VIII БОГД ЖЭВЗҮНДАМБА АГВААНЛУВСАНЧОЙЖИНЯМДАНЗАНВАНЧҮГ  (1869-1924)

VIII Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг нь 1869 онд Төвдийн Лхаст түшмэл Гончогцэрэн, эх Ойдовдулам нарын өргөөнд мэндэлжээ. XII Далай лам Принлайжамц Банчин Богд Дамбийванчүг нар түүнийг VIII Богдын хувилгаан дүрээр тодруулсан. Манж Чин улсын хаан Бүрэнт засагчийн үед Гадаад монголын төрийг засах явдлын яамнаас VIII Богдыг Төвдөөс залах жанжин ноёноор Сэцэн хан аймгийн Сэцэн вангийн хошууны бэйл Цэрэнсамдүвийг томилсон байна. 1874 онд Их хүрээнд залж, Богдын ширээнд өргөмжилж Даншиг мандал өргөсөн байна. Түүний Ёнзон багшаар Ари брүлгүү Хайдавданзанчойжиням, Гачин Балданчойнбэл, Ёнзон Лувсанхаймчиг нар байв. VIII Богдын Ёнзон хамба гэж алдаршсан Гачин Балданчойнбэл, Лувсанхаймчиг нар нь Их хүрээний хамба номун хан байв. 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж мяндаг цолтой болсон юм. 1910 онд Их хүрээнд буддын гүн ухаан судлах Сэрагийн игчааны дагуу Идгаачойнзинлин дацанг байгуулав. 1910 онд VIII Богдын зарлигаар Их хүрээнд Хүрээ барын ганжуур бүрэн хэвлэгдсэн. 1911 оны цагаагчин гахай жилд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Ер нь хувилгаан хутагт нар урьд дүрийнхээ ажил үйлсийг дараа дүрийнхээ үед залган авч явуулж байсан юм. Үүний нэг жишээ бол VIII Богдын санаачлагаар Өндөр гэгээний зохиосон соёмбо үсгийг 1911 онд төрийн туг, далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байна. Өндөр гэгээн айлдахдаа "Миний хувирашгүй номын үсэг замбуутивийг бүрхэнэ" хэмээн айлдсан гэдэг. Монгол улс нь НҮБ-ын гишүүн орноор элссэнээс хойш гадаадын олон оронд элчин сайдын яамаа байгуулжээ. Монголын элчин сайдын яам байгаа газар бүхэнд монголын алтан соёмбот төрийн далбаа мандаж байдаг. Өндөр гэгээний дээрх айлдварын дагуу VIII Богд Монгол улсын төрийн туг сүлдэнд соёмбыг оруулснаараа одоо хүртэл уламжлагдаж олон улс оронд соёмбот далбаа намирч байна. 1912 онд Жанрайсиг дацанг байгуулав. 1924 онд 56 настайдаа таалал төгсчээ. VIII Богдын гайхамшигт ид шидийн тухай ард түмний дунд яригдан үлдсэн олон жишээг дурдаж болно. Нэг жишээ дурдвал, 1920-иод оны үед гамин Хүрээг эзэлж Богдын ногоон ордныг их буугаар галлаж байхад Богдын ногоон ордон огтхон ч сүйдэж гэмтээгүй байна. Үүнийг Богд гэгээний залбирлын ач гэж өдгөөг хүртэл дурсан ярьцгаадаг. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салж, тусгаар улс болгож чадсан, нийт монголчуудын оюун санааны их удирдагч байсан юм.