Идгаачойнзинлин дацан

V Богд Жэвзүндамба хутагтын шав тавьж равнайлсан газар VIII Богд Жэвзүндамба хутагт 1910 оны цагаан нохой жилд монголын шашны мандал бадралыг болгоох гүн тааллын үүднээс байгуулжээ. VIII Богд хаан 1912 оноос гурван жил дараалан Идгаачойнзинлин дацанд түмэн гэлэнгийн хайланг гурван удаа хуруулсан нь шашны мандал буурлын гүн утга агуулагдсан үйл явдал болсон юм. Төвдийн гүн ухаантан Сэр Жэвзүнба Жэвзүнчойжижалцангийн буддын гүн ухааны таван ботийн онолын сурах бичгээр сургалтаа явуулдаг гүн ухааны сургууль юм. Энэ нь Эртний Энэтхэгийн Наландагийн Их сургуулийн Замбу тивийн зургаан чимэг гэж алдаршсан их бандида нарын гүн ухааны онолыг судлахад маш дөхөм болсон Төвдийн гурван их сургуулийг Их хүрээнд гаргасан нь VIII Богдын гүн ухааны сургалт дээр голлож анхаарсан үнэтэй алхам байсан юм. Идгаачойнзинлин дацанг байгуулахдаа Дашчойнпэл, Гунгаачойлин дацангаас гэвш нарыг сонгож 1000 гаруй лам хуврагатай байжээ. Тус дацангийн анхны шунлайваар Раднаа мөн Дамбэл нар удаа дараалан сууж дацангийн сургалтыг анхааран ажиллаж байв. 1920 оноос эхлэн анхны гавжийн дамжаа эхэлжээ. Тус дацангаас номч мэргэн гавж Гомбожав, Равдан гавж, Хараагийн Дара Эх лам Бавуудорж, Өрлүүдийн Дагва гавж, Жанцан жорвон, Жамбалдорж жорвон, анги гэвш Додгүү нарын зэрэг эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1991 оны цагаагчин хонин жил дахин сэргэж одоо дөрвөн зиндаа бүхий нийт 60 гаруй лам хуврагтайгаар хичээл сургалт, хурал номоо хурж байна. мөн тус дацангаас Энэтхэгийн Сэра Жэ дацанд 80 гаруй хүүхэд гүн ухааны номонд амжилттай суралцаж байна.