Азийн буддистуубын энх тайвны бага хурал 2019 оны 06 сарын 21-23 хооронд болно

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган

\2019 оны 06 дугаар сарын 21-23 Улаанбаатар хот, МБШТ Гандантэгчэнлин хийд\

Азийн буддистуудын энх тайвны бага хурал \ АБЭТБХ\-ыг Монголоос номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбажав, хуучнаар Зөвлөлт холбоот улсын Буриадаас хамба лам, эрхэм хүндэт Гомбоев, Энэтхэгээс эрхэм хүндэт Кушок Бакула Ринбучи болон Шри Ланка, Балба улсын шашны тэргүүн нар хамтран (АБЭТБХ)-ыг анхлан зохион байгуулсан ба улмаар Вьетнам, Лаос, Камбож, Япон, Солонгос зэрэг олон улсын энх тайвны элч төлөөлөгчид оролцож байгууллагынхаа зорилго чиглэл, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлжээ.  

АБЭТБХ нь 1969 онд МБШТ Гандантэгчэнлин хийдийн өтгөс лам хуврагууд  үүсгэн байгуулж анхны хурлаа 1970 онд Монголд, 1972 онд Шири Ланкад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979 онд Монголд, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990 онд Монголд, 1998 онд Монголд,  2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэжээ.

АБЭТБХ анхны ерөнхийлөгчөөр номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав  сонгогдон 20 гаруй жил ажиллаж байжээ. Азийн буддистуудын энх тайвны бага хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Энэ удаагийн XI ерөнхий чуулганыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан 6-р сарын 21-23-нд зохион байгуулах ба 6-р сарын 22-23-нд чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог юм.  Монгол улс нь Буддын өв соёлыг хамгаалах, өвлүүлэх үндэсний төвийн хувьд АБЭТБХ-аар дамжуулан 50 жил турш явуулсан энхийн үйлс, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох зорилгоор таван улсын 30 гаруй эрдэм судлаачид хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлнэ.

Азид төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг хүргэж чадсан тус хурал нь зохион байгуулалтын хувьд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар, байнгын хороо, сэтгүүлийн эрхлэгчид гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Анхны дэд ерөнхийлөгчөөр Оросын Холбооны Улсын Бандид хамба лам Дамба Аюушиев, Гонконгийн  ламтан Деронг, Японы ламтан Накамоса нар ажиллаж байлаа Азийн буддистуудын энх тайвны бага хурлын удирдах төвөөс Буддын шашинтнууд энх тайвны төлөө сэтгүүл 1970-аад  оноос,  Дармадута буюу номын элч сонинг 2000-оноос өнөөдрийг хүртэл улирал тутам хэвлэн гаргасаар байна.

АБЭТБХ нь НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгуулагын нэг бөгөөд, нэгдсэн удирдлагын төв нь Монгол улсад байрлан МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр ажилладаг билээ. Энэхүү XI удаагийн хуралд үндэсний төвүүдээс 130 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж хуран чуулахаар болоод байна.

Холбоо барих: 976-360066, 99834099, 88081261

 

АБЭТБХ-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ БЭЛТГЭЛ ХОРОО

МБШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД