IV БОГД ЖЭВЗҮНДАМБА ЛУВСАНТҮВДЭНВАНЧҮПЖИГМЭДЖАМЦ (1775-1813)

IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь Төвдийн нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. IV Богд нь VIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм. 1781 онд Их хүрээнд залж ирэн Богдын ширээнд залж Даншиг мандал өргөв. IV Богд одоогийн Гандантэгчэнлин хийд байгаа газарт Далх бурханы тахилгыг уншин сан тавин ариулж, сүмийн шав тавьж равнай өргөөд Зүүн хүрээнээс чойрын хоёр дацанг нүүлгэж ирсэн байна. Энэ үеэс хойш Далхын дэнж хэмээн нэршжээ. 1789 онд Их хүрээнд Зурхайн дацанг үүсгэн байгуулсан байна. 1806 онд Их хүрээнд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг байгуулсан юм. 1807 онд Их хүрээнд бясалгал дияаны Шадүвлин хийд байгуулав. 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав. IV Богд нь Монголын шашны ирээдүйн мандал бадралыг болгоон судрын гүн ухааны ёсны Гунгаачойлин дацан, Тарнийн гүн ухааны Дүйнхор дацанг байгуулсан нь Их хүрээнд Судар тарнийн ёс хөгжин цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. IV Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан  байснаараа алдартай билээ. 1813 онд IV Богд таалал төгсчээ. IV Богдын айлдсан нэг боть шахам зохиол байдаг.