“Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодва нарын үе дараалал”

Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодва нарын үе дараалал

 

  1. Хамба номун хан Лувсанданзанжанцан.

 

 Ламын гэгээний анхдугаар дүрийн хувилгаан

 

  1. Хамба номун хан Гэлэгравдандорж.

 Эрдэнэ мэргэн бандида хутагтын анхдугаар дүрийн хувилгаан. 1681-1691 хүртэл хамба номун ханы алба хашсан. Гүн Галдандоржийн хүү.

  1. Хамба номун хан Лувсандаржаа.

 

Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан.

/Эрдэнэ шанзодва Доржванчүг/

/ Эрдэнэ шанзодва Пунцаг-яринпэл/

  1. Хамба номун хан Жамбалдорж.

1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Срайдорж номун ханы хоёрдугаар дүрийн хувилгаан.

/Эрдэнэ шанзодва Сүндүвдорж/

5. Хамба номун хан Лувсанжамбал.

 Намтарын мэдээ тодорхойгүй. 1765 оноос хамба номун хан болсон.

/ Эрдэнэ шанзодва Гарамцэрэн/

6. Хамба номун хан Цэвээндорж.

 1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Их шавийн эрдэнэ мэргэн бандида хутагтын гуравдугаар дүрийн хувилгаан. Энэ хутагт олноо Брэйвүн номун хан хэмээн алдаршсан.

/ Эрдэнэ шанзодва Дамчойравжай/

7. Хамба номун хан Лувсантүвдэнванчүг.

 Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.

/ Эрдэнэ шанзодва Дамчойравжай/

8. Хамба номун хан Жанчивдорж.

 Их шавийн мэргэн хамба хутагтын гуравдугаар дүрийн хувилгаан. 1806-1820 он хүртэл хашсан.

/Эрдэнэ шанзодво Гомбожав/

9. Хамба номун хан Лувсанпринлайдандар.

 Их шавийн мэргэн бандида хутагтын дөрөвдүгээр дүрийн хувилгаан. 1820-1822 он хүртэл хашсан.

/ Эрдэнэ шанзодва Гомбожав/

/ Эрдэнэ шанзодва Лувсангончог/

10. Хамба номун хан Эрэнцэнжав.

Эрдэнэ ялгуулсан хутагтын дөрөвдүгээр дүрийн хувилгаан. 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан.

/ Эрдэнэ шанзодва Гомбожав/

11. Хамба номун хан Лувсаншарав.

Төвд хүн. Банчэн богдоос Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. 1830-1833 он.

12. Хамба номун хан Агваанхайдүв.

Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судласан. 1833-1838 он хүртэл энэ албыг хашсан.

/ Эрдэнэ шанзодва Гомбожав/

/ Эрдэнэ шанзодва Лувсандаш/

13. Хамба номун хан Лувсанжамъян.

Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.

/ Эрдэнэ шанзодва Наваанчойнпэл/

14. Хамба номун хан Дорж.

Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. Гэвч VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан.

15. Хамба номун хан Лувсаннамжил.

Төвд хүн. Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.

16. Хамба номун хан Лувсанчүлтэмжигмэд.

1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.

/ Эрдэнэ шанзодва Лувсанчүлтэм/

/Эрдэнэ шанзодва Намжилдорж/

17. Хамба номун хан Дорж.

Их шавийн эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан.

/Эрдэнэ шанзодва Лувсанбалжор/

18. Хамба номун хан Балданчойнпэл.

Төвд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон. 1865-1899 он хүртэл 34 жил энэ албыг хашсан. Гонсор брүлгү хэмээн алдаршсан.

/ Эрдэнэ шанзодва Цэвээндорж/

/ Эрдэнэ шанзодва Сономдорж/

/ Эрдэнэ шанзодва Дашдорж/

19. Хамба номун хан Пунцаг.

Их шавийн Цуян отгийн харъяат. Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан. 1911 онд VIII Богд гэгээнээс “Тунгалаг билэгт”, 1915 онд “шашныг өрнүүлэгч”, 1918 онд “номч мэргэн бандида” цолоор тус тус шагнасан. Ялангуяа 1915 онд хамба номун хан Пунцаг, дэд хамба Содномдаржаа, чин ван лам Цэрэнчимид,  Бадамдорж, гадаад яамны дэд сайд Равдан нарыг нэхэн шагнаж хамба номун хан Пунцагын хойд төрлийг тодруулж нутаг хошуунд нь залан суулгах эрх олгосон байна.

/ Эрдэнэ шанзодва Бадамдорж. Амдуу нарын аймгийн ноён/

/Эрдэнэ шанзодва Бадамдорж. Вангай сайд ноён/

20. Хамба номун хан Лувсанхаймчиг.

1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан. 1937 онд Манзушир хутагт нарын хамт цаазлан хороогдсон.

/ Эрдэнэ шанзодва Дашжав. Эрхэмийн ноён/

/  Эрдэнэ шанзодва Лувсанбалдан. Номчийн аймаг/

/ Эрдэнэ шанзодва Жигмэддорж. Шүтээний аймаг/

1937 онд хамба номун хан Лувсанхаймчиг цаазлан хороогдож хутагт хувилгаад эрдэмтэн лам нарыг хүчээр устгасаны дараа сүм хийдүүд цөм хаагдан 1944 оныг хүртэл 7 жилийн хугацаанд хийд орон хурал номын үйл зогссон байсан. 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр Их хүрээ дахин сэргэж анх долоон ламтай хурлаа эхлэн хурсан байдаг.

21. Хамба лам Найдангийн Эрдэнэпэл.

Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавьлин сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. 1956 онд “чин бишрэлт” цолоор шагнасан. Монголоор ном орчуулах тасаг байгуулсан. 1944-1960 он хүртэл 16 жил хамба ламын алба хашсан.

22. Хамба лам  Самаагийн Гомбожав.

Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан. Энэ хугацаанд Гандан хийдийн дэргэд ном орчуулах тасгыг өргөтгөн “Эрдэм соёлын анги”, Шашны их сургууль, АБЭТБХ олон улсын байгууллага зэргийг санаачлан үүсгэн байгуулж ажиллаж байсан. 1961 онд “номч мэргэн гавж” цолоор шагнагдсан.

23. Хамба лам Хархүүгийн Гаадан.

Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавьлин сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан. МУИС д багшлах үедээ Дандины зохист аялгууны толийг судлан хэл бичгийн ухааны докторын зэргийг хамгаалсан. 1990 оны 2 р сард Энэтхэгийн Сарнатын их сургуулиас “аги ванбо” хэлний эрхэт цолоор шагнасан.

24. Хамба лам Сугарын Дагвадорж.

Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгынхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэм сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.

25. Хамба лам Төмөрийн Дамдинсүрэн.

Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 11 настай лам болж Хэрлэнгийн Зүүн хүрээнд ном эрдэмд суралцан улмаар гүн ухааны Дашчойнпэл дацанд гүн ухааны ном судалжээ. 1990 онд гавж цол хамгаалсан. 1991-1993 он хүртэл хамба ламын албыг хашиж байв.

26. Хамба лам Дэмбэрэлийн Чойжамц. /1951-      /

Төв аймгийн Өнжүүл сумын нутаг Савсаг хэмээх газар 1951 онд мэндэлсэн. 1970 онд анх Шашны сургууль байгулагдахад анхны оюутнаар элсэн орж 1976 онд онц дүнтэй 001 гэсэн дипломтой төгссөн. Шашны сургуль төгссөний дараагаас Гандан хийдийн голч ламын албыг долоон жил хашиж 1983 онд Энэтхэгийн Дарамсала дахь гүн ухааны сургуульд 3 жил суралцсан. 1986-1990 он хүртэл дэд хамба, 1990-1991 онд хурлын лам, 1993 оноос өдгөөг хүртэл их хамба ламын албыг хашиж байна. 1990-1993 оны хооронд Улсын их хурлын депутатаар сонгогдон анхны үндсэн хуулийг батлалцсан.