Их хүрээний цам

Төвдийн хаан Тисрэнтизэний заллагаар Цастын оронд дээдийн ном дэлгэрүүлэхээр заларсан Энэтхэгийн их бүтээлч Ловонбадамжунай бээр хар зүгийн тэнгэр лус, ад зэтгэрийг догшдын багт цамын хүчээр сөнөөн дараад Бурханы шашны анхны хийд болох Самъяа хийдийг (VIII-р зуунд) байгуулсан түүхтэй. Тэр үеэс эхлэн егүзрүүд бээр догшидын баг, барьц хэрэлэлийг барин цамнаж эхэлсэн бөгөөд энэхүү үйлийг дайсан, зэтгэрийг дарах ялгуусан үйл хэмээн үзэх болжээ. Харин Монгол оронд XVIII-р зууны эхээр цам харайх ёс дэлгэрсэн аж. Анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор Их Хүрээнд 1811 онд дэглэн гаргасан тул түүнээс хойш Их хүрээний цам хэмээн ихэд алдаршижээ. Их хүрээний цамд Эрлэн Номун Хаан Дамжан Чойжил голлодог байсан бөгөөд энэхүү цамыг коммунист хэлмэгдүүлэлт хүртэл жил болгон гаргахдаа Их хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам” хэмээх ном увидсын дагуу дэглэн гаргаж байв. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжиж чадсан юм. Их хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр, уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа их онцлогтой. Цам нь Бурханы шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтана. Мөн Нууц тарнийн ёс буюу Очирт хөлгөний ёсны анхааран авлагын амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйл хэмээх дөрвөн үйлээс хатуу үйлд нь хамаарна. Тиймээс цам нь буяныг эрхэмлэгчийн сүсгийг арвитгаж, нүгэлт нугуудын зүрхийг шимшрүүлдэг үйл мөн. Цамчид Ямандаг бурханы авшиг, Дамжан Чойжалын даган соёрхолыг анханд нь хүртээд Ямандаг бурханы нямба бүтээлийг үйлдсэн бясалгаачид байдаг. Тэд гурван хоногийн Жахар цамын хурлыг хурж, дотоод цамд гарсаныхаа дараа догшидын баг, хувцсыг өмсөн барьц хэрэгслэлийг барьж догшдын омогыг үүсгэн цамнан харайснаар гадаад тотгор болох хар зүгийн лус савдгийн хорлол, зэтгэр шулмын гай цээр, аюул хөнөөл, барчад саадыг нууц тарнийн хүчээр даран, үлдэн хөөж, эрхэндээ оруулдаг болой. Мөн дотоод түйтгэр болох элдэв өвчин зовлон, муу сэтгэлийг (нисваанисын таван хор) амарлиулдаг юм. Түүнчлэн сүсэгтэн бээр гүн сүжиг бишрэлийн үүднээс цам цамнахыг үзэн залбирваас зуурдын зовлонг үл эдлэх, гурван муу заяанд үл унах, улмаар нирвааны их амгалан хийгээд төгс гэгээрсэн бурханы хутгийг олох шалтгааныг хураах тул цам нь цаглашгүй тус эрдэмтэй ажгуу. Цамын ёс нь Их хөлгөний шашин дэлгэрсэн Төвд, Монгол, Бүтан, Балба, Ладак буюу Гималайн бүс, Буриад, Тува, Халимаг, Өвөр монгол зэрэг улс орнуудад ихэд дэлгэрсэн байдаг. Монголын шашин номын мэргэд Их хүрээ цамыг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болгож хөгжүүлжээ. Монголын Их хүрээ цам нь хамгийн дэлгэрэнгүй цамналттай бөгөөд баг, өмсгөл, чимэг зүүлт, барьц хэрэгсэл нь маш уран хийцтэй, гоёмсог бөгөөд агуулгын хувьд гүнзгий утгатай, дүр байдал нь туйлын ихэмсэг бөгөөд сүрлэг байдаг. Цамын өмсгөлд багнаас гадна хэлхгэр, өргөн, гурвалжин ханцуйтай цамын дээл, бадам хээтэй цээживч, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч, амарлингуй дүрт бурхадын дүртэй бүс, үрүжан хэмээх ясан эрхин зүүлт зэрэг байна. Цамын баг нь хүний толгойноос хоёр дахин том бөгөөд цамчин багны амаар зам мөрөө харж цамнадаг. Цамын багийг цаасан шуумлын аргаар хөнгөн бөгөөд уран гоёмсог бүтээнэ. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илрэхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдлөгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “линга” эвдэх, “жахар”, “сор” залах зэрэг үйлүүдийг үйлддэг. Цамын бүжгийг ширүүн дорвилог, сул зөөлний үүднээс нь баатар эрийн бүжиг, баатар эмийн бүжиг, хилэнтийн бүжиг, хилэнт эмийн бүжиг, амарлихын бүжиг, дотоод бүжиг, нууцын бүжиг, тэр ямагт чанарын бүжиг, хилэгнэн эрхшээх хийгээд хилэгнэн инээхийн бүжиг, хилэгнээнд машид хилэгнэхийн бүжиг хэмээн тус тус ангилна. МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Их хүрээ цамыг 1999 онд Д. Данзан, С. Сэрээтэр нарын эрдэмт буурал хуврагуудын удирдлагаар эртний уламжлал, ёсны дагуу бүрэн сэргээн гаргасан ч олон жил завсардсаны дараа энэ удаагийн Их хүрээ цамыг дахин гаргаж байгаа болно.