Чөлөө учралаас шимийг авах дээд арга бол “Багшийг тахихуй”

 Багшийг шүтэх ёс нь гэгээрэлд хүрэх зам мөр тул буяны садан багшийг шүтээд нүгэл хилэнцээ арилган, агуу их буяны чуулганыг хураан үтэр түргэнээ төгс гэгээрсэн дээдсүүд олон байсан. Бурхан багш бээр:

Тангараг бүгдийн дотроос

Тахиж багшийг хүндлэх нь хамгаас дээд

Тиймийн тул шамдал бүгдээр

Бишрэн багшаа тахиж үйлд

Эрх баялагт “аравдугаар газар”-ыг

Эрхэм түүний ачаар амар олмуй

Иймийн тул багшаас үлэмж

Их нэгэн хаана буй хэмээн айлджээ. Өнөө цагт бурханы шашинтануудын гол анхааран авлага болоод буй “Багшийг тахихуйн” гүн нарийн увидсыг анх Бурхан багш бээр гэтэлгэгч Манзуширд айлдсан байна. Харин хутагт орь залуу Манзушир бурхан уг увидсыг Богд Зонховад өөрийн аман гэгээнээр хайрлажээ.

            Богд Зонхова бээр увдис түүнийг машид нандигнан шавь нарын сонорт дамжуулснаар “сонорын дамжлага” болон эдүгээг хүрсэн байна. Хожим нь Банчэн богд Лувсанчойижалцан бээр уг увдисыг үсэгт буулган “Багшийг тахихуйн ёс”-ыг зохиосоноор Бурханы шашинд асар их гавъяа байгуулсан түүхтэй. Бурхан багш бээр:

“Сэлүүрчин үгүй завиар

Усны чинадад хүрч үл үл чадмуй 

Эрдэм бүгдийг машид төгсгөвч  багш үгүй бол

Энэ орчлонгоос гэтэлж үл чадмуй” хэмээн айлдсан байдаг.  Энэ нь “Бурханы шашинд орохуйн үүд аврал одуулах бөгөөд үүнд шамдан гэнэн, равжун, гэцүл, гэлэнгийн санваар хүртэх бүгд гагц багшаас харгалзана. Учир нь санваар хүртэх үест хамба, ловонг хэрхэн хайх, олоод хэрхэн шүтэх, тэндээс авал орхилыг айлтгах “орон” –ы багшийг хайх, сонсох, санах, бясалгах гурвыг үйлдэхийн тулд уншлагы н багшийг хайх, олоод хэрхэн шүтэх, багш тэдгээрт бишрэл, өргөл, хүндлэхүйн тахилыг хэрхэн үйлдэх ёс, багшаа бурханд үзэж санаагаар шүтэх ёс, бие хэлээр өргөл хүндлэл,зарлигчлан бүтээх буюу үйлдлээр шүтэх ёс байдаг  тухай “Винайн эшлэлд айлдсан байдаг. Нэгэн түүхийг өгүүлвээс:

            Шаарийбуу анх Бурхан багшийн дэргэд иртэл түүний багш Дадүв байлаа. Харин Бурхан багш бээр Шаарийбууг эхэлж Дадүв багшид нь мөргүүлээд дараа нь өөртөө мөргүүлж байжээ. Хэдийгээр бид бүгд хутагт Манзушир, Майдар тэргүүтэнтэй учирсан ч өөрийн буяны садан багшийг ёсчлон шүтэхгүй бол дээд онолын эрдмийг олох боломжгүй юм. Ер судар болоод тарнийн ёсон алин боловч дээдийн багшийг номын ёсчлон шүтэх нь ихэд чухал юм. Дээр өгүүлсэнчлэн  Богд Зонхова бээр Манзушир бурхантай нигүүр учирч түүнд гадаад, дотоод, нууц, хоосон  чанарын тахил зэргийг өргөн “Шавь нар түргэнээс түргэн бурханы хутгийг олоход юуг  үйлдэх хэрэгтэй вэ?” хэмээн асуужээ. Манзушир бурхан хариуд нь” бидний анхааран авлага болж буй “Багшийг  тахихуй” адил судар, тарнийг хослуулсан, Бурханы хутагт хүргэх мөрийг бүрэн гүйцэд үзүүлсэн номыг анхааран авах хэрэгтэй хэмээн айлджээ.

            Анхааран авах үедээ Сандуй, Дэмчог, Жигжид гурвыг хослуулах хэрэгтэйг ч айлдсан байдаг. Манзушир бурханаас өвлөн авсан сонорын дамжлагын нарийн увдисаа Богд Зонхова бээр өөрийн шавь бүтээлийн эрх баялагт Жамбалжамцова болон дотны шавь Хайдүв гэгээн хоёрт хайрласан бөгөөд тэр хоёр Басо Чойжижалцанд өвлүүлжээ. Чойжижалцан нь аглагт морилохыг ихэд хүссэн боловч түүнийг Ганданширээтэд залсан байна. Хожим их бүтээлч Чойжидорж 11 насандаа Гандан хийдэд морилох үед дагинасуудын бошгын дагуу түүнийг шавь болгоод 16 нас хүртэл нь сонорын дамжлагын олон увдисыг дамжуулан өгчээ. Ийнхүү их бүтээлч Чойжидорж аглагт морилон хатуу бэрхийг туулан анхааран авлага үйлдсэнээр солонгон биеийг олж Богд Зонховын нигуурыг илтэд болгоосон гэдэг. Энэ үед Богд Зонхова бээр “Багшийн егүзэр давхарлагат гурав” буюу багшийн таалалд нь Бурхан багш, түүний  таалалд Очирдара болон ХУМ үсэг байгаагаар бясалгах ёсыг айлджээ. Энэ гайхамшигт бясалгалыг анхааран авлага болгосны эцэст дээд онолын эрдмийг олж бурханы хутагт хүрчээ.

            Ер эрдэм бүхэн багшийг ёсчлон шүтэхээс гардаг. Бурхан багшийн айлдсан Ганжуурын 108 ботийг үзэхэд зарим нь гэгээрлийн мөрийн бэлтгэл ,зарим нь бодит гол номлол, зарим нь эдгээрийн дэмжлэг зэргээр үзүүлсэн байдаг. Бурханы зарлиг бүгд хүмүүний сэтгэлийг хэрхэн номхруулах увдисыг үзүүлсэн байх бөгөөд “Багшийг тахихуй”-г  сайтар ойлгосон хүн ч үүнийг ухаарах юм. Учир нь энэхүү сударт гурван төрөлхтний гэгээрлийн зам мөрийг үзүүлсэн ба нэгэн бодгалийн бурханы хутагт хүрэх зам мөрийг дэс дараатай номлосон ту үүнийг судалсанаар бурханы тааллыг хялбар онох онцлогтой. Ийн судалж ойлгосноор гэм буруутай үйл хийхээ больж, гэмт явдлууд аяндаа хоригдон  сэтгэл номхордог байна.

            Чөлөө учрал бүрдсэн энэ төрлөөс шимийг нь авахын дээд арга нь судар, тарнийн мөрийн аньс бүхэн бүрдсэн багш бурханыг тааллын туйлд барихтун. “Багшийг тахихуй” –г анхааран авч бясалгах гэж буй хүн ханьцашгүй дандрын авшгийг зайлшгүй авсан байх шаардлагатай. Бясалгаач нь биеийн болон сэтгэлийн алгасралыг арилгахын тулд аглаг газарт бүтээл  бясалгал үйлдэх хэрэгтэй байдаг. Тэрхүү газар нь Бурхан багш заларсан, эсвэл их бодьсадва нар болон дээдсүүд заларсан газар байвал бүр ч сайн. Эс бөгөөс хоол хүнс амар олдох, дуу чимээнээс хол, ном хөтлөн заагч багшид ойр тийм газарт бясалгал хийх хэрэгтэй юм.Бясалгалыг номын ёсны дагуу тусгай зан үйл, дэг жаягийг баримтлан буяны садан багшаар заалган хөтлүүлэх нь чухал юм.

 

Ахар богино энэ насаар юу үйлдэх нь хялбар

Аяа бас сайн мөр энэ нь хойшид олдох ч бэрх тул

Агуу бурханы магтсан аглаг ойн дунд

Алгасрал үгүй нэгэн үзүүрээр бүтээлийн эцэст хүрэх болтугай.

 

 

 Бурхан багш үйлийн үрийн ялгалыг нийтэд үзүүлсэн нь

 

Манаба хэмээх нэгэн бээр Ялж төгс нөгчсөн Бурхан багшид  ийн өчсөн нь “Амьтдад амгалан, зовлон тэргүүтэн олон байдал буй. Энэ бүгд  үйлийн байдал боловсрохтой ямар хамаатай бол?” хэмээсэнд Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр зарлиг болруун:

            “Үйлийн байдал ялгалыг үзүүлье. Машид сайтар сонсож, сэтгэлдээ баригтун. Би бээр номлосугай. Тэр нь энэ мэт болой. Амьтад нь урьд төрлийн үйлээс болсон” хэмээгээд:

  

Нас ахар болох үйл нь аль хэмээвээс амь тасласан, бусдаар амь таслуулсан, амь таслахад даган баяссан, амь таслахыг сайшаан         өгүүлсэн, умайд үхүүлсэн, умайн орныг үгүй болгосон, дайсан үхвээс баяссан, дайсан үхвээс сайн хэмээн өгүүлсэн, амьтныг алах   шүтээн байгуулж түүнд тахил өглөг тогтоосон, хэрүүл харж баясах эдгээр арван үйл нь нас охор ба өвчин олон болохын үйл болой

 Нас урт болохын үйл аль буй хэмээвээс амь таслахыг тэвчих хийгээд бусдыг амь таслахыг тэвчүүлэх ба амь таслахыг тэвчсэнд     сайшаан өгүүлэх, алагдах хүн ба адгуус тэргүүтэн өт хорхойноос дээшхийн амийг аврах, айх хийгээд цочсон амьтдыг аюулаас аврах,   аврал, итгэлгүй амьтдад энэрэхийг сэтгэх, өвчтөн хийгээд нялхас ба хөгшидөд туслах сэтгэлээр идээ өгөх, үгээгүй ядуу гуйланчид   туслах сэтгэлээр хувцас ба идээ ундаа өгөх, цэрэг тэргүүтний тэмцлийг амирлуулан буяны зүгт байгуулах, суварга ба хийд эвдэрснийг   сэлбэх эдгээр арван үйл нь нас урт өвчингүй болох үйл болой.

Өвчин элбэг болох үйл аль хэмээвээс хорлох сэтгэлээр хүн ба адгуус тэргүүтнийг гөвших ба бусдаар гөвшүүлэх, гөвшсөнийг сайшаан   өгүүлэх, эцэг эхийн сэтгэлийг амгалангүй болгох, шагшаабад төгөлдөр нарын сэтгэлийг амгалангүй болгох, өвчтөнд буруу эм өгөх, идээ   урьдах нь эс шингэсэнд хойтохыг өгөх, бусдын гасланг уртасгах, амраг бус өвдвөөс баясах, өвчин нь арилваас үл баясах эдгээр арав     нь өвчин элбэг болохын үйл болой.

Өвчин цөөн болохын үйл аль хэмээвээс хорлох сэтгэлээр гөвшихийг тэвчих, бусдаар гөвшүүлэхийг тэвчих, тэвчсэнд сайшаан өгүүлэх,   өвчтөнд эмийг ёсоор өгөх, амраг бус өвдвөөс үл баясах, түүний өвчин эдгэвээс баясах, эцэг эх өвдвөөс асрах, тойн хуврагууд өвдвөөс   асрах, хөгшин ба залуу тэтгэгчгүй өвдвөөс асрах, идээг шингүүлж өгөх эдгээр арав нь өвчин цөөн болох үйл болой.

​​​​​​​Өнгө гоо бус болох үйл аль хэмээвээс өчүүхэн төдийд уурлах, өчүүхэн төдийд өс барих, хорлосны хариуг үйлдсэн, лам багш ба эцэг   эхийг муу хэлсэн, гаслантанд мууг үйлдэх, бодгал бусдуудад муу үг өгүүлэх, орон байшинг цэвэрлэн үл үйлдэх, зулын гэрлийг таслах,   дүр үзэсгэлэнгүйг элэглэх, цэвэрлэх нь бага эдгээр арав нь гоо бус  төрөх үйл болой.

​​​​​​​Бие үзэсгэлэнтэй болох үйл аль хэмээвээс үл уурлах, өслөн үл барих, хувцас чимэг өгөх, суварга хийгээд хийд ба орон байшин   тэргүүтнийг цагаан шороогоор сэлбэх. лам багш ба эцэг эхийг сайнаар хэлэх, бодгал бусдыг сайнаар хэлэх, суварга ба хийд орон   тэргүүтнийг байнга арчин цэвэрлэх, бодгал бусдыг үл сонжих, их цэвэр, гаслантанд ярууг өгүүлэх эдгээр арав нь бие үзэсгэлэнтэй   болох үйл болой.

​​​​​​​Хүч өчүүхэн болох үйл аль хэмээвээс их атаархуу, харамч, лам багш хийгээд эцэг эхийг шоолох, шагшаабад төгс, өвчтөн, хөгшин     тэргүүтнийг шоолох, нүглийг сайн гэж хэлэх, бодь сэтгэлээс няцах, бусдад сайн гарваас үл баясах, бусдад зовлон гарваас баясах, багш   ба эцэг эхэд өргөл хүндлэл үл үйлдэх, гаслантанд асрахыг үл үйлдсэн эдгээр арав нь хүч өчүүхэн болох үйл болой.

Хүч их болох үйл аль хэмээвээс атаархахгүй, харам үгүй, бусдад сайн гарваас баясах, бусдыг сайн хэлсэнд баясах, эрх багатайгаар   нүглийг тэвчүүлэх, эрх ихтэйгээр буян үйлдүүлэх, бодь сэтгэл үүсгэх, суварга ба хийд байгуулах, бурхан шүтээн босгох, номыг дурьдах   арав нь хүч их болох үйл болой.

​​​​​​​Язгуур доор болох үйл аль буй хэмээвээс омог ихтэй, эцэг эхээ эцэг эхэд үл барих, шармаан хийгээд өндөр язгууртныг доромжлох,   лам багш ба хуврагуудыг басамжлах, лам багш ба өвчтнийг үл асрах, эцэг эхэд өргөл хүндлэл үл үйлдэх, зочдыг үл зочилох, хутагтыг   доромжлох, шагшаабад төгсийг доромжлох арав нь язгуур доор болох үйл болой.

​​​​​​​Язгуур өндөр болох үйл аль хэмээвээс омог үгүй, эцэг эхийг эцэг эхэд барих, тойн хуврагийг хуврагт барих, их язгууртныг хүндлэх,   доорд язгууртныг үл доромжлох, эцэг эхэд хүндлэл үйлдэх, шагшаабад төгсийг хүндлэх, лам багш хийгээд эцэг эх ба номын явдалтан   бусдыг хүндлэн суудлаас босох, дэвсгэр өгөх, дээд үе, доод үеийнхэнд ялгаваргүй үйлдэх арав нь язгуур өндөр болох үйл болой.

Эдлэл өчүүхэн болох үйл аль хэмээвээс эс өгснийг авах хийгээд эс өгснийг авахуулах, эс өгснийг авсанд сайшаан өгүүлэх, түүнд   даган баясах, эцэг эхийн амьжиргааг булаах, хутагт ба шагшаабад төгсийн амьжиргааг булаах, тойн ба нялхас, хөгшин, үгээгүй, өвчтөн   нарын амьжиргааг булаах, бусдыг үгүйрвээс баясах, бусад баян болвоос зэтгэр үйлдэх ба үр төмс муу, зуд болвол баясах арав нь   эдлэл өчүүхэн болох үйл болой.

​​​​​​​Эдлэл их болохын үйл аль хэмээвээс эс өгснийг авахыг тэвчих, тэвчүүлэх, тэвчсэнд даган баясах, эцэг эхэд амьдралыг өргөх, хутагт   ба шагшаабад төгсүүдэд өргөл өргөх, өвчтөн нялхас, хөгшин, үгээгүй тэргүүтнүүдэд өглөг өгөх ба бусдыг үгүйрвээс гомдох, баяжваас   баясах хийгээд өглөг өгсөн бодгал нарт машид баясах бөгөөд магтах ба зүг бүхэнд үр төмс сайн болвоос баясах арав нь эдлэл их   болох үйл болой.

​​​​​​​Билиг өчүүхэн болохын үйл аль хэмээвээс номыг аль мөн хэмээн үл асуух, би юу нэгийг үйлдвээс сайн болох хэмээн үл асуух, билиг   цалгайдуулах, буруу үзэлтнийг шүтэх, үнэн үзэл ба үнэн үзэлд мэргэшснийг тэвчих, Дээдийн номыг заах, ном өгүүлэгч нарыг сайнд үл   үйлдэх, ном бусыг үзүүлэгчид сайнд үйлдэх, ном бичсэн ба уншсанд муу үг өгүүлэх, тэдгээрийн зохилдох шалтгааныг булаах, амь   таслах тэргүүтэн буруу номыг арвижуулах, үнэн номыг тэвчих арав нь билиг өчүүхэн болох үйл болой.

Билиг их болохын үйл аль хэмээвээс мэргэдээс ном алин мөнийг асуух, мунхаг ба доорд бодгалтай үл нөхөрлөх, үл шүтэх, дээд үе   мэргэдтэй нөхөрлөх бөгөөд шүтэх, бусдад ном заах бөгөөд тодорхой үйлдэх, ном бусыг муутгах, номын сав болох бодгал нарын номын   явдалд үл айлгах бөгөөд дадуулж үйлдэх, сургууль үйлдэгчид буянтай болой хэмээн магтах, үл үйлдэгчид үл магтах, судар, бэх, үзэг   тэргүүтний өглөг үйлдэх, буруу үзэлтэнд муушаах бөгөөд үнэн үзэлд сайшаан өгүүлэх, архи үл уух арав нь билиг их болох үйл болой.

​​​​​​​Тамд төрөх үйл аль хэмээвээс биеийн гурван нүгэл, хэлний дөрвөн нүгэл хийгээд сэтгэлийн гурван нүтлийг ихэд үйлдсэн, ачтанд ачийг   үл хариулсан, завсаргүй үйлийг үйлдсэн, лам багш ба шагшаабад төгс нарт хоч өгсөн, гаслан өнөд болсонд муушаан хэлсэн, хүслээр   бурууд эдлүүлсэн, бусдын тус амгаланг үгүй болгосон, тачаал, урин, мунхаг гурав аль болохын хүч машид их арав нь тамд төрөх үйл   болой.

​​​​​​​Бирдэд төрөх үйл аль хэмээвээс бие, хэл, сэтгэл гурвын гэм дундаж  үйлдсэн болоод  хүслээр буруу амьдарсан, харам их, өглөг үл   өгсөн, өглөгт зэтгэр үйлдсэн, эдэд тачааж үхсэн, өлсөж ундаассаар үхсэн, уригнасаар үхсэн, хүсэлд тачаасаар үхсэн арав нь бирдэд   төрөх үйл болой.

​​​​​​​Адгуусанд төрөх үйл аль хэмээвээс бие, хэл, сэтгэл гурвын гэм бага үйлдсэн хийгээд тачаал, урин, мунхаг гурваар түйтгэрлэх үйл   үйлдсэн, эцэг эх ба тойн нарт ёс лугаа адилгүй өглөгийг үйлдсэн, адгуусанд төрөхийг ерөөсөн ба адгуусанд төрснийг элэглэн шоолсон,   бодисадва ерөөлийн хүчээр арсланд төрсөн, муу ам үйлдсний үйлээр бичинд төрсөн мэт арав нь адгуусанд төрөх  үйл болой.

Асурид төрж болох үйл аль хэмээвээс бие, хэл, сэтгэлээр мууг бага үйлдсэн, омог ба ил омог хийгээд “Би болой” хэмээх омог ба   өчүүхэн омог, буяны язгуурыг түүнд зориулах, билгийн үүднээс тачаал үйлдсэн, түүний үүднээс шагшаабадыг мууд үйлдсэн арав нь   асурид төрөх үйл болой.

​​​​​​​Хүнд төрж болох үйл аль хэмээвээс амь таслах ба эс өгснийг авах ба хүслээр буруу алгасрах, биеийн үйл гурав хийгээд худал   өгүүлэх, хов хэлэх, ширүүн үгс, чалчаа үг хэлний үйл дөрөв хийгээд бусдын эдлэлд тачаал үйлдэх, хорлох сэтгэл, буруу үзэл сэтгэлийн   үйл хийгээд арван нүглийн үйл эдгээрийг тэвчих бөгөөд арван буяны үйлийг аль чадахаар үйлдвээс  хүн төрлийг олох үйл болой.

​​​​​​​Хүсэлт тэнгэрт төрж болох үйл аль хэмээвээс Арван буяны үйлийн мөрөөс үл доройтсон бөгөөд сайтар судалсан болвоос Хүсэлт   тэнгэрт төрж болох болой.

​​​​​​​Дүрст тэнгэрт төрөх  үйл аль хэмээвээс Арван буяны үйлийн мөрийг сайтар судлах бөгөөд машид тэгш агуулах хийгээд ялгавартай   машид хэтэрхий лүгээ огоот төгс үйлдэх бөгөөд үйл тэр мэт нь Дүрст тэнгэрт төрөх үйл болой.

​​​​​​​Дүрсгүй тэнгэрт төрөх болох үйл аль хэмээвээс “Дүрсгүйн тэгш орох дөрөв” болой.

​​​​​​​Үйлдсэнд үл хураасан үйл аль хэмээвээс үйлдсэндээ гэмшиж хойшид үйлдэхгүй болсон болой.

​​​​​​​Хураасанд үл үйлдсэн үйл аль хэмээвээс биеэр үл үйлдсэн хийгээд сэтгэлээр үйлдсэн бөгөөд хэлээр “Үйлдсэн болой” хэмээн   өгүүлсэн ч түүнийгээ үйлдээгүй болой.

Үйлдсэнд хураасан үйл нь үйл алиныг үйлдээд үл гэмшсэн ба үл цээрлэсэн хийгээд хойшид үл боосон болой.

​​​​​​​Үйлдээгүй үл хураасан үйл нь санаанд үйлдсэн, зүүдэнд үйлдсэн мэт болой

Тамын нас огоот төгсгөх үйл нь тамын үйл үйлдээд түүндээ баясаж, хойшид үйлдэхээр амласан болой.

Тамын насны хагас төгсөх үйл нь тамын үйл үйлдээд гэмшсэн ч хойшид үйлдэхгүйг амласан болой.

​​​​​​​Тамд төрсөн даруйд нас юүлэх үйл нь тамын үйл үйлдээд гэмшиж, хойшид үйлдэхгүйг амласан, хойно үл ерөөсөн, хойно машид   гомдсон сэтгэл төрөх болой.

Магад төрөхүйд болох үйл нь үйл түүнийг үйлдсэнээс “Ийм нэрт нэгэнд төрөх болтугай” хэмээн бүрэн зориулсан болой. Үлгэрлэвээс:   Хутагт Гадяа-яанад гуйланч эмгэн нэгэн бээр бадар аяга дүүрэн ус өргөснөөр “Тэнгэрт төрөх болтугай” хэмээн ерөөл тавьснаар тэнгэрт   төрсөн мэт болой.

​​​​​​​Магад үгүй төрж болох үйл нь үйл түүнийг үйлдээд “Ийм нэртэнд төрөх болтугай” хэмээн бүрэн үл зориулсан болой.

​​​​​​​Орон бусдад боловсрох үйл нь орон бусдад амгалантай буюу амгалангүй боловсрох болой. Үлгэрлэвээс: Сартваахийн хөвгүүн Асрах   тахилын өглөг хэмээгч нэгэн байжээ. Тэрээр “Далайгаас чандмань эрдэнэ авахаар явья” хэмээн хэлэхэд эх нь үүдэндээ сууж хөлөөс нь   барьж “Бүү явагтун” хэмээвээс тэрээр эхийн хэлэхийг сонсож яваагүй болой. Тэр мэт дөрөв дахин эхийн үгийг сонсож суув. Цаг бусад   нэгэнд “Явсугай” хэмээн явахыг завдахад эх нь хөлөөс барьж үл явуулсанд тэр уурлаад эхийн толгой дээгүүр алхаад явж оджээ.   Далайд оршин зорчиход нь их салхи босож онгоц нь эвдэрснээр бусад бүгдээр нас егүүтэж Тахилын өглөг нь далайн чанадад хүрсэн   тулд цааш одвоос эхийн үгийг дөрвөн удаа сонсон үл явсаны үр боловсролоор охин тэнгэр дөрөв, найм, арван зургаа, гучин хоёр   нугууд бээр дараалан өргөл хүндлэлийг үйлдсэн бөгөөд түүнээс цааш одох үед эхийнхээ толгой дээгүүр алхсаны үр боловсролоор   төмөр балгад тороор хүрээлэгдсэн Хэсэг бусаг тамд хүрч толгойд нь төмөр хүрд эргүүлснээр хэсэг бусаг зовлонг амссан мэт болой.

Урьд амгалантай хойно зовлонтой болох үйл нь үгээгүй бээр өглөг гуйваас баясан өглөг өгөөд хойно нь гэмших болой. Хүн болж   төрсөн цагт эдлэл ихтэй язгуурт төрөх бөгөөд хойно эдлэл нь барагдах болмой. Үлгэрлэвээс: Хөвгүүн Дагва хэмээгч мэт. Тэрээр   Бурханд залуу үнээ нэгийг өргөөд жич гэмшил төрснөөр тэр хаана төрөвч анх баян болж, эцэстээ үгээгүй болох болой. Түүний хойно   хааны ордонд төрсөн бөгөөд төрөхөд эх нь нас егүүтжээ. “Энэ хөвгүүн нь Нрүв хэмээх одноо төрсөн нь өлзий бус болой” хэмээн эхтэй   нь хамт үхээрийн газар орхисон авч тэр Бурханд үнээ өргөсөн буяны хүчээр үхсэн эхийнх нь нэг хөхнөөс сүү гарснаар тэр тэжээгдэн   торниод тойн болжээ. Урьд сүсэгт сэтгэлээр өргөсөн тул тонилохын хөрөнгө боловсроод хойно гэмшснээр эцэстээ үгээгүй болсон мэт.   Энэ нь үйл алин лугаа төгсвөөс бодгал бээр урьд амгалан, хойно зовлонтой болох болой.

​​​​​​​Урьд зовлонтой хойно амгалан болох үйл нь гуйваас хатуурхан амлавч хатуурхсанаар өглөвч түүний хойно баясах сэтгэл үүсгэх   болой. Тэрээр хүн болон төрөвч үгээгүй болох бөгөөд хойно эдлэл нь арвидах болой.

​​​​​​​Урьд ч амгалан хойно ч амгалан болох үйл нь гуйсан даруй баясаж амлах бөгөөд баясан өгөх. Өгөөд ч баясах болой. Тэр нь хүн   болон төрвөөс баялаг бөгөөд эдлэл ихтэй язгуурт төрөх болой.

​​​​​​​Урьд ч зовлонтой хойно ч зовлонтой болох үйл нь буяны саднаас хагацсан, өгөөд хэнээр ч өглөг үйлдүүлэхгүй, тэрээр өглөг юу ч үл   өгсөн бөгөөд тэр нь хүн болон төрөвч үгээгүй бөгөөд зовлонтой язгуурт төрөх болой. Их төвөгөөр идээ ба хувцас олох болой. Хойно ч   эдлэл арвижахгүй болой.

​​​​​​​Баян ч харамч болох үйл нь лам багш, эцэг эх, өвчтөн, их үгээгүй гуйланч ядуу буюу шагшаабад лугаа төгс алин болоход өглөг   өчүүхэн төдий өгсөн бөгөөд дахин өглөгт сэтгэлээ дадсан нь бус болой. Тэр нь хүн болон төрвөөс баян ч харамч болмуй.

​​​​​​​Үгээгүй бөгөөд өгч чадах үйл нь адгуус ба муу нөхөр, эхнэр тэргүүтэн тачаал арвитах орон ба буруу авир ёстон хүнд өглөг олон өгөх   бөгөөд өглөгийг дадуулсан хийгээд орны хүч үгүй тул хүн болж төрсөн цагт ч үгээгүй бөгөөд өгч чадах болмуй.

Баян бөгөөд өгч чаддаг болох үйл нь лам багш ба шагшаабад лугаа төгс ном үйлдэгч тэргүүтэн эрдмийн орон хийгээд эцэг, эх   тэргүүтэн ач ихтэй орон ба өвчтөн хийгээд өлсөх ундаасахаар машид энэлсэн зовлонтон тэргүүтэнд өглөг олон өгөх, өглөгт сэтгэлээ   дадуулсан ялгавартай орон мөн тул хүн болон төрвөөс баян бөгөөд өгч чадах нь их болмуй. Үлгэрлэвээс: Гэргийтэн Итгэлгүй идээ   өглөгт мэт болой. Тэрээр Үнэхээр туулсан бурхан Логвордадсэлд ханхүү Жалжэдийн цэцэрлэг ба хийд барьсан. Тэрчлэн Үнэхээр   туулсан бурхан Сэртүв, Одсүрэн, Донтамжиддүвба, Майдарт алтан сайн дэвсгэр өргөсөн мэт бөгөөд энэ нь бодгалын үйл алин лугаа   төгс баян бөгөөд өгч чадагч болмуй.

Үгээгүй бөгөөд өгч үл чадах үйл нь орон алинд ч өглөг ашдаас үл өгсөн мөн. Хилэнцэт үйл үйлдсэн бөгөөд хүн болон төрөвч үгээгүй   бөгөөд харамч болмуй.

​​​​​​​Нас барагдаж үйл барагдаагүй нь тамаас нас егүүтээд тамд төрөх хийгээд хүнээс нас егүүтээд хүнд төрөх мэт болой.

​​​​​​​Үйл барагдаж нас барагдаагүй нь урьд жаргаж хойно зовлонтой болох. Урьд зовлонтой хойно жаргалтай болох мэт болой.

Нас ч үл барагдах үйл ч үл барагдах нь хутагт бодгал мэт болой. Түүний

Нисваанис барагдсан мөн болой.

Үйл ч барагдсан нас ч барагдсан нь муу заяанаас нас егүүтэж амар заяанд төрөх. Амар заяанаас нас егүүтэж муу заяанд төрөх мэт   болой.

​​​​​​​Бие амгалан сэтгэл амгалангүй үйл нь эгэл төрөлхтөнүүд бээр амгалан аргыг үйлдэх мэт болой.

​​​​​​​Сэтгэл амгалан бие амгалангүй үйл нь буян үйлдээгүй Дайсныг дарагч мэт бөгөөд үлгэрлэвээс Зангагаша бээр нэгэн брадигабудыг   Варнасийн оронд залрахад идээ найруулж өглөг өгье  хэмээгээд хойно тэрээр өнө удаж цаг хэлбийсэн хойно идээ өгчээ. Тэр ч тэр   үйлээр хойт насандаа хутагт болсон ч үдээс өмнө бинвад гуйваас цаг хэлбийн тулахад л идээ олдог мэт бөгөөд бодгал тэр мэт нь   сэтгэл амгалан бие амгалангүй болой.

​​​​​​​Бие амгалан сэтгэл ч амгалан үйл нь Дайсныг дарагч цувралыг барсан буян үйлдсэн мөн. Үлгэрлэвээс Арслангийн дуу дуурсгагч нь “Би тойн болсоноор ная насалсан ч толгой өвдөхийн төдийг ч амсаагүй болой” хэмээн хэлсэн мэт. Тэр ч урьд бурхан Логвордадсэлд   эдгээх эм өргөсөн хийгээд Дайсныг дарагчид арура өргөсний үйлээр амгалангийн дээдийг олсон болой хэмээн номлосон мэт бөгөөд   тэр нь бие ч амар сэтгэл ч амар болой.

​​​​​​​Бие ч амгалангүй сэтгэл ч амгалангүй үйл нь эгэл төрөлхтөн буян ашдаас үл үйлдсэн мөн. Язгуур хийгээд дамжлагын идээ,   хувцаснаас хагацаж, бусдын гэрт гүйх хийгээд элдэв өвчнөөр нэрвэгдсэн бөгөөд хөл гаргүй, нүднээсээ хагацсан мэт болой. Тэр нь бие   ч амагалангүй сэтгэл ч амгалангүй болой.

​​​​​​​Муу заяанд төрсөн ч дүрс үзэсгэлэнтэй үзвээс баясах үйл нь тачаал хөдөлсөн бөгөөд шагшаабад доройтуулагч бодгал бөгөөд   үлгэрлэвээс тоть ба тогос мэт болой.

Муу заяанд төрсөнд гуа бус үйл нь уур төрөх, шагшаабадыг доройтуулагч бодгал бөгөөд үлгэрлэвээс араатан ба бирд,   бишажи(мангас) тэргүүтэн мэт болой.

​​​​​​​Муу заяанд төрөөд хэлний эрхтэн муу, үнэртэй болох үйл нь тивд төрсөн хийгээд шагшаабад доройтуулагч бодгал бөгөөд   үлгэрлэвээс могой ба чөтгөр мэт болой. Тэр нь муу заяанд төрсөн бөгөөд үнэр муу болой. “ хэмээн айлджээ.

 

    Ертөнц үүний амгалан зовлон

            Юу буй бүхэн ч урьдын үйлд харгалзах

            Ертөнц хойтын амгалан зовлон

            Юу буй бүхэн ч энэ насны үйлд харгалзах тул

            Үйлийн үрийг ёсчилон үзүүлэгч багш лугаа

            Уулзсан цаг эдүгээ Үйлийн үрийг авах орхиход

            Үнэхээр тэвчих, авахыг ёсчлон үйлдэхгүй даруйн амгалангийн тулд

            Өдөр шөнийн цагийг нөгцүүлэгч нь мунхаг бус юун аж.

            Мунхагаар энэ насны амгалан зовлонгийн үйл аахар шаахрыг

            Бүтээхэд бие амийг ч орхин чадах амуй за

            Мэргэд бээр ашидын амгаланг бүтээхийн тулд

            Үйлийн үрийн авах, орхихыг ёсчлон үйлдэхэд юуг үл хичээх аж

            Амар заяаны бодтой уг буян заримыг үл хураагаад

Муу заяаны бодтой уг хилэнц үрийг хэмжээгүй хурааж

Хэзээ нэг Үйлийн үр омтоггүй үнэний хүчээр

Үрийг эрхгүй амсах цагт аяа хөөрхий

Энэ насны амгалангаас тонилохын амгалан хүртэл ба

Энэ насны зовлонгоос Амулгүй тамын /халуун найман тамын хамгийн бэрх / зовлон хүртэл

Амгалан зовлон хоёулыг сонгох эрх ирсэн цаг үүнд

Тэгшитгэн зохиохгүй урьдахыг сонгон зохиогтун.