Дашчойнпэл дацан

Дашчойнпэл дацан нь буддын гүн ухаанд тулгуурлан харилцан мэтгэлцэх буюу ном хаялцах зарчмыг гол болгон гэгээрэх зам мөр, бурхан шашны хүнлэг энэрэнгүй үзэл онолыг судалдаг шат дараалсан 15-н зиндаа буюу 15-н жилийн сургалт бүхий уламжлалт дацан  сургууль  юм.  Энэхүү дацанг

II   Богд  Жэвзүндамба   хутагт  болон    II Богдын ёнзон багш Донхор цорж

буюу Манзушир хутагт нар анхлан Өвөр Монголын Долнуур хэмээх газар 1736 онд үүсгэн байгуулжээ. Улмаар нааш нүүн явсаар 1756 онд Ар халхын Их хүрээнд ирж суурьшсан байна. Үүнээс хойш буддын гүн ухааны сургалтаа тасралтгүй явуулж энэтхэгийн алдарт Наландара хийд их монголын орноо дахин мандан бадарсан мэт болсон билээ. Дашчойнпэл дацан нь төвдийн алдарт Гоман дацангийн нэгэн ижил мэргэний эрхт Гүнчин Жамъяншадүв ламын таван боть зохиол бүтээлийг гол гарын авлага болгон Бурхан багш, Майдар бурхан болон бурхан шашны зургаан чимэг, хоёр дээд хэмээн алдаршсан Нагаржунай, Асанга тэргүүтэн ба бусад алдартай энэтхэг, төвд, монгол лам нарын зохиол бүтээлийг судалдаг болно. Тус дацангаас монголын бурхан шашин төдийгүй дэлхий нийтэд нэр алдар нь түгсэн Жэдорын хамба номун хан Агваанхайдүв, цорж Агваанбалдан, Шижаа гавж Агваандондүв, аграмба Шадүвдандар, анги Шагдар, анги Цэрэндорж зэрэг олон арван гайхамшигт зохиол бүтээл туурвисан, үе үеийн олон алдарт мэргэн лам нар төрөн гарч их монгол оронд бурханы шашны нарыг мандуулсан юм. Харамсалтай нь 1937 онд их хэлмэгдүүлэлтийн хүйтэн шуурганд өртөж, дэлхийн анхны их сургууль Наландарын хийдээс улбаатай, олон зууны түүхтэй энэхүү дацангийн үйл ажиллагаа бүр мөсөн хаагдсанаар номын мэргэдийг цэнгүүлэгч их далай хөлдөж, номч мэргэн шашныг бариач галуудын цуваа алслан одсон билээ. Гэвч 1991 оноос эхлэн дахин үйл ажиллагаа нь сэргэж, хуучны эрдэм номтой ачит багш нарын хичээл зүтгэлээр уламжлалт дацан сургалтаа явуулж эхлээд өдгөө хүрч байна. Мөн энэ хугацаанд монгол багш нар төдийгүй Далай багшийн ач ивээлээр төвдийн Гоман дацангаас эрдэм номтой сайн багш нар залж хичээл заалгаж, байгаагийн зэрэгцээ 1995 оноос эхлэн Энэтхэг улсад буй Төвдийн Гоман дацанд шавь нараа илгээн суралцуулж буй бөгөөд түрүүч нь эргэн ирж, Гандантэгчэнлин хийдийн захиргаа болон өөрийн дацандаа багшлах зэргээр шашин номын үйлс дэлгэрэхэд хувь нэмрээ оруулж эхлээд байна, Одрогоор тус дацан нь 140 гаруй лам нартай үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна Энэтхэг улсад 40 гаруй лам нар амжилттай сайн суралцаж байна. Дашчойнпэл дацан дахин сэргэснээс хойш арван удаа гавжийн дамжаа барьж, нийт 36 гавж шинээр төрөн гарчээ. Мөн гэвшийн дамжааг дахин сэргээж 12 удаа гэвшийн дамжаа бариулж нийт 220 гаруй лам нарт гэвшийн мяндаг олгоод байна.