Gandan Monastry

ГАЛ ТАХИА жилийн өнгө


Энэ гарч буй тахиа жилийн ёгт нэр "Алтан унжлагат". Энэ нь тухайн жилийг өөр нэг жилээс ялгахын тухайд нэрлэсэн нэр байгаа юм.

Ерөнхийдөө тухайн жилийн төлөв байдлыг жилийн хаан гараг, эзэн гараг, түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр болон шороон үхрийн зурлагаар шинждэг.

Монголчууд бид шороон үхрийн зурлагаар жилийн төлөв байдлыг голлон шинждэг.

Хуучин цагт шинэ жил гарахад хүрээ хийдийн үүдэнд томоор шороон үхрийг зурж тавьдаг,  ард иргэд нь шороон үхрийнхээ зурлагыг ирж хараад энэ жил ерөнхийдөө ийм төлөвтэй байх юм байна гэж шинждэг уламжлалтай байсан гэдэг.

Энэ жилийн шороон үхрийн зурлагын хувьд үхэр нь: толгой, ходоод, цулбуур нь улаан; үхрийн эвэр, чих, сүүл, туурай, шир, бие, ногт нь цагаан; омруу нь ногоон; үхэр нь амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан. Үхэр хариулаач нь: цагаан биетэй; үс нь чихнийхээ араар хийссэн; улаан дээлтэй; хөх бүстэй; ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүнийг бүсэндээ зүүсэн; малгайгаа буулгаж өмссөн; унгасаар томсон цагаан бургасан иштэй шилбүүр барьсан; хүч чадал багатай; идэр залуу; үхрийнхээ өмнө яаравчлан гүйж яваагаар дүрслэгдсэн байна.

Зурлагаас шинжихэд ирэх жилийн хувьд ард түмэн, сүсэгтэн олны амьдрал ахуй сайхан, Монгол орны эдийн засаг тогтворжиж, таатай байна гэж хэлж болно.

Залууст сайн, нялхаст дунд зэрэг, өвгөдөд тааруу жил байх нь. Цаг агаарын хувьд ирэх жил хур тунадас, ургамал, тариа будааны гарц арвинтай байх шинжтэй байна.

Ирэх жилийн сүүлээр нэлээдгүй цастай, өвөлжилт хүнд байх төлөвтэй байна.

Газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийн шим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн

Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатар