БУРХАН БАГШИЙН ДҮЙЧЭН ӨДРҮҮД

      Урд заларсан бурханы намтар түүх нь хойноос дагагч шавь нарын үлгэр дууриал хэмээн айлдсан мэт энд Бурхан багшийн нийтэд алдаршсан болон алдаршаагүй их цадиг түүхээс нэнхүү гайхамшигтай зүйл болох “Бурхан багшийн дүйчэн өдөр”-үүдийн  түүхийг товч  хүргэе.

Бурхан багш “Зовлонд дарагдаж, амгалангаас хагацсан, эх болсон хамаг амьтныг хязгааргүй их энэрэх сэтгэл төрж, хамаг амьтанд туслахын төлөө үнэн төгс туулсан бурханы хутгийг олъё” хэмээн дээд бодь сэтгэлийг анх үүсгэжээ. 
Тэндээс өглөг өгөх тэргүүтэй чанадын зургаан барамид, хураангуй дөрвөн бодисыг үйлдэхээс эхлээд, гурван асанхи галавт буян хийгээд билгүүний чуулганыг хураагаад, эцэст сайн цагийн мянган бурханы заларч, Бурханы хутаг олох дээд зохионгуйг үзүүлэх дээд орон ялгамжаат Хутагт Энэтхэг орны Очир сууринд үнэхээр туулсан бурхан болж, тэвчих хэрэгтэй түйтгэр бүгдийг арилгаад, мэдэх хэрэгтэй мэдэгдэхүүн бүгдийг нэгэн цагт, нэгэн зэрэг илтээр мэдэхийн оюун дэлгэрсэн зохионгуйг үзүүлж, их нигүүлсэхүй тааллаар шавь нар тус тусын хувьд таарсан зовлонг арилгах арга, амгаланг бүтээх арга, авах гээхийн номлолыг зарлиглажээ. “Агуу их цэнгэгч судар”-т 
"Буяны тийн боловсрол нь амгаланг өгч, зовлон бүхнийг арилгадаг.
 

Буян төгөлдөр хүний санасан хэргүүд ч бүтнэ” 
хэмээн Бурхан багш айлдсан нь, амьтад үргэлжид амгалан жаргалтай байхыг хүсэх бөгөөд зовлонг нэгээхэн агшин ч амсахыг хүсдэггүй. Түүний арга болгож, буяныг хураах хэрэгтэй бөгөөд буяныг хурааваас, хүсэшгүй зовлон бүгд арилж, энэ цаг үе болон ирээдүйн хамаг хүссэн хэрэг бүгд бүтэж, амар жаргалтай амьдарч чадна хэмээн айлдсан хэрэг билээ. 

Тиймийн учир буян хураахад аль чадахаар хичээх нь маш чухал гэжээ.
Буян хураахад нөхцөл шалтгааныг тааруулж чадваас төвөг багаар их буяныг хураах ёс ч олон бий хэмээн Бурхан багш айлдсан  нь, орон, санаа, барилдлага, цаг зэргийн үүднээс ялгаатай болдог. Тухайлбал:

“ Нэгэн халбага идээг эрдмийн орон болсон ном заагч багш, бурхан бодисадва тэргүүтэн дээд төрөлхийтөн, номыг бүтээх хуврагын чуулган, ачлал төгөлдөр   эцэг эхдээ, доройтон ядарсан өвчтөн нугуудад  өгвөл өглөгийн үйлдэл талаас буян их болно.” Басхүү тэр мэт хэмжээт нэгэн идээг, шувуу нохой зэрэгт өгөхдөө “Эх болсон хамаг амьтны төлөө бурханы хутгийг олъё” хэмээн бодох хийгээд “Бурханы хутгийг олохын тулд энэ мэт үйлдлээс эхлэн цаашид буян хураах хэрэгтэй” хэмээн бодож өглөг өгөх, мөн өөрийн хийсэн болон бусдын хийсэн буянд даган баясах сэтгэл үүсгэвэл санаа бодлын талаас бусдаас илүү их буяныг хураах болно.

Ер нь бусдад өглөг өгөхдөө дээрэлхэж басамжлах байдал гаргалгүй, өөрийн гараар, бишрэл хүндлэл, тахимдуу найрсаг зангаар багахаан эдийг өгөхөд ч барилдлагын үүднээс буян их болох юм. Мөн эд зүйл их бага аль ч бай, сайн өдөр, сайн цагийн үе ба орон нутагт ган зуд зэрэг тохиолдсон үед өглөг өгвөөс цагийн байдлаас шалтгаалан бусад буянаас үлэмж илүүтэй болно хэмээн айлджээ. Тиймээс бурхан бодисадва тэргүүтэй дээдэс нар тусгай онцлог бүхий агуу их энтэй үйл хэргийг зохиож адистидласан их цаг мөчүүдийн давхцал буюу Дүйчэн өдрүүдэд буян нүгэл алиныг үйлдвээс үржиж олшрох хүч маш их хэмээн айлдсан болохоор тэдгээр Дүйчэн өдрүүдийн талаар эрхэм уншигч  та бүхэн  мэдвээс, нүглийг тэвчиж, буяныг хураах хэрэгт их чухал болой.

 Тиймээс Бурхан багшийн дүйчэн өдрүүдийн талаар товч өгүүлье. Энд Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн  их дүйчэн хэмээн алдаршсан 
1 Эхийн хэвлийд оршсон дүйчэн
2 Лагшин мэндэлсэн дүйчэн
3 Тойн болсон дүйчэн
4 Бурханы хутгийг олсон  их дүйчэн 
5 Номын хүрд эргүүлсэн дүйчэн 
6 Тэнгэрээс буусан дүйчэн
7 Их риди хувилгааны дүйчэн 
8 Нирвааны хутагт одсон дүйчэн 
хэмээх найман зүйл дүйчэн буйгаас нийтэд алдаршсан дөрвөн дүйчэн нь 
1 Илтэд туулсан бурхан болсон 
2 Номын хүрд эргүүлсэн 
3 Тэнгэрээс буусан 
4 Их риди хувилгааны дүйчэн болно.


Ийнхүү дээр өгүүлсэн найман их дүйчэн нь саяхан өгүүлсэн дөрвөн дүйчэн дотор багтан хураагдах юм.

 

1 Тиймээс Лагшин мэндэлсэн дүйчэн нь Риди хувилгааны дүйчэн дотор багтана

2 Хэвлийд оршсон, Нирваан болсон дүйчэн нь Илтэд бурхан болсон дүйчэнд багтаж,

3 Тойн болсон дүйчэн нь ч Бурхан болсон дүйчэнтэй цаг ойрхон учраас түүнд багтаах бөгөөд тэдгээрийн ёсыг өгүүлмүй.Тэдгээр дүйчэн өдрүүдийн жил, сар, өдрийн тоог хэрхэн тооцож тогтоосон тухайд урьдын мэргэд лам нарын таалал журам зөрүүтэй олон янз боловч эдүгээ нийтэд тогтон алдаршсанаар бол Монголын сар лугаа холбогдуулж тоолдог журам тогтжээ. 
- Түүгээр бол монголын анхдугаар сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс арван тавны өдрийг хүртэл Их риди хувилгааны дүйчэн, мөн тэр сарын арван таванд Лагшин мэндэлсэн дүйчэн,

-   Мөн зуны тэргүүн сарын шинийн найманд Тойн болсоны дүйчэн, тэр сарын арван таванд Хэвлийд оршсон, Илтэд бурхан болсон, гаслангаас нөгчиж Нирваан болсон ёсыг үзүүлсэн дүйчэн зэрэг гурван дүйчэн зэрэгцсэн,

-Харин зуны сүүл сарын шинийн дөрвөнд номын хүрдийг эргүүлсэн дүйчэн,

- Намрын адаг сарын хорин хоёрны өдөр ялгуулсан Бурхан бээр  Тэнгэрийн орноос буусан их дүйчэн лүгээ нийт найман их дүйчэн өдрийг тогтоосон нь тийнхүү алдаршжээ. 
Үүнээс гадна хаврын адаг сарын арван тавны өдөр Бурхан багш, Цогт цагийн хүрдийн язгуур дандар айлдсан их дүйчэн мөнөөр барахгүй эдүгээ ч Шамбалын оронд, Төгс язгуурт хаан, жил бүр номын авшиг өгч байдаг их дүйчэн,

тэрчлэн зуны эхэн сарын арван тавны өдөр нь гэлэнмаа Балмоо бээр Аръяабал бурхантай уулзаж, дээд шидийг олсон их дүйчэн хэмээн үздэг байсан тул энэ өдөр ихэнх Хүрээ хийдэд Жанрайсигийн нүгнэй хурдаг байна.