Нууцын хураангуй үндэс “Сандуйн жүд”

Гэлүгбийн шашны тэргүүн гурван цоржийн нэг Жанзэ цорж Госог гэгээнтэн МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жүд дацанд цогт нууцын хураангуй үндэсийн (Сандуйн жүд) лүн хайрлалаа. “Сандуйн жүд ” буюу “Нууцын хураангуй” ном бол яах аргагүй Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг юм. Монгол улсын төв номын сангийн “Эрдэнэсийн өв”-д XIX зуунысүүлч XX зууны эхээр алдарт уран дархан Давга тэргүүтэй Монголын чадварлаг урчууд одоогийн төв аймагт байдаг Манзуширийн хийдэд урласан “Сандуйн жүд” судар хадгалагдаж байдаг билээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн. Нимгэн мөнгөн номын үсгийг алтаар цутгаж шарсан байдаг. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр, сувдаар чимэглэн хийсэн. “Сандуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52 кг алт, 400 кг мөнгө орсон гэдэг. Санскрит буюу Энэтхэг хэлээр Сандуйн жүд нь 2500 жилийн өмнөх Бурхан багшийн аман зарлиг юм. Тэр үед Бурхан багш Замбуутивд морилж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гурвантаа сургаал ном айлдсан байна. Хамгийн төгсгөлийн аг тарнийн номыг номлох үедээ нууц тарнийн Сандуйн жүдийг ном язгуур болгож бүрэн айлдсан байдаг. Сандуйн жүд номонд нууц бүхний оньсыг хураасан гэж үздэг. Бурхан багшийн анх номлосон тэр цагаас хойш Сандуйн жүд ном хуран түгсээр байна. Үүний адилаар бас Сандуйн жүд одоогоос 300 жилийн өмнө Монголд Төвдөөр дамжин орчуулгаар дэлгэсэн түүхтэй. Бэхэн болон шунхан Ганжуурт хоёуланд нь Сандуйн жүд орсон байдаг. Сандуйн жүд ном бол нууц бүхний язгуур үндэс юм. Сандуйн жүдийн уг үндэс бүхэнд увдис оршдог гэж үздэг. Тийм ч учраас эртнээс нааш Монголчууд Сандуйн жүдийг биедээ авч явдаг байсан. Сандуйн жүд уншдаг айлын нохойны салхин доогуур гарахад гурван муу заяанаас гэтэлдэг гэдэг домог үг байдаг. Ингэж Сандуйн жүд ном Монголчуудын ахуйд нэвт шингэсээр иржээ. Одоо ч хүмүүс Сандуйн жүдийг биедээ авч явж байдаг. Ингэж Монгол хүн Сандуйн жүдийг жирийн нэгэн судар бус шүтээн болгож дээдэлсээр ирсэн түүхтэй. Энэхүү хөлгөн судрын утга тайлбар нилээд хэдэн боть болно. Тиймээс энэ удаа энэхүү хөлгөн судрын эхний хэсгийн лүнг та бүхэнд өгөөд үлдсэнийг дараа дахин ирж хайрлахын ерөөл тавиад үлдээе. Тэр бүр энгийн хүн бүрэн утгыг тайлах боломжгүй Сандуйн жүд их хөлгөн судрын утгыг бүрэн тайлсан өндөр уулын орой гараад үзсэн мэт энэ яваа насандаа бурханы эрдэм учрыг олдог учиртай. Энэхүү номыг үзсэн, уншсан, даган баяссан төдийд арвин их буян хурааж, гэнэтийн гай барцад, олос аюулаас гэтэлгэж байдаг хэмээн үздэг. Ер нь Сандуйн жүд нь 18 бүлэгтэй үүнээс сүм хийдүүдэд 12 бүлгийг нь хурж байна. Эхний 17 бүлэг нь аг тарнын дөрвөн язгуур үндэс, 18 дахь бүлэг нь хойд үндсийг өгүүлсэн байдаг. Сандуйн жүдийг нарийн судалж гавжийн дамжаа барьсны дараа увдис бүхнийг аваад судар тарнийн номнод нэвтэрсний дараа аграмба буюу аг тарнид нэвтрэгч болдог. Та бүхэн хойшдоо ч Сандуйн жүд номын агуулгыг улам бүр сайтар ойлгож авах хэрэгтэй. Сандуйн жүдийг багшаас адис Жанлав оршоон авч буянаа хурааж нууц тарнийн ёсонд нэвтэрч байсан байна. Бурханы шашинд багшийг дээдлэх ёсон ихэд чухал. Бурханы шашны нууц тарнийн ёсны Ядам бурхадын нэг болох Сандуй бурханы уншлага зан үйл бясалгал бүтээл гол үндэс нь энэхүү Сандуйн жүд судар юм. Энэхүү их хөлгөн судрыг уншиж бясалгаж шүтсэнээр энэболон хойт насны хэрэг тус бүхэн бүтэх, буян хишиг арвидан дэлгэрч, бодь сэтгэл амар хялбар үүсэх нь дамжиггүй. Монголчууд биедээ, машиндаа авч явах нь их харагдсан. Биедээ авч явснаар гэнэтийн осол, цаг бусын үхэл, өвчин тахалд үл нэрвэгдэх, ад дон, хүн бусын хорлолд үл хорлогдох хулгай дээрэмд өртөхгүй байх ба цог золбоотой байж ажил үйлс түргэн бүтэх тус эрдэмтэй юм. 

    “Сандуйн жүд” хураангуй нь:

    Дүйва санва лайжүн ва

    Дэвшин шэгва гүнжи сан

    Доржэ нинбо дүйва ей

    Дэнид жомдаан шаддүй сол

Унших үедээ чин сэтгэлээс сүслэн өөрт хийгээд бусдын тус амгаланг бүтэх болтугай хэмээн бодвоос номын адистад их болно. Ийнхүү Гэлүгбийн шашны тэргүүн гурван цоржийн нэг Жанзэ цорж Госог гэгээнтэн бээр лам хувраг сүсэгтэйн олонд дээдийн номын лүн хайрлаад, “Жүд” дацангийн бяцхан шавь нарт сахил хүртээсэн юм.