Gandan Monastry

Жинсрэг буюу Гал мандал


Жинсрэг буюу Гал мандал :
 
Мандал өргөх ёс нь Бурхан шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс нүгэл хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход “оньс” ихтэй гэж судар дандарт нэгэн дуугаар номлосон чухал зан үйл юм.
 
Ядам “Сахиус” галын тэнгэрийг сахиж аж амьдрал ажил үйлсээ даатгаж байгаа тахилын зан үйл юм. Тусгай зан үйлийн дагуу бэлдэж асаасан галд 13 зүйлийн эд, тариа будааг номын ёсны дагуу өргөж тахидаг. Эдгээр 13 зүйл нь өөр өөрийн онцлогтой бөгөөд тус тусын эрдмүүдийг зан үйлд оролцсон сүсэгтэн олонд хүргэдэг.
 
Үүнд:
- Сүр хүч, цог жавхланг аривтгах
- Эд баялаг бүтээхийн барцад саадыг арилгах
- Хилэнц нүгэл гэм алдааг ариусгах
- Насны цөвийг амирлуулах
- Хишиг буян дэлгэрүүлэх
- Хэл ам атаа жөтөөгүй амар амгаланг олох
- Ад хорлол ариун бус зүйлээс холтгон зайлуулах
- Аливаа саад тотгорыг амирлуулах
- Ургац үр тариаг арвин байлгах
- Ажил үйлс бүтэн сайн бүтээх
- Оюун ухааны хүч чадлыг батжин бэхжүүлэх
- Үйлийн үрээс шалтгаалсан өвчин эмгэгийг амирлуулах
- Талийгаачдыг сайн төрөл авахуулах зэрэг ач буянтай.
Энэхүү зан үйлд оролцож буй хүмүүс дээрхээс өөрт хамаарах зүйлсээ бодон дотроо сүслэн залбирч байх мөн дараа нь түүнтэй холбогдох хүмүүсийнхээ нэрсийг цаасан дээр бичиж галд өргөдөг уламжлалтай.
 
Жинсрэг буюу гал мандлын зайнд шар тос, цагаан будаа зэрэг 13 зүйлийн эд тариа будааг өргөж даган баясаж болдог байна.
 
Бурхан Багш 2500 жилийн тэртээ Шамбалын хаан Даваасамбууд Дүйнхор буюу Цагийн хүрд хэмээн алдаршсан нууц тарнийн номлолыг хаврын адаг сард айлдсан байдаг.
 
Жил бүрийн хаврын адаг сарын шинийн нэгнээс Дүйнхорын их хурлын бэлтгэл эхэлдэг. Энэ өдрөөс Дүйнхорын дацан Дүйнхор бурханы хот мандалыг элсээр өнгө ялган тэг горимын дагуу байгуулж, тус бурханыг бүтээн бясалгах уншлага зан үйлийг сагар, чогар хэмээх газар лусын бүжигтэй хурдаг.
 
Сагар буюу газрын бүжгийг шинийн 2-нд гаргаж, дүлцэн жинхорын газар авч, шинийн 4-нөөс дүлцэн жинхороо байгуулаад балин тахилыг ёсчилон бэлтгэж адислан хаврын адаг сарын шинийн 13-нд Их Дүйнхор эхлэж 7-17 хоног хурдаг.
 
Энэ үеэр Дүйнхорын жинсрэг буюу гал мандал /буяны түллэгэ/ өргөдөг бөгөөд Гацуурт дахь Туул голын эхэн болох Хар усан тохойд дүлцэнгийн элсээ залж газар лусын эзэнд өргөдөг билээ.
 
Энэ нь Энэтхэгээр: “Калачакра”, Төвдөөр: “Дүйнхор”, Монголоор: “Цагийн хүрд” хэмээх бурханы сургаал номлолыг дэлгэрүүлэх, энэ бурханы шашинтай уулзах ерөөл билэгдэлийг агуулж байдаг.
 
- / сору хийж оруулсан шүү. /
дээхэн уншиж байгаад тэмдэглэж авсан ч эх сурвалжыг мартсан байна. үнэхээр уучлаарай.