II БОГД ЖЭВЗҮНДАМБА ЛУВСАНДАМБИЙДОНМЭ (1724-1757)

Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар (одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум) эцэг Эфү чин ван Дондовдорж эх Баярт нарын гэрт 1724 оны луу жилд мэндэлжээ. Банчин богд Лувсан-Иш Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрласан байна. Зургаан настайд нь Богдын ширээнд залж даншиг мандал өргөжээ. Их хүрээг Хужирбулангаас Аргалантад нүүлгэсэн байна. Хөхнуурт төрсөн Донхор хутагт Агваанжамбалданзанг ёнзон багшид шүтэв. Манжийн эзэн хаан Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж, Амарбаясгалант хийдийг шинээр бүтээн байгуулж 1736 онд Тэнгэр тэтгэгч хааны үед барьж дууссан юм. Амарбаясгалант хийдэд Өндөр гэгээн Занабазарын шарилыг тусгай сүмд залж, шүтээн болгосноор Амарбаясгалант хийд нь Өндөр гэгээний хийд гэж алдаршсан юм. Тэр цагаас хойш монголын олон аймаг хошуудын сүсэгтэн лам хуврагуудын Өндөр гэгээний шарилд мөргөх цуваа тасралтгүй үргэлжлэх болсон "түүхтэй. II Богд 1737 онд өөрийн ёнзон багш Манзушир ламтан Агваанжамбалданзангийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж байв.

Богд нь 1739 онд Их хүрээнд Жүд дацан, 1745 онд Дамдин янсанг уншуулах хурал гаргажээ. 1756 онд II Богд удирдан Их хүрээнд гүн ухаан судлах Дашчойнпэл дацанг байгуулав. 1757 онд таалал төгсчээ. Энэ үе нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарч дарагдсан үе байлаа. II Богд Жэвзүндамбын ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаа нарын Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авхуулжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү болох II Богд Жэвзүндамбыг хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм. Хотгойдын Чингүнжав, ван Ренчиндорж нар Манжид цаазлагдсан энэ онд II Богд учир битүүлгээр жанч халсныг аман ярианд Манжид хорлогдсон гэдэг.