Бурхан багшийн чого

 

Бурхан багшийн чого хэмээх ном нь Бурхан багшид мөргөх, тахил өргөх, магтаал өргөх, соёрхол талбих ба уулзахын ерөөл тавихын зан үйлүүдийг үзүүлсэн ном юм. Чого хэмээх үг нь зан үйл  ба үйлдэх арга гэсэн утгатай. Ямар  зан үйлүүдийг үзүүлээд байна вэ гэхээр уг ном нь  Бурхан гэгээн анх бодь сэтгэлийг амьтны тусад хэрхэн төрүүлсэн улмаар бодийн сэтгэлд цааш суралцан бэрх хатуужлыг эдэлж хэрхэн бурхан болсон гэх зүйлүүдийг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан багшийн түүх амьдралыг үзүүлсэн. Ингэж үзүүлсний тус хэрэг нь  хойдын шавь нарт амьтны тусад над мэт хичээх хэрэгтэй шүү энэ тун чухал гэдгийг биеэрээ үлгэрлэн үзүүлсэн ёс болно. Мөн бас ингэж үзүүлсний тус нь шавийн сүсэг бишрэл ба ном буян бодийн явдалд дурших дуршлыг төрүүлэхийн тус эрдэмтэй. Сүсэгт бодьгал энэхүү номын утгыг анхааран авбаас хэрэг тус бүтэх тул энэ мэт үзүүлсэн нь тус ихтэй. Түүн дээрээ тулгуурлаад мөргөл, тахил, магтаал, соёрхол талбих зэрэг нь номын анхааран авлага болдог. Энэ зэргэмжит анхааран авлага нь Бурхан багшийн чогын зан үйл юмаа.Үүнийг мөн бясалгал бүтээлийн арга ч гэж нэрлэдэг .Ийнхүү үзүүлэхдээ Бурханы хутгийг олох аргыг гурван байдлаар хураан үзүүлсэн. Анханд бодийн сэтгэл үүсгэн түүний дараагаар буяны чуулганыг агуу ихээр хураах, эцэстээ бурханы хутгийг олсон гурван байдлаар үзүүлсэн. Анх нь бодь сэтгэлийг үүсгээд зургаан зүйл олон амьтныг ханьцашгүй бодид оруулсан бөгөөд тэдгээрийг өөр өөрийн бурханы орныг баригтун хэмээн сануулваас олон бодьсадва нар сэтгэл үндэс ариун амьтныг нь бариад  ялангуяа хувь сайтайныг  бурханы газарт хүргэж мөн тэд бүгд нь төгс эдлэл ихтэй,  урт наст сэтгэл ариуныг барьсанд Бурхан багш бээр хэнч зүрхлэн орж чадаагүй гал бадарсан мэт энэ тэмцлийн орчлонгийн нас багат, төгс эдлэл багат,санаа муу хэрүүл тэмцэл хямралаар энэлсэн тэдгээр амьтдыг  оошоолгүй,  орхин  үл чадан сэтгэлд зохистойгоор гал бадарсан хөндий гууд орон таван цөвүүн дэвэрсэн цагийн амьтдад тэсэхүйеэ бэрх их нигүүлсэхүйг үүсгэж олон амьтдад тусалж түүний эрхээр хамаг бие нь зүдрэн ядарсан ч шантралгүйгээр Ринчэннинбо бурханы өмнө арван зүгийн бурхан бүгдийн авшгийг авахдаа бидний энэ орны амьтдыг энэрэн хайрлаж тэдгээрийг би гэтэлгэе хэмээн тангараг авсан бөгөөд бид бүгдэд туслахын тулд агуу их ерөөлийг тавьсан бөгөөд мөн үүнийг нь олон бурхад ихэд сайшаасан.Бодьсадвын явдалд үлэмж бэрх хатуужлыг эдэлсэн нь Бурхан багшаас өөр үгүй. Иймээс бодьсадва нугуудын дотроос ханьцашгүй үлэмж хэмээн нэрийдсэн амой. Тэр мэт бодийг үүсгээд буяны чуулганыг агуу ихээр хураасан болой. Мөн бодийн мөрөөр явахдаа амьтны тусаас өчүүхэн төдий ч шантралгүй их зүрх зоригоор хичээсэн учраас бодьсадва бусдаас ч үлэмж бөгөөд ирээдүйд ч амьтны тусад бэрх хатуужлыг эдлэх нь түүнээс өөр байхгүй хэмээсэн.

Үүнийг судраас:

      Бодьсадва бусад бээр орхин зохиосны

      Бид мэт номхотгоход бэрх амьтан нугуудыг гэтэлгэхийн тулд

      Тоолшгүй олон ерөөл талбисны үрийн боловсролын

      Ялж төгссөн Шагжаан хаанд тэргүүнээрээ мөргөе хэмээсэн.

 

Энэ мэт цаглашгүй бэрх хатуужлын үүднээс бодьсадвын явдалд өнөд суралцснаар бурханы хутгийг олсон. Үүнийг нь сонсоны  төдийхнөөр ч  жийргэмшиж  зүрх мохмоор хэмээн олон лам нар айлдсан байдаг. Энэ мэт гурван байдлаар  бурханы хутгийг олсны үе нь бурхан бүгдээс үлэмж агаад арван зүгийн бурхан бүгдээс зарлигийн ачаар  үлэмж хэмээхийг  сударт тодорхой гаргасан байдаг .Бурхан бүгдээс үлэмж гэгдэх богд Зонховын шарын шашин ч бурхан багшийн тааллыг  тодотгон номлодог. Ийм зүйлүүдээр үлэмж учраас мөн Бурхан багшийн аврал адистэд ч бусдаас ихээ. Иймээс  Бурхан багшийн чогыг уншуулах буюу тахиулбаас буян цаглашгүй ихээр хурааж  айл гэрт өлзий хутаг орших хийгээд дайсан, ад,тотгор тэргүүтнээр дийлдэгдэхэд бэрх бөгөөд цаг бусын үхлээр үл дийлдэгдэх тэргүүтэн тус эрдэм цаглашгүйг судраас зарлигласан. Мөн бурхан гэгээний дүрс зургийг хадгалах буюу мөн түүний гэлэн ламын хувцас бага сагыг өргөн хүндэлж сүсэгт сэтгэлээр хадгалбаас чандын хорлолоор үл дийлдэгдэнэ. Тус эрдэм эдгээр нь бурхан гэгээн бодьсадвын үеэст амьтны тусад агуу их ерөөлийг  тавьснаас болсон. Ерөнхийдөө энэ нас хийгээд хойдын жаргалан бүгд ч чухаг дээд гуравт тахил, өргөл хүндлэл үйлдсэнээс гарахыг судраас зарлигласан.Иймээс өөрт сайныг хүсэгчид гурван эрдэнийг тахихад хичээх хэрэгтэй. Гурван эрдэнийн дотроос ч бурхан нь буян хураахын ялгамжаат орон хэмээсэн.Үүнийг үлгэрлэвээс мянган сая тоот Архадыг өргөн хүндэлсний буян ихээ. Түүнээс бурханы лагшин дүрсэнд ахар нэгэн хугацаанд сүсэглэх буюу харсны буян түүнээс ихээ. Мөн нэгэн бярман бурханд нэгэн шүлэг номоор магтаал үйлдсэнээр 20 их галав хүртлэхийн муу заяанд төрөхийн үүдийг хаасан хийгээд бурханыг сэтгэлдээ санасны тоо хэдий чинээ тэр төдийгөөр галавт муу заяанд төрөхийн үргэлжлэлийг таслах тэргүүтэн олныг зарлигласан. Үүнтэй холбоотойгоор судраас ч:

    Ертөнц дахинд амгалан жаргалан үүсэх

    Тэдгээр бүгд нь чухаг дээдийг тахиснаас болно

    Тиймээс амгалан жаргаланг үүсгэхийг хүсвээс

    Үргэлжид чухаг дээдийг тахихад хичээгтүн хэмээжээ.

Бид бурхан бусдыг тахиснаас шашны эзэн чадагчийн эрхэтийг тахисны буян ихээс ихээ. Тиймээс Бурхан багшийг дагагч нугууд бусад бурханаас багш чадагчийн эрхэт ямагтыг өргөн тахихын орны голд (эрхэмлэн) барих хэрэгтэй. Наанадаж Бурхан багшийн нэрийг өгүүлэхэд олон галавын хилэнц нүгэл арилах хийгээд бас нэрийг нь сонсоноор ханьцашгүй бодийн үл няцахын хөрөнгө сэтгэлд агуулагддаг. Сүм хийдэд Бурхан багшийн лагшин дүрсийг шүтээний голд оршуулан соёрхлыг үргэлжид талбин тахих ,буюу өргөн хүндлэн ёс журмыг оруулбаас орон түүнээ бурханы шашин дэлгэрэх хийгээд хуврагын аймаг өргөжин дэлгэрдэг. Энэ мэтчилэн тус эрдэм цаглашгүй ихийг судраас зарлигласан. Эдгээр утга бүгд нь бурхан багшийн чогод бүрдсэн тул заавал Бурхан багшийн чогыг айлтгуулж байх ёстой.

 Дашрамд Богд  ламын чого буюу хоёрдугаар  ялгуугсан, хоёрдугаар  бурханы  чого  нь  Бурхан  багшийн  чого  лугаа  утга  адилаа.  Гэвч  гурван  цагийн  олон  бурхад  энэ  ламын  шашин  ном  буюу  шарын  шашныг  (Гэлүгва)  бусдаас  үлэмж  хэтэрхий  ийм  нь  урьд  байгаагүй   хойшдоо  гарахгүй  хэмээн  айлдсан  байдаг. Богд  лам  Лувсандагва  бээр  шарын  шашны  тэргүүн  бөгөөд  үндэслэгч  нь  юм. Яагаад  шарын  шашныг  үндэслэгч  гэвээ  хэмээвээс   Богд  ламыг  морилох  үед  Бурханы  шашин  доройтож  ариун  үзэл  мөр  нь  элдэв  зүйл буртагаар  халдаагдаж, ёс  бус  болоод  буруу  атгагийн  хирээр  булдигдаж  дээр  доор  болсныг  Богд    лам  бээр  ариутган  шүүж   мөн  бурхан  багшийн  зарлигт  далд  байсан  зүйлүүдийг  шавийн  тусад  олон номоор  илт  тодруулан  үзүүлсэн  бөлгөө.  Үүнийг ч түүний  шавь  Хайдүв  гэлэг балсамбуу  бээр Шүтэн барилдлагын магталдаа айлджээ. Ингэж  үзүүлсний  гол  номлол  нь  мөрийн  хоёр  зэрэг  буюу  Их  бодь  мөрийн   зэрэг  ба  Тарнийн  их  зэрэг  хоёр  юм. Лам  бээр  хойд  цагт  намайг  дэргэд  байхгүй  гэж  бүү  энэлэн  шаналагтүн .Миний мөрийн хоёр зэргийг үзээрэй миний захиас үг бүгд тэр хоёрт бий.Түүнээс илүү хэлэх зүйл надад юу ч байхгүй хэмээсэн.Уг номууд нь  бурханы  гурван  аймаг  савын  хамаг  зохиолын  утга  санаа  агуулгыг  машид  тодруулан  дэлгэж  бясалгал  анхааран  авлагыг  гарт  буулгаснаар нэгэн бие нэгэн насаараа бурханы  газарт  хүрэх арга зам мөрийг тодруулан үзүүлснээр  маш  эрхэм  нандин  ном  болсон  хэмээдэг. Ийм  номыг  урд  хойдод  гараагүй  гарахгүй  хэмээн  айлдсан  байдаг. Энэ мэт бурханы  шашныг  ариутган  үзүүлснээр  маш  эрхэм  нандин  лам  юмаа. Иймээс ч Богд ламтай уулзах нь маш чухалаа.Үүнтэй холбоотойгоор нэгэн түүх ярихад Сажавын нэгэн лам эрдэм чадалт нэгэн ламд хойд төрөлд минь Богд ламын шажинтай уулзуулж өгөөч хэмээн айлтгасанд бусдыг нь чадна ганцхан үүнийг чадахгүй их ерөөл буян хэрэгтэй хэмээсэн гэлцдэг.Энэ мэтчилэн олон түүх байдаг.Энэ ламтай уулзаж ном сонсохын тулд богд ламын чогыг хуруулдаг учиртай.Мөн гандан хийдэд Авидын чого,Минтүгвын чого,Шамбалын чого,Жамбын чого,Хажидын чого,Маанийн чого,Найдан чого,Сүнчэн дэнаа-н чого,Цэгмэдийн чого гэх мэт чогуудыг хурдаг.Мөн л энэ хойдын ерөөл буянд айлтгадаг.Дашрамд таван цөвүүн дэвэрсэн энэ цагт замба тивийн хүний нас доройтон ахар болж насанд нь элдэв зүйл барцад орж ихэнх нь цаг бусаар нөгчөхийг  олон дээдэс мэдэж цэгмэдийн чогыг уншуулж  байхыг айлдсан байдаг.