Gandan Monastry

ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.


МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан ламтан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн захиргаа болон сүсэгтэн олны айлтгал хүсэлтийн дагуу ''Насны авшиг'' хайрлах дээдийн номын арга хэмжээг Буянт-Ухаагийн Спортын цогцолборт айлдлаа. 
Уг дээдийн номын хурим Өндөр гэгээний дүйчэн өдөр тохиож сүсэгтнүүд олноороо хуран чуулж, дээдийн номын рашаанаа хүртэж, буянаа хураасан сайхан өдөр боллоо. Мөн энэ үеэр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Өндөр гэгээний зохиосон "Цагийг тохинуулагч залбирал" болон Итгэл, Ганданлхавжаа зэрэг номуудыг Монгол хэлээр уншиж, сүсэгтэн олон даган баясан урин уншиж, Дашчийрэвийн сан, даллага авав.

Мөн Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс санаачлан хүмүүнлэгийн аян зарлаж, энэ хүрээнд цугларсан хандиваар Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг тус эмнэлэгийн захиралд гардуулан өгөх арга хэмжээг зохион байгуулав. Төв аймгийн Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрын настан буурлууд болон Хорт хавдраар энэлэн шаналж буй өвчтөнүүдэд шаардлагатай ахуйн хэрэглээний барааг өргөн барив. 
 

САЙН ҮЙЛС БҮХЭН ШИНИЙН САРАН МЭТ АРВИДАН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ