Gandan Monastry

Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүх


Анхдугаар дэлгэрэлт /а.т.ө II-р зуунаас а.т XI-р зууныг хамрах үе/

Бурханы шашин Монгол оронд гурвантаа дэлгэрчээ. Анхны дэлгэрэлт нь Энэтхэгээс Ли, Хотан, Дорнод Туркестанаар дамжин торгоны замаар Монгол оронд дэлгэрсэн бөгөөд энэ нь Монгол газар нутагт оршин тотнож байсан эртний Хүннү, Нирун, Түрэг, Уйгур, Хятан зэрэг улс орны үе юм. Одоогоос 2000 гаруй жилийн өмнөх эртний Хүннү нарын шүтэж байсан 3 метр алтан бурханы тухай түүхийн ухааны их эрдэмтэд болох Сүмбэ хамба Ишбалжор, гүн Гомбожав, зава Дамдин нар онцгойлон тэмдэглэсэн байдаг. Зава Дамдин гавж “Хятадын Хан улсын хаан Үү Ди Монголчуудтай байлдах үедээ Бурхан багшийн том алтан дүр олж авсан нь Хятад улсад бурхан шүтээн заларсны анхнийх нь байв” хэмээн дүгнэсэн бөгөөд үүгээрээ Монголчууд Хятад, Төвдөөс өмнө бурханы шашныг эх нутагтаа дэлгэрүүлсэн гэж үзсэн байна. Мөн тэрээр V-р зууны үеийн Хятадын Фасян хуушаан, VII зууны үеийн Хятадын Тансан лам нарын Энэтхэгт зорчсон замын тэмдэглэлээс эш татан бурханы шашин Монгол оронд нэн эрт дэлгэрсэн болохыг дахин нотлосон байдаг. Одоогийн Эрдэнэ Зуу хийдийн анхны үндэс суурийг VIII-р зууны үед Уйгурын хаан Богичир байгуулсан бөгөөд тухайн цаг үетэй нэгэн зэрэг өөрийн хатан Бивлэгт зориулан Сэлэнгэ мөрний хөвөөнд зуу шүтээн байгуулж байсны туурь одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт бий. Бурханы шашин анх Төвдөөс бус эртний Энэтхэгээс дэлгэрсэн бас нэгэн жишээ бол эдүгээг хүртэл Монгол хэлэнд ашиглагдаж буй "бурхан", "багш", "нирваан", "цадиг", "судар", "адис", “очир” “рашаан”, “шүлэг”, “чандмань”, “тив”, “сансар” гэх зэрэг Энэтхэг үг хэллэгийг дурьдаж болно. Эдгээр үг хэллэг Монгол хэлэнд орж ирсэн он цагийг хөөн үзвэл маш эрт болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл бурханы шашны хоёрдугаар болон гуравдугаар дэлгэрэлтийн үед манай улс Энэтхэг улстай шашин соёлын холбоо төдийлөн их тогтоогоогүй билээ. Үүний зэрэгцээ Монгол улсад дэлгэрсэн анхны бурханы номын талаарх эрдэмтдийн судалгаа ч нэн эрт Энэтхэгээс дэлгэрсэн болохыг батлах болно.

Хоёрдугаар дэлгэрэлт /XIII-р зуунаас XIV-р зууныг хамрах үе/

Хоёрдугаар дэлгэрэлт нь их эзэн Чингис хаанаас Тогоонтөмөр хааныг хүртэлх Монголын их хаадын үед дэлгэрсэн гэж үздэг. Чингис хаан 1227 он буюу дөчин зургаан насандаа Төвдийн зарим нутгийг эзлэн авсан хойноо Зан нутагт элч илгээж сажын ёсны их багш Гунгаанинбу-д эд өргөх зэргээр холбоо тогтоон “Дээд таныг Монгол орондоо залах хэрэгтэй байна. Гэвч хаан төрийн зарим нэгэн хэрэг хараахан дуусгавар болоогүй тул хожим таныг залая. Өдгөө би таныг эндээс шүтэе, та тэндээс намайг сахихтун” хэмээн түүнийг дээдлэн шүтэж Монгол оронд залах айлтгал өргөсөн байдаг. Түүхийн ихэнхи сурвалжуудад Чингис хааны үед бурханы шашин, муслим, христийн несториан урсгал, манийн болон бомбын гэх мэт олон шашин Монгол оронд үйл хэргээ явуулж байсан гэдгийг л тэмдэглэдэг болохоос Чингис хаан үнэхээр энэ шашныг шүтэж байсан гэх илүү ноттой баримт бурханы шашны түүхэн сурвалжуудаас бусдад байхгүй байсаар байна. Өгэдэй хаан эцгийнхээ захиас дагуу Төвдийн Цал Гүнтан ламыг Монголд залсан тухай эх сурвалж байдаг бол Мөнх хаан гармаба урсгалын багш Гарма багшийг залсан байна. Чингис хааны ач болох Годан хаан /1237-1251/ сажа бандида Гунгаа Жалцанг шүтсэн бөгөөд Мөнхийн дүү Хубилай сэцэн хаан их Юань гүрний үед сажа бандидын ач Пагба лам Лодойжалцанг /1235-1280/ залснаар бурханы шашин улам хүчтэй дэлгэрчээ. Хубилай хаан шашин, төрийн хос ёсны хууль цааз гаргасан бөгөөд энэ нь шашин, төрийг барих сонгодог хэлбэрийн эхлэл болсон юм. Энэ мэтчилэн явсаар бурханы шашин нь эртний их Нирун улсын үед төрийн шашин болсон мэт Монголын их эзэнт гүрний үед ч төрийн шашин болох хүртлээ хөгжин цэцэглэсэн бөгөөд энэ нь угтаа ард олноо энх тунх, түвшин амгалан удирдахын их ухаанд суралцах номт хаадын мэргэн санаа байсан гэлтэй.

Гуравдугаар дэлгэрэлт /XVI-р зуунаас XX-р зууныг хамрах үе/

Гуравдугаар дэлгэрэлт нь Түмэдийн /Өвөр Монголын Түмэд хошуу/ Алтан хан 1578 онд III Далай лам Содномжамцыг залж төрийн хууль гарган шашин дэлгэрүүлсэн бол ар халхын Абтай сайн хан мөн адил түүнийг шүтэн ар Монголд шарын шашныг дэлгэрүүлсэн байна. Энэ үед бурханы шашин асар хүчтэй дэлгэрсэн бөгөөд нэн онцгой нь XVI-р зууны үед Монголын эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй орчуулагч гүүш лозава нар Ганжуур судрыг эх хэлнээ бүрэн орчуулж хэвлэсэн явдал юм. Үүгээрээ Монгол улс бурханы шашин дэлгэрүүлсэн улс орнуудаас дээгүүр байр эзэлдэг билээ. Мөн Өвөр Монголд шашин дэлгэрүүлэхэд оройлон оролцсон Нэйж тойн богд, Ураадын мэргэн гэгээн Лувсандамбийжанцан нар хурал номын уншлагын зан үйлийг монгол хэлээр явуулж байсан нь гуравдугаар дэлгэрэлтийн бас нэгэн онцлог байсан гэлтэй. Энэ үеийн бурханы шашин дэлгэрүүлэх үйл хэрэгт Ойрдын Зая бандида Намхайжамц, Нэйж тойн богд, Өндөр гэгээн Занабазар, Буриадын Зая хамба Дамбадаржаа нарын эрдэмтэн мэргэд машид идэвхтэй оролцон Ар Монгол, Өвөр Монгол, буриадад шашныг өргөн хүрээтэй буюу ард олны дунд дэлгэрүүлсэн гэж үздэг. Ар халхад шашин дэлгэрэхэд Монголын анхдугаар богд Жавзүндамба /Өндөр гэгээн Занабазар/ хутагт тэргүүтэй найман богдууд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Эдгээр олон эрдэмтэн лам, төрийн ихэс дээдсийн хүчин чармайлтаар эртнээс нааш байсаар ирсэн үхэгсэдийн хойноос хүн, амьтан егүүтгэх тэргүүтэй хатуу ширүүн зан үйл бүхий бөө мөргөлийг халах үест “цусан далай сүүн далай болов, харанхуй тивд гэгээ гийв” хэмээцгээж байсан гэдэг. Монгол оронд шарын шашин дэлгэрснээр ард олон нийтээрээ соён гэгээрч эхэлсэн, оюун сэтгэлгээний өндөр түвшинд хүрснийг нотлох Монгол олон эрдэмтдийн зохиол бүтээлүүд, шашны соёл урлагийн дэлхийд ховор үнэт бүтээлүүд бий болсон зэрэг шарын шашин дэлгэрсний ач тус асар их бий.

А.Батцэнгэл