Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин

АБЭТБХ- ын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр: “Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад Бурханы ариун сургаалын цогц буддизмийн үзэл номлолыг дэлхий дахинаа дэлгэрүүлж, эрхэм мэдлэг, энэрэл нигүүлслийг эрхэмлэн, уламжлалт өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын эрмэлзэл, эв санаан дор анх чуулж байсан бол өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Монгол Улсын төр, засгаас Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг ямагт дэмжиж ирсэн. Тус хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг хүн төрөлхтөн мэдэх бөгөөд энэ нь энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөөх Монголчуудын оруулж буй чухал хувь нэмэр байсан. Энэхүү оролцоо өнөөдөр ч үгүйлэгдэх үнэ цэнтэй хэвээр байна. Хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралын төлөө явуулсан энхийн үйлсээрээ НҮБ, түүний тусгай агентлаг тус ТББ-ыг ЮНЕСКО-гийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статустай байгууллага мөн гэдгийг тэртээ 1988 онд анх бүртгэн авч өнөөдөр хүрлээ. Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ. Их Монголын тулгар төр, Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурханы шашин бол Монгол үндэстнийг гадаадын түрэмгийллээс сахин хамгаалж, дотооддоо эв нэгдэл, тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөөр байна. Монголын буддизм түүхэн дэлгэрэлтийнхээ нэгэн цаг үед үлэмж их хор хохирлыг амсаж, хүн амынхаа нэлээд хэсгийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн гашуун сургамжаа мартах учиргүй, дахин давтах ёсгүй. Тиймээс УИХ- аас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15 Бурхан багшийн Их дүйчэн өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна” гэв.