Орчонгийн сав шимийн дуулал

Монгол Бурханы шашин тэргүүтэн, тавдугаар Богд Лувсанчүлтэмжигмэд 1841 онд  26 насны сүүдэр дээрээ ертөнцийн юмс үзэгдэл, шүтэн барилдлага, хорвоогийн жам ёсыг илтэд үзэж, энэхүү гайхамшигт бүтээлээ Их Хүрээнд туурвижээ.

Багш дор мөргөмүй.

Амгалан жаргалан ямагт гарахын орон

Аврагч дээд гурван эрдэнэд мөргөж

 Амар үгүй орчонгийн сав шимийн

Ахуй ёсыг дуулмой. Нааш сонсогтун

Эвдэрч үл дуусах сав ертөнц

Энэлж үл дуусах шимийн амьтан

Эргэж үл дуусах гаслант орчлон

Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ.

Гэлтэлж үл дуусах орчлонгийн дөрвөн далай

Хэсэж үл дуусах зургаан зүйлийн орон

Гэндэж үл дуусах ертөнцийн гаслан

Хилэгнэж үл дуусах уурт сэтгэл ээ.

Асарч үл дуусах үр садан

Алж үл дуусах өстөн дайсан

Амраглаж үл дуусах тачаангуй сэтгэл

Алагчилж үл дуусах дайсны сэтнэл ээ.

Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие

Шаналж үл дуусах орчлонгийн гомдол

Шунаж үл дуусах ертөнцийн харам

Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ.

Хувирч үл дуусах ертөнцийн буурал

Ховдоглож үл дуусах орчлонгийн уурхай

Хонжиж үл дуусах ертөнцийн идэш

Хувьсаж үл дуусах атаат сэтгэл ээ.

Таван хорын эрхэнд ороод

Там, бирд, адгуусны оронд

Талийн жилийн одохын урьд

Тамтралт үгүй ном буяныг үйлд ээ.

Аргалж үл дуусах орчлонгийн залхай

Атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл

Алгасаж үл дуусах ертөнцийн баримт

Арилж үл дуусах сэжигт сэтгэл ээ.

Төрж үл дуусах амьтны зэрэг

Төөрч үл дуусах хий сүнс

Түрдэж үл дуусах амь нас

Түгэж үл дуусах хар сэтгэл ээ.

Гасалж үл дуусах орчлонгийн зовлон

Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл

Хаширч дуусах орчлонгийн явдал

Хамавч үл мохох ертөнцийн олз оо.

Үхэвч үл орхих үйлийн үр

Үгүйрэвч үл орхих өр төлөөс

Өтлөвч үл арилах муу авьяас

Өлбөрөвч үл орхих олон сан аа.

Хайрлавч үл мөнхрөх амь бие

Ханилавч үл дагах янаг амраг

Харамлавч үл эзлэх эд мал

Гайхуулавч хамт үл одох нэр алдар аа.

Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц

Үзэвч үл ажрах алиа орчлон

Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц

Өгүүлэвч үл сонсох орчлонгийн дүлий амьтан аа.

Сав шимийн энэ ёсыг мэдвэл

Сайн эрдэмт хүний биеийг олсон

Шажин ном лугаа учирсан энэ сайн цагт

Саатал үгүйгээр ном буяныг үйлд ээ.

Ширгэж үл дуусах төрөхийн далай

Шаналж үл дуусах өвчний далай

Шимэгдэж үл дуусах өтлөхийн далай

Шингэрч үл дуусах үхэхийн далай

Нүүж үл дуусах огторгуйн үүл

Нөгчиж үл дуусах орчлонгийн амьтан

Олон эд мал эрэхийн зовлон

Олсноо харамлан хадгалахын зовлон

Өст дайсан лугаа учрахын зовлон

Хүмүүний биеийг олж төрвөөс

Хөнөөлт энэхүү найман зовлонг үзмүй.

Хүлцэшгүй арван найман тамд төрвөөс

Хүйтэн, халуун элдэв зовлонг үзмүй .

Өлсгөлөн харамч бирдэд төрвөөс

Өлсөх, ундаасах, турах зовлонг үзмүй.

Элий балай адгуусанд төрвөөс

Өөр өөрийг идэлцэхийн зовлонг үзмүй.

Атаа хилэнт асур нарт төрвөөс

Алалдан тэмцэлдэхийн зовлонг үзмүй.

Ариун тэнгэр нарт төрвөөс

Айн үхэхийн таван ёрыг үзмүй.

Зургаан зүйлийн амьтны зовлон олон

Жирхрэн цурхирахын ёс тэр мэтийг сонсоод

Жийрхэхүй сэтгэлээр айн эмээж

Зүрхнээс санан санан ном буяныг үйлд ээ.

Сөгдөвч үл буцах үхлийн эзэн

Сөргөж үл болох эрлэгийн засаг

Сөнөөж үл болох тамын гал

Сүйтгэж үл болох хилэнцийн үндэс ээ.

Бэрх үхлийн эзэн ирэх цагт

Баялаг, эд малаар сольж үл болох

Баатар омгоор алалдаж үл болох

Билэгт үгээр цэцэрхэж үл гарах аа.

Гэнэт хэзээ юугүй мргааш үхвээс

Гэнэлт муу заяаны салхинд

Хийсэн одож унахын урьд

Гэнэдэл үгүй ном буяныг үйлд ээ.

Орилон дуулсан үгийг минь

Орхил үгүй сайтар сонсортун, та нар

Уушин зүрхээ хөдөлгөн айна уу, та

Олон бүгд үл мөнхрөхийг мэдэв үү, та

Энэ мэт зүрхэн үгүй ёсыг мэдэв үү, та

Элмэрсэн номгүй мунхагууд сонсвоос

Эгэл сүжиггүй сэтгэлтэн ухваас

Эрэмшин ташууралгүй ном буяныг үйлд ээ.

Дурдахуй мөнх бусын үгийг мэдэв үү

Дураар нүгэл үйлдэгч мунхагууд сонсвоос

Туурин санагч зальхай сэтгэлтэн ухваас

Турхиран бүү хөөрөгтүн, ном буяныг үйлд ээ.

Сургах буянт үйлийг мэдэв үү

Солиорч суугч мунхагууд сонсвоос

Согтуу мэт сэтгэлтэн ухваас

Сэсэглэн аль чадахаар ном буян үлд ээ.

Үүнээс хойш эрдэнэт хүний биеийг

Эрэвч олох бэрх, хэрэв оловч

Ийм сайн ламын шажин лугаа

Ийн бас дахин учрах бэрх ээ.

Эрэгцүүлж санаад буян номыг үйлд ээ.

Энэ ертөнцөд алдар нэр дуурсаж

Эцэст хойд ертөнцөд ашид жаргах тул

Эрдэмтэн мэргэдэд шүтэж ном буян үйлд ээ.

Ном буян мэдэгчдэд дурьдатгал

Буруу зөвийг ялгагчдад сануулга

Бусад нүглийг үйлдэгчдэд сургаал

Бурханы зарлигийг сонсогчдод чихний чимэг ээ.

Бас бас төрөн үхэн эвдрэгч

Барагдашгүй зовлонт орчлонгийн

Байх ахуй ёсыг энэ төдийхөн

Бадаг шүлгийг Жавзандамба Хутагт холбон дуулвай.

Олохуйяа бэрх эрдэнэт хүмүүний биеийг олсны хэргийг гаргаж, шимийг хүртэж, эрхэм буян ба билгүүний чуулганыг энэ насандаа цаглашгүй ихээр хураахын сануулга болгож энэхүү алдарт зохиолыг таны дурьдалын оронд өргөн барьвай.