АНХДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ЛУВСАНДАМБИЙЖАНЦАН (1635-1723)

Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан Монголын анхдугаар Богд Жэвзүндамба нь Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар (Одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум) 1635 оны модон гахай жилд Түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц нарын гэрт мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Жамбалцанжод номыг цээжээр унших, Энэтхэгийн азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшгийг үзүүлж байв. Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан, Найчун чойжин нар Жэвзүн Дарнатын хувилгаан мөн болохыг тодруулсанд таван нас сүүдэртэйд нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашны тэргүүнээр өргөмжлөн ширээнд залжээ.

Арван гурван сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Өндөр гэгээнд Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. Өндөр гэгээний үед үүссэн энэ Баруун хүрээг IV Богд Жэвзүндамба нүүлгэж, Өвөрхангай аймгийн Шанх сумын нутаг, Сарын голд суурьшуулжээ. Арван таван сүүдэртэйдээ төвдөд хүрч V Далай лам, Банчин богд нараас судар тарни, гүн ухааны номлолуудыг хүртэж авсан байна. Төрөлх нутагтаа эргэн ирээд 1654 оны морин жилд Хэнтий нуруунд Их хүрээг үүсгэн байгуулсан байна. 1680-аад оны сүүлчээр дотоодод Халх Өөлдийн самуун дэгдсэн, гадаадад Манжийн төр хүчирхэгжин өнгөлзөх болсон ийм нөхцөл байдлын дунд Өндөр гэгээний ухаалаг мэргэн бодлогын ачаар Манжид уусаагүй үлдсэн юм.

Өндөр гэгээн нь Очирдара бурхан, Ногоон Дара эх зэрэг хосгүй нандин ур хийцтэй бурхадууд бүтээсний дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбо үсгийг зохиож Монголын ард түмнийг үеийн үед амар амгалан оршиж байхын тухайд "Жинлав цогзол" хэмээх номоо айлдан зохиосон байдаг. 1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой хэмээх газар Их хүрээг нүүлгэн байгуулж байжээ. Өндөр гэгээний дотны шавь Срайдорж Номун хан зэрэг шавь нар нь Өндөр гэгээний дүрийг ууц таллаж байгаагаар бүтээгээд өөрт нь болгоологсонд "Монголчуудын аман хишгийг билэгдсэн юм байна" гээд зөвшөөрсөн гэдэг. Өндөр гэгээн нь наян есөн настайдаа 1723 онд Бээжинд таалал төгсчээ. Өндөр гэгээнийг таалал төгссөнөөс хойш түүний ууц таллаж байгаа дүр нь монголын олон аймаг хошуудад тархаж уламжлал болсон юм. Энэ нь монголчуудын цагаан сарын еслол хүндэтгэлийн үед шүүс идээнд хонины ууц тавьдаг болсонтой холбоотой юм. Өндөр гэгээн Занабазар нь төвд хэлээр нэг боть зохиол туурвижээ. Манжийн Энх-Амгалан хаан Өндөр гэгээнийг олон зүйлээр сорьж байсныг тэрбээр оюун ухааныхаа гайхамшигт чадвараар даван туулж байсан гэдэг. Нэг жишээ дурдвал, нэг удаа Манжийн Энх-Амгалан хаан Өндөр гэгээнийг ордондоо залахдаа тусгайлан зассан знтий суудлынх нь доор Ганжуурын 108 боть номыг залаад "Хутагт та морилон суу" хэмээн урьсан байна. Ингэхэд Өндөр гэгээн сэнтий суудалдаа суухынхаа өмнөхөн жижиг шилийг сэнтийд хүргээд суужээ.

Манжийн Энх-Амгалан хаан "Бурхан багшийн зарлиг ах уу? Та ах уу?" гэсэнд Өндөр гэгээн "Бурхан багшийн зарлиг ах байлгүй яахав" гэсэнд Энх-Амгалан хаан "Та тэгвэл Бурхан багшийн судар номон дээр суучихлаа" гэжээ. Өндөр гэгээн "Би суугаагүй" гэсэнд Манжийн Энх-Амгалан хаан бараа бологчдынхоо хамт сэнтийг нь үзсэнд номын үсэг үгүй хоосон цаас байсанд ихэд гайхаад Өндөр гэгээнд сүжиг бишрэл төрж байсан гэдэг. Ийм ч учраас Энх-Амгалан хаан ордны дотоод түшмэдүүддээ хэлэхдээ "Би газар газрын олон сайн лам нартай уулзаж учирч явсан Халхын энэ Богд шиг ийм сайн ламыг үзээгүй" хэмээн үнэлж байсныг Өндөр гэгээний төвд намтруудад тэмдэглэсэн байна.