Зэвсэг барин тэмцсэн хүмүүс цэцэг барин золгох болтугай

    1960-аад оны сүүлээс эхлэн Азийн Буддистуудын энх тайвны бага хурал байгуулах санааслага гарсан байдаг. Үүнд тухайн үеийн ЗХУ, түүний дотор Бурханы шашинтай Буриадын хамба Жамбалдорж Гомбоев их зүтгэл гаргасан. Хамгийн гол нь МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам асан номч мэргэн гавж С.Гомбожав ламтан гол санааг нь удирдсан юм. Мөн Япон, Шри-Ланка, Энэтхэг зэрэг улсууд санаачлан байгуулалцсан байдаг. Байгуулах гол шалтгаан нь тухай үед Социалист, Капиталист гэх хоёр том систем болж хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг байсан бөгөөд хүйтэн дайны аюул занал дэлхий ертөнцөд нүүрлээд байсан цаг үе. Тэр үед хөрөнгөтөн гэж нэрлэгдээд байсан улсуудаас Бурханы шашнаар дамжуулан энх тайванд хүрэх гэсэн оролдлого гарч Тайланд улсад Дэлхийн Буддын холбоо гэх том байгууллагыг байгуулж маш олон улс хамрагдан, энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулдаг болсон юм. Энэ үйл ажиллагааны үндсэн дээр бас Азийн Буддистууд энх тайвны төлөө сэтгэл нэгдэн энэхүү бага хурлыг байгуулсан байдаг. Үүнд: ЗХУ-ын Буриад, Япон,Солонгос, Тайланд, Камбож, Лаос, Шри-Ланка, Энэтхэг, Балба, зэргийн олон улс хамтран энэ байгууллагыг байгуулсан түүхтэй юм. Ийнхүү 1969 оноос эхлэн хуралдаад 1970 онд Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж Азийн Буддын шашинтай 14 улс орон оролцсон байдаг. Байгуулгдсан цагаасаа эхлэн дэлхийн энх тайван,зэвсэг хураахын төлөө, хоёр системийн эвлэрэл нэгдлийн төлөө ажилласаар ирсэн Азийн Буддистуудын энх тайвны бага хурал “Зэвсэг барин тэмцэсэн хүмүүс цэцэг барин золгох болтугай” гэсэн уриаг өнөөг хүртэл дэлхий дахинд уриалсаар ирсэн. Ингэж энэхүү уриан дор маш олон хурлуудыг Бурханы шашинтай Азийн улс орнуудад зохион байгуулсаар ирсэн бөгөөд Ази, Дэлхий дахинд энх тайвныг тогтоох, зэвсэглэлийн эсрэг улс орнууд эвлэлдэн нэгдэхэд дэмжлэг үзүүлэх, Азийн ард түмэнд тулгарч буй хурцадмал асуудлуудыг Бурхан багшийн ариун сургаалийг үндэслэн шийдвэрлэх, хүний эрхийг хамгаалах, энхийг сахиулах үйлсэд Азийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж буйг үнэлж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд сонгогдож “C”статустай байгууллага болсон юм.