Бурхан багшийн их дүйчин өдөр 2019.05.18 нд тохионо

Бурхан Багшийн их дүйчэн өдөр нь “Төгс буянт”-ын зурхайн ёсоор Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тохиож байна.

НҮБ-ийн ерөнхий ассемблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурханы шашинт улс орнуудад өөр өөрсдийн уламжлалт ёс заншилтай нийцүүлэн бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ХЭМЭЭН НЭРЛЭСЭНИЙ УЧИР

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурханы хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэйдээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл нэг өдөр давхцан тохиодогтой холбоотой. Энэ өдрийг бурханы шашинт улс орнуудад Будда Весак, Сакадава, Будда Пурнима гэх зэргээр нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Монгол оронд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн байдаг бөгөөд Монголын түүх соёл, уламжлал, хэл, ёс заншилтай нягт холбоотой энэ баярыг бид ч тэмдэглэх нь зүйн хэрэг юм.

Жил бүрийн Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиох Их Дүйчэн өдрийг Монголын бурхан шашинтаны төв Гандантэгчэнлин хийдийн дээдэс багш нар сүсэгтэн олонд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээж бүх нийтийн эв нэгдэл, энэрэнгүй сэтгэлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Тухайн өдөр  Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн өв гудамжаар үргэлжлэх 1080 хүний сүрт жагсаал, Сүхбаатарын талбайд Дүйчэн өдрийн баярын үдшийн арга эмжээ зэрэг олон сайхан ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр хураасан буян түм бумаар арвиждаг гэдэг. Тиймээс Дүйчэн өдрөөр арвин их буяныг үйлдэж, амьтны амь хөнөөхийг тэвчих тэргүүтэй нэг өдрийн сахил авах, буян хурааж маани мэгзэмийг арвин ихээр урин уншдаг.