Нүгэл хилэнцийн цоморлог

Хилэнц нүглээс сэтгэлээ холдуул

Хичээж зүтгэж буянд ойртуул

Буянаас зайдуу сэтгэл өөрөө

Бузар нүгэлд баясах аюултай

 

Урьдын нүглээ битгий давтаа

Ужиг зовлон, гэнтийн гаслан

Урьд одоогийн нүглийн үр шүү

 

Сайн буянаа дадал болго оо

Сайн амгалан, үлэмжийн жаргалан

Сайн үйлүүдийн үр юм шүү

 

Муу үйл нь боловсрох хүртлээ

Муу хүн сайхан юм шиг харагдах нь бий

Муу үйл нэг л өдөр боловсорч гүйцэхэд

Муугаа үзэн нүгэл нь нүдээрээ гоожих нь бий

 

Сайн үйл мөн л болосрох хүртлээ

Сайн хүн жаргахгүй юм шиг харагдах нь бий

Сайн үйл нэг л өдөр боловсорж гүйцээд

Сайхан буян нь нүүр дүүрэн тодроод ирнэ

 

Аливаа нүгэл багдах нь үгүй 

Алзахгүй юм шиг битгий бодоорой

Нүхээр дуссаар торх дүүрэх шиг 

Нүгэл нүглүүд нийлж арвидана

 

Ариун буян багадах нь үгүй

Арвидахгүй юм шиг битгий чамла

Рашааны дуслууд арвидан дүүрэх шиг

Ариун буянууд нийлж хурна

 

Оюу эрдэнийн наймаач хүмүүн 

Осолтой замыг тойрч аялна

Оюун сайт авхаалжит хүмүүн 

Осолдох гэмүүдийг тойрч амьдарна

 

Хүрэх газар шархгүй болвол

Хүнцэл хорыг барихаас айлтгүй

Хүнд мууг хийгээгүй бол

Хүнд хорлол тусахаас айлтгүй

 

Хүний зарим нь дахин төрнө

Хүнд нүгэлтэй нь тамд унана

Гэгээн буянтан тэнгэрт залрана

Гэгээрэгчид л нирваанд хүрнэ

 

Өө гэмгүй хөөрхий амьтсыг

Өст хорлогч хилэнцэт хүний 

Өөд шидсэн нүглийн чулуу

Өөрийн толгойд унаж бяцална

 

Үйлдсэн нүглээсээ нуугдах аргагүй 

Үүлний цаана, тэнгэрт гарсан ч

Үнэхээр алсын далайд шунгавч

Үр нь боловсорч чамайг гүйцнэ

 

Үхлээс бас зугтаах газаргүй 

Үүлтэй тэнгэрээс доохнуур дүүлсэн ч 

Үзүүртэй модноос дээхнүүр ниссэн ч

Үхэл чамайг гүйцэхээ л гүйцэнэ

 

Үнэн худлын дэнс барьсан

Үнэнч шударгуу хууль баригч

 Хэзээ ч өөрийн дураар шүүхгүй

Хэлмэгдүүлж хэнийг ч гүжирт хийхгүй

 

Уран цэцэлсэн яриатай болгон 

Ухаан цэцэн мэргэд байдаггүй ээ

Ухаалаг сэрэмжтэй бас элэгсэг

Улмаар айдасгүй л ухаатан гэдэг ээ