвээс:

 Богд хан  уулын өвөрт "Улаан асга" хэмээх  газар хийд байгуулж байсан бөгөөд харьяат шавийн аймаг савыг баригч Цогт номун хан ламтан Манзушир Цэрэндоржийн уг эх нь: Анх Энэтхэг орноо Бурхан багшийн үед Дүлбийндог хувилгаанаас нааш Энэтхэгт Дармабал, Шивийндог, Дарма, Ёндон-Од, Хятадын Утай Шан ууланд Жамбалшонуршир, Балбын оронд Агчиндоржшонну, Төвдийн оронд Томисамбада, Догдан ютинямбуу, лозва Чүлтэмжалба, Бодова Ринчинсал, Замбажарай, Үржинхандын оронд Налжорваанчиг, бас Төвдийн оронд Дүлзэндагважалцан, Жавчогбалсан, мөн Тэнгэрийн оронд Шивинямбуу, Амдогийн оронд Даваажанцан, Донхор Ёндонжамц, бас Монголын оронд Жамъянжамц, Жалбаажамц, Жамбалжамц, мөн Амдо нутагт  Донхор Жамъянлхүндэв хэмээн хувилж байсан түүх бий.  Донхор гэдэг нь дон-мянга; хор- шавь, нөхөд гэсэн төвд үг юм. Нийлүүлвээс “мянган шавьтай” гэсэн утга бүхий үг болой.

I дүрийн  Манзушир хутагт Лувсанжамбалданзан (1695-1750)

II дүрийн Манзушир хутагт Лувсантүвдэнваанчиг (1753-1816)

III дүрийн Манзушир хутагт Лувсанчүлтэмжигмэд (1817-1841)

IY дүрийн Манзушир хутагт Дашдэндэв (1841-1853)

Ү дүрийн Манзушир хутагт Рэнцэндорж (1859-?)

YI дүрийн Манзушир хутагт Лувсанбалданчүлтэмжамц (Цэрэндорж) (1873-1937)

нар болно.