Азийн Буддистуудын Энх тайвны Бага Хурал

Азийн Буддистуудын Энх тайвны Бага хурал нь 1970 онд МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам /асан/, номч мэргэн гавж Самаагийн Гомбожав, Буриад улсын их хамба Гомбоев Жамбалдорж нарын санаачилгаар Азийн Буддистуудын энх тайвны хөдөлгөөн нэртэйгээр үүсгэн байгуулагдсан юм. Тэрээр 1974 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан III ерөнхий чуулганаар АБЭТБХ хэмээн нэрлэсэн байна. Энэхүү хурал нь: Ази тив, Даян дэлхийд энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, Ази тивийн энх тайвныг эрхэмлэгч дэвшилтэд буддистуудыг нэгтгэж, улс түмний хооронд эрх тэгш, найрсаг хөршийн харилцааг тогтоон хөгжүүлэх, Бурхан багшийн үнэт сургаалийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий бие даасан олон улсын байгууллага. Азийн Буддистуудын Энх тайвны Бага Хурал үндсэн зорилт нь: Цөмийн дайны аюулыг сэрэмжлэн зайлуулах, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх хэрэгт Азийн Буддистуудын эв санааг нэгтгэх, тэдний энх тайвны идэвхи чармайлтыг дэмжин өрнүүлэхэд оршиж байлаа. Албан ёсны хэл нь ангил хэл юм. Тус байгууллагын 10 удаагийн ерөнхий бага хурлаас 5 нь Монгол улсын нийслэл хотноо зохион байгуулагдсан байна. 

Үүнд: 1970 оны I хурал,1979 оны V хурал, 1982 оны VI  хурал, 1990 оны VIII хурал, 1998 оны IX хурлууд нь нийслэл Улаанбаатар хотноо хуралджээ.