IX БОГД ЖАМБАЛНАМДОЛЧОЙЖИЖАНЦАН (1932-2012)

Монголын IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт маш сонин гайхамшигтайгаар лагшин мэндэлжээ. Түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүчэ, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жэвзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулжээ.
IX Богд Жэвзүндамба хутагт нь 8 сүүдэртэйдээ Радэн ринбүчэ Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахилыг хүртэж Жамбалнамдолчойжижанцан хэмээх алдартай болжээ. Тэрээр долоон сүүдэртэйгээсээ хорин нэгэн сүүдрийг хүртэл их номын орон Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцсан ажгуу. Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд хорин нэгээс хорин есөн сүүдэр хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалж, багш Дагцар Ринбүчэ тэргүүтэн олон мэргэдээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээл олныг зохиож, бас өөрийн олон шавь нарт дээдийн номын даган соёрхол, эш цаглашгүйг хайрласан.
Ийнхүү дацан хийдэд сууж байхдаа Сажава болон бусад ёсны дээд багш нараас номын увидас, авшиг олонтаа хүртэж, бясалгал бүтээлийг олонтаа зохиосон.
Цагийн эрхээр IX Богд Жэвзүндамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод морилон ирж суурьшсан. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна. Тэр цагаас Энэтхэг улсын Дармасала хот дахь Дагдан өргөөндөө заларч байгаад 2010 оноос Монгол орноо заларч лам хуврага, сүсэгтэн олон шавь нарынхаа хүсэл сэтгэлийг номын рашаанаар цэнгүүлэв.

“Түргэн Залрахын Залбирал”

Адил үгүй өгүүлэгч дээд багш Нарны садан
Арван долоон бүтээлч бандида Оюунсайтын өлмий
Хамгийг айлдагч Долбү ба Гэндүндүвба тэргүүтэн
Хуурмаггүй дамжлагат багш нар бээр сайн буяныг хайрла
Үлэмж билгүүний бадарсан нарны хурц гэрлээр
Үл мэдэхийн түнэр харанхуйг үлдэн хөөгөөд
Зөөлөн цогт нэн мишээснээр гэтэлгэсэн
Номын дуаз түүний өлмийд залбирал тавьмуй
Уужим улс орон нийт хийгээд ялангуяа
Алины тааллыг үүсгэн мутартаа таалсан
Их Монголын шашин амьтанд таалаад
Эргэн хувилсан дээдийн залуу наран түргэн залран соёрх
Бие хэлний гэмийг боомтлож гаднаа ангид гэтэлсэн
Бодь сэтгэлээр дотооддоо зөвхөн бусдын тусад хичээсэн
Бясалгалын дээд хоёр зэргийн егүзарыг нууцалсан
Бүрэн гүйцэд ялгуулсаны шашныг арвидуулахын саданд залраач
Номловоос саруул ухаантан чихний шимийг авах хийгээд
Хэлцвээс буруу атгагын хадан уулыг бутлан товорголох
Тууривбаас Эсрэнгийн хүү үл өгүүлэхийн агаарт алмайрах
Хувилгааны үргэлжлэл шашны цогд түргэн залран зохио
Их номлолын далайг сонсохуйгаар эцэслэн туулж
Орхил үгүй мэдэгдэхүүнд санахуйгаар хэтрүүлгийг таслаж
Ажигласан утга бүгдийг бясалган анхааран авсан
Оройн дээд хувилгаан шашин амьтны тусад түргэн залрагтун
Нийт ялгуулсаны шашин хийгээд Цагийн хүрдний
Нэн боловсрогч авшиг ба үндэс тайлбар номлол
Түргэн гэтэлгэгч зургаан найруулгын амсуулах хөтөлбөр тэргүүтэн
Тухайлсан шашны цог дор түргэн залран зохио
Харилцан шүтэн барилдахуйн нэн ариун болон
Хуурмаггүй дээд гурвын үнэний адистэд хийгээд
Шашныг сахигч Цогт охин тэнгэрийн үйлсээр
Сайтар ерөөсөн хэргүүд саадгүй түргэн бүтэх болтугай хэмээсэн энэ нь Халх Жэвзүндамба ринбучэ Жамбалнамдолчойжижанцан балсанбуу бээр ойрмогхон нирванд заларсан тул эргэн хувилан (дараагийн хувилгаан) “түргэн залрах залбирал” нэгэн хэрэгтэй хэмээн Жонан эх хийд гололсон нийт жонанвын номын аймагт багтагч нар хийгээд Брайбун Гоман дацан, монгол улсын (орны) Гандантэгчэнлин хийд, Сэржэй самло аймаг (хамцан), Гандан лавран тэргүүтэн сүсэг төгөлдөр шавийн барилдлагат бүхнээс сануулан айлтгасан бөгөөд би өөрөө ч арван сүүдэртэй үеэс эхлэн дээдэс түүнийг таних болсон ба хожим тухайлан шашны тусад дахин нэн ариун үлэмж сэтгэлийн тааллын үүргийг зохиож байсан бүхнийг сэтгэлдээ ургуулан хүчтэй хатуу ерөөл хүслийн залгамжаа сэлтийг дээдэс түүний номын нөхөр Шагжаан гэжон (буяны судлаач) номыг өгүүлэгч Далай лам Данзинжамц бээр төвдийн тооллын арван долдугаар жарны усан луу жилийн тэргүүн сарын арван хоёрны өдөр буюу нийтийн тооллын 2012 оны гуравдугаар сарын тавны өдөр найруулсан болой.