Бурхан багш эхийн хэвлийд оршиж лагшин мэндэлсэн дүйчэн өдөр нь

 

           Одоогийн Непалын баруун Өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Кабилабасту хотын балгас байх бөлгөө. Энэ газар нь Бурхан багшийн эхийн хэвлийд оршсон газар юм. Зуны эхэн сарын арван тавны шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр, бурхад магтсан зургаан соёотой их цагаан заан баруун талаас ирж, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслант ширээнээ суун юм айлдаж байгаа дөрвөн янзын зүүд зүүдэлжээ. Мөн зааны зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд “Рид хувилгааны үл бүлээцэх” далай хэмээхэд хөтлөн аваачиж, угаалга үйлдээд, тэнгэрийн ариун хувцас өмсгөн далайн ойролцоох мөнгөн уулын доторх алтан уулнаас их цагаан заан буун мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зуун өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэж, улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ. Хаан бээр энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүллээ.

Тэд тайлахдаа: Эхний бярман хаан ширээг залгамжилвал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болвол гэгээрэлд хүрсэн бурханы хутгийг олно. Хоёр дахь нь их рид хувилгааны хүч чадал ихтэйн шинж, гурав дахь нь лам хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургах, дөрөв дэх нь тэнгэр. бурхан бүгд хүндэтгэн тахихын бэлгэ гэж шинжив. Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдлөн, алтан өнгөт гэрэл зүг бүхнээ цацархуйд амьтны зовлон амирлаж, долоо хоног хааны өргөөнд цэцэгс болон эрдэнэсийн хур бууж, тэнгэрийн яруу дуун эгшиг цуурайтаж байлаа.