Gandan Monastry

ДАШЧОЙНПЭЛ ДАЦАН


Дашчойнпэл дацанд Түвдийн алдарт гүн ухаантан Гүнчэн Жамъяшадвийдорж ламын таван ботийн зохиол бүтээлийг голлон судалдаг. Энэхүү дацанг II Богд Лувсандамбийдонмэ Жэвзүндамба хутагт, түүний Ёнзин багш буюу Манзушри хутагт Донхор цорж Агваанжамбалданзан Өвөр Монголын Долоон нуур хэмээх газарт 1736 онд үүсгэн байгуулжээ. Улмаар 1756 онд Ар халхын Их хүрээнд нүүн ирэн суурьшсан. Хожим 1937 оны их хэлмэгдүүлэтэнд өртсөнөөр дэлхийн анхны их сургуулиас улбаатай олон зууны түүхтэй тус дацангийн уламжлалт сургалт, хурал номын үйл ажиллагаа бүрмөсөн хаагдсан байна. 1991 онд тус дацангийн номын үйл ажиллагаа дахин сэргэж одоогийн энэ дуганыг Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийд бариулснаар хуучны эрдэм номтой мэргэд, багш нарын хичээл шамдлаар уламжлалт гүн ухааны сургалтаа явуулсаар өнөөг хүрсэн. 2002 онд тус дуганы ард талд Домын өргөөг дацангийн лам нар барьсан. Түүнчлэн XIV  Далай багшийн ач ивээлээр Энэтхэг дэх Гоман дацангаас Буддын гүн ухаанд мэргэжсэн багш нар хүрэлцэн ирж дацангийн шавь нарт хичээл орж байсан юм. Эл дацан дахин сэргэсэн цагаасаа өнөөг хүртэл 36 гавж шинээр төрүүлсэн бол гэвшийн дамжаа барих ёсыг дахин сэргээснээр 220 гаруй лам нарт гэвшийн зэрэг цол олгоод байна. Тус дацан шавь нараа дацандаа сургахын зэрэгцээ Энэтхэг дэх Гомон дацанд сургаж байгаа юм. Анхны явж суралцсан шавь нар нь эргэн ирж одоо дацандаа хичээл орж, зааж сургаж байна. Эл дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арван эрдэмтэн төрөн гарсан юм.  Эдүгээ гэвш, гавжийн дамжааг бариулж буй юм. Өдөр тутмын болон цагийн хурлаа хурж байна.