V БОГД ЖЭВЗҮНДАМБА ЛУВСАНЧҮЛТЭМЖИГМЭДДАМБИЙЖАНЦАН (1815-1841)

V Богд Лувсанчүлтэмжигмэддамбийжан цан нь Төвдийн Лхасын ойролцоо түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт 1815 онд мэндэлжээ. V Богд 1834 онд Их хүрээнд Майдар дацан, 1838 онд Их хүрээний Далхын дэнж хэмээх газар Гандантэгчэнлин сүмийг, 1841 онд V Богдын зарлигаар Брагри Ёнзон Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ. V Богд Жэвзүндамбын үед Их хүрээ нь Зүүн хүрээнээс гадна Далхын дэнжид гүн ухааны хоёр дацан, ламрим дацан, Бадам ёга дацан төвлөрч Гандан хүрээ гэж нэрлэгдэх болсон юм. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин, Зүүн дацанд нь Дашчойнпэл хэмээх нэрийг тус тус хайрласан юм. V Богдын Ёнзон багш нь лхаарамба Лувсанжамъян, Онгийн голын Брагри Ёнзон Дамцагдорж нар байв. Өөрийн ёнзон багш Брагри Дамцагдоржоос Нарохажид бурханы авшиг увидасыг хүртэж, бясалгал бүтээлийг өвлийн адаг сарын 25-нд Их хүрээнд хагон жинсрэг өргөсний үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татсаныг Нарохажид бурхан бодитой заларсны шинж тэмдэг гэж хуучин Хүрээний настан буурлууд ихээхэн билэгшээж ярьцгаадаг байсан аж. Одоогийн Улаанбаатар хотын Удирдлагын академийн байрны өмнөхөн талд, Туул голын хөвөөнд Нарохажид сүмийг байгуулж байжээ. Ер нь хутагт хувилгаадын тавдугаар дүр нь гайхамшигтай ид шид үзүүлж байсан тухай олон шинж тэмдгийг хуучны лам нар тодорхой ярьдаг байв. V Богдын Дагнан, Сэгнан хэмээх бясалгал дияан, зүүд совиндоо ургасныг зурсан зураг Гандан хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандантэгчэнлин хийд өргөжин тэлж хөгжихийг харуулсан зураг байв. Тэрээр 1841 онд таалал төгсчээ. V Богдын айлдсан бошго лүндэн зарим зохиолуудын талаар V Богдын шавь Их хүрээний Шижээ гавжийн зохиосон V Богдын намтарт дурдсан байдаг юм.