Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд дэх сэргээн засварлах урлангийн нээлт

2019 оны 5-р сарын 16-ны өдөр

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд дэх сэргээн засварлах урлангийн нээлт Гандантэгчэнлин хийд дэх цаасан болон даавуун эдлэл сэргээн засварлах урланг Монгол дахь Гёте-Институтийн тусламжтайгаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засаж тохижуулсан болно. Энэхүү сэргээн засварлах урланг Монгол дахь Гёте-Институт үүсгэн байгуулагдсаны арван жилийн ойг тохиолдуулан 2019 оны 5-р сарын 16-ны өдөр албан ёсоор нээв.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь 1727 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Тус хийд нь нэг сая гаруй судрын сан хөмрөгтэй бөгөөд Монгол улсын хэмжээнд хамгийн том цуглуулгад тооцогддог.

Гандантэгчэнлин хийдийн номын санд Юань улсын хааны зарлигаар худам монгол бичигт хөрвүүлэн бүтээсэн эртний хосгүй нандин судар ном хадгалагдаж буйгаас гадна есөн эрдэнэ, алт, шунх тэргүүтнээр бичсэн ном судрууд ч мөн хадгалагдаж байгаа юм. Түүнчлэн Монголын нэрт соён гэгээрүүлэгч эрдэмтдийн оюуны сор болсон бүтээл туурвилууд гар бичмэлийн эх хувиараа болон барын хэвлэлээр хадгалагдаж байна. Номын агуулгыг нь үзвэл их, бага арван ухааны орны бүтээлүүд байх бөгөөд тэдгээрийг худам монгол бичиг, соёмбо, самгард, төвд үсэг, хэлээр бичиж, барлаж үлдээжээ. Иймээс энэ номын сан Монголын түүх, шашин, соёлтой холбоотой цаасан баримтат өвийг хадгалж байгаа нандин газар мөн.

    Энэхүү соёлын өвийг ирээдүй хойч үед хадгалж үлдээх зорилгоор Герман улсын мэргэжлийн сэргээн засварлагчид болох Дирк Ферлманн болон Виола Байер нарын удирдлага дор Гандантэгчэнлин хийдэд орчин үеийн сан хөмрөг хадгалалтын шаардлагыг хангасан сэргээн засварлах урланг байгуулсан болно. Тус урлан нь номын санчдад судар бичгийг цаашид тогтмол сэргээн засварлах боломжийг олгож байна. Монгол дахь Гёте-Институтийн урилгаар Герман улсаас хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд номын санчдыг мэргэшүүлэх сургалт семинарыг удаа дараа зохион байгуулж байна.

Судар бичгийг цахимжуулахад архивын сканерыг нэвтрүүлснээр соёлын өвийг хамгаалахад хувь нэмрээ оруулж, судар бичгийг дунд хугацаанд бусад сүм хийд, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгоход нэгэн шинэ алхам боллоо.

Гёте-Институт нь 2009 оноос хойш Монголын соёлын өвийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд Монголын цаас болон даавуун эдлэлийг сэргээн засварлагчдад 2010 оноос хойш мэргэжил дээшлүүлэх болон чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна.

Гёте-Институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын соёлын байгууллага юм. Бидний үйл ажиллагаа хилийн чанадад герман хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгддэг. Монгол дахь Гёте-Институт нь 2019 онд арван жилийн ойн баяраа угтан тэмдэглэсэн.