БОГД ЗОНХОВЫН НИРВААН ДҮР ҮЗҮҮЛСНИЙ 600 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛ, ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТЭЭР МБШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ ГАВЖ Д.ЧОЙЖАМЦЫН АЙЛДВАР

“Хэмжээлшгүй энэрлийн их гуу сан Аръяабал

Хир үгүй айлдагчийн эрхэт Манзушир

Хоцроолгүй шулмасын аймгийг даран зохиогч Очирваань

Хамаг Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова

Сайн оюунты алдартны өлмийд соёрхол талбимуу”

 

Бурсан хуврагууд,

Эрдэмтэн судлаачид,

Хүндэт зочид,

Эрхэм сүсэгтэн нугуудаа, 

 

XVII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн хөхөгчин гахай сарын шинийн арван хоёрон бөгөөд аргын тооллын 2019 оны 12 сарын 08ны буян номын хур буусан эл  өдөр Бурханы гэгээнээс бошготой, судар, тарнийн ёсыг үл харьшуулсан Шарын шашныг үндэслэгч, Хоёрдугаар ялгуусан, Цастын мэргэдийн оройн чимэг хэмээн алдраа ертөнцөд дуурсгасан Богд Зонховагийн нирваан дүрийг үзүүлсний 600 жилийн ойд зориулан хурж буй Богд ламын чого, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, “Бурханы шашин ба Монгол туургатан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болон шүтээний үзэсгэлэн нээн ажиллуулж буйгаа та бүхэнд айлтгая.

            Богд Жэвзүндамбын анхдугаар дүр Өндөр гэгээн Занабазарын таалан үүтгэсэн Батцагаан цогчэн дуганд зохиогдож буй эл номын хуримд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтайгаас Бурханы шашны төлөөлөгч лам хуврагууд сүсэгтнүүдийн төлөөлөл, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол, Харчин хушуу, Хөх нуурын Дээд Монголын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирснийг дуулгахад нэн таатай байна.   

            Бурханы гэгээний гурвантаа эргүүлсэн номын хүрднээс сацарсан гэгээ умраас умарт түгсээр бидний өвөг дээдсийн өлгий нутагт гурван удаа дэлгэрэхдээ Хүннү гүрний үед үл дийлэгдэхийн бэлэгдэл “Алтан хүн” шүтээн, Кидан улсын үед Санскрит хэлний нэрийтгэл Монгол хэлэнд хэдийнээ нутагшсаны нотолгоо “Хадны брахми бичээс”, Эзэн Чингисийн Алтан ургийн хаадын үед ард олныг хос ёсоор засаглахын тухайтад “Төрийн шашин”, хожим Их Монгол улсын гал голомт хямарсан цөвүүн цагт “ач ивгээлт Богдууд” болон залагдаж гэгээрлийн мөрд хөтлөхийн зэрэгцээ Монголчууд бидний түүх, өв соёлыг давхар бүтээж ирсэн.

Түүхийн мандал буурлын жимээр замнасан Бурханы шашин 16 дугаар зуунд Алтан ургийн хаад, ноёдын дэмжлэгээр сэргэхдээ Богд Зонховагийн номын ёсоор дэлгэрчээ. Үүний гол шалтгаан нь Түмэдийн Алтан хаан Ананд бээр 1578 онд Хөх нуурын Цавчаал хэмээх газар 3 дугаар Далай лам Соднамжамцад бараалхаж номын барилдлага тогтоосон явдал байв. Түмэдийн Алтан хаан 3 дугаар Далай ламыг Монгол орноо залж Богд Зонховагийн номын ёсыг бодитой дэлгэрүүлэх үйлийг эхлүүлсэн их үйлстэн. Хөх нуурын Цавчаалын чуулганаар Монгол туургатнууд Бурханы шашныг дахин албан ёсоор хүлээн авч, арвитган тэтгэх хууль эрхийн үндэс болох Хутагтай Цэцэн хааны найруулсан хянасан хууль цаазыг хэлэлцэн баталсан нь нийт Монголчуудад нэг шашин шүтэх боломж олгосон байдаг.  

            Түүнчилэн Богд Жэвзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр гэгээн Занабазар, нэйж тойн Цүлтэмзанба, Заяа бандида Намхайжамц, Заяа бандид Дамбадаржаа, Цахар гэвш Лувсанчүлтим нарын Монгол туургатны номын ихэс дээдсүүдийн үйлс буяны хүчээр нийт Монгол даяар Богд Зонховагийн шашин номын ёс зүг бүрнээ хиргүй, ариун, бүрэн гүйцэд дэлгэрснийг хожмын түүх гэрчилнэ.

            Богд Зонхавагийн номын ёс гэдэг нь Хутагтын орон хэмээн алдаршсан Энэхтэгийн Цогт Наландарын их сургуулийн Бурханы шашны их, бага арван ухаанд түрдэлгүй мэргэжсэн бандида нугаадаас Цастын орны мэргэдийн сайн оюунд хоцроол үгүй юүлэгдсэн зарлиг, увидасын шим бүгдийг гүйцэд хураасан,  дээд төрөлхийтний үзэл, бясалгал, явдал гуравт машид тулган нягталж ариутган зарлигласан Шарын шашныг хэлэх ажгуу. Түүний үүтгэсэн номын ёс винайн аймаг, судрын аймаг, авидармын аймаг зэрэг гурван номын аймаг лугаа уг өчүүхэн ч үл харшсан болохыг Цастын орны мэргэдээс гадна Хутагтын орны бандида нугууд ч бишрэн нотлосон байдаг.

            20 дугаар зууны эхэн үест 8 дугаар Богд Жэвзүндамбын зарлигаар Их хүрээнийн Гандантэгчэнлин хийдэд түмэн гэлэнгийн хайланг 1908, 1909, 1910 онуудад хурж байсан нь Монгол оронд Шарын шашин хэрхэн хүчтэй дэлгэрч байсныг илтгэнэ. Мөн Монголын олон мэргэдүүд Ганжуур тэргүүтэй судар, Энэтхэгийн их бандида нарын шастир, Богд Зонховагийн сүмбүм зохиолуудад тайлбар хийж, Бурханы шашны их, бага арван ухааны чиглэлээр өөрсдийн суут бүтээлүүдээ туурвин Цастын орны мэргэдийн хүндлэл, бишрэлийн орон болж тахигдаж байсан билээ.       

            Мөн “Бурханы шашин ба Монгол туургатан” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод өндөр амжилт хүсье. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж буй эрдэмтэн судлаачдаас Богд Зонховагийн намтар, үйлс зохионгуй, туурвисан бүтээлүүдийн талаар шинэ соргог баримт, сурвалж, судалгаа, тодруулга гарч түмэн олны оюуныг гийгүүлж, сонорыг мялаана гэдэгт миний бие итгэнэм.

            Мөн Бурханы гэгээнээс төгс дамжлагатай Цогт Наландарын уламжлал бүхий Шарын шашин нийт Монгол туургатнуудын дунд урьдын ёсоор хиргүй ариунаар дэлгэрч цаашдаа дэлхийн хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт өв болсон эл номын ёсыг бидний Монгол туургатнууд эрхэмлэн дээдэлж, уламжлуулан дэлгэрүүлэх асар ариун хариуцлага хүлээж буй болой. Иймийн учир Монгол туургатнуудын шашны төлөөл  нугуудад энэхүү асар ариун үүргийг гольт зүрхний угаас ухамсарлан хичээж явахыг миний бие алга хамтатган айлтгаж байна. 

            Ингээд Богд Зонховагийн нирваан дүрийг үзүүлсний 600 ойд хол, ойроос зорин саатан морилсон олон түмний буянд нэгэн үзүүрт сэтгэлээр даган баясмуу.

            Мөн хүмүүний амьдралын утга учир хийгээд ёс зүйд суурилсан амгалан жаргалын уг шалтгаан болсон арван цагаан буяныг эрхэмлэн дээдэлж, Богд Зонховагийн туурвисан Бодь мөрийн зэрэгт сонсох, санах, бясалгахын үүднээс хичээнгүйлэн шамдахыг нийт сүсэгт олноо айлтгая.

            Ирээдүйд орчин цагийн шинжлэх ухаан лугаа нягт уялдах Монголчууд бидний шашин дэлхийн соёлт хүн төрөлхтний оюун санааны амар амгаланг эгээрэх горилыг хангах алдаа үгүй номын ёс болж шүтэгдэнэ гэдэгт миний бие итгэнэм.  

            Богд Зонховагийн шашин номын үйлс үеийн үеэр эгнэгт өргөжин дээшилж, түүний анхааран авагсдын санасан үйл хэргүүд саадгүй дэлгэртүгэй.

Анхаарал тавьсанд баярлалаа.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Батцагаан цогчэн дуган - 2019 оны 12 сарын 08.