АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРЛЫН I ЕРӨНХИЙ ЧУУЛГАН /ЭНХ ТАЙВНЫ ХӨДӨЛГӨӨН/

АБЭТБХ-ын  анхдугаар Ерөнхий чуулган нь1970 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуралдсан байна. Тус чуулганд Энэтхэг, Япон, Малайз, Балба, Сингапур, Шри-Ланка, Өмнөд болон хойд Вьетнам, ЗХУ-ын Бурханы шашны төлөөлөгчид оролцжээ. Уг чуулганаар Зүүн өмнөд Азийн Мьянмар (Бирм), Тайланд, Малайз, Лаос, Камбож, Вьетнам, зэрэг улсын энх тайван аюулгүй байдал, ард түмний эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалах тухай асуудал хэлэлцэж албан ёсны тогтоолуудын батлан “Тунхаглал” гаргасан байна. Мөн Азийн буддистуудын энхийг сахиулах үйл ажиллагааг идэвхжүүлэн зохицуулахын тулд АБЭТБХ-ыг цаашид тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ удаагийн чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожавыг АБЭТБХ -ын ерөнхийлөгчөөр, эрхэмсэг хатагтай Суманатиса /Шри-Ланка/, эрхэм Жинарай /Энэтхэг/ нарыг дэд ерөнхийлөгчөөр, доктор профессор Ч.Жүгдэрийг ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгосон байна.