Gandan Monastry

IIIV-р богд


Түүнийг 4 настайд нь Халхаас элч нар очиж, төрөл төрөгсдийн хамт Их Хүрээнд залж авчирснаар Монгол оронд өөрийн амьдралын 50 жилийг өнгөрүүлсэн бөгөөд Манжийн хаанаас түүнд ямар нэгэн эрх мэдэл олгохгүй байсан ч монголчуудын дунд асар нэр хүндтэй Богд гэгээн байж чадсан юм. Тэрбээр өөрөө шууд аливаа үйл ажиллагааг удирдах хүн биш боловч бусдын хувьд хүчтэй зэвсэг нь болж чадах хүн байжээ.

1893 оны зун долоон хошууны Даншиг наадмын дараа Монголын ноёд, Богд гэгээний хамт хуралдан Бээжинд төлдөг татвар жил ирэх бүр өсөж, монголчуудын байдал улам хүндэрч байгаа талаар нухацтай ярилцаж, улмаар 1904 онд Богд гэгээн Монгол ноёдын хамтаар Бээжинд нууц илтгэл бичиж, Хүрээний манж амбан Дэ Линг-ийг 11 зүйлээр буруутгасан байна. Түүний үр дүнд Дэ Линг Хүрээний манж амбан сайдын тушаалаас огцорч байжээ. 1909 онд Богд гэгээн Монголын ноёд түшмэлүүдэд зориулан лүндэн буулгаж өөрийн бодол санааг ойлгуулан, мөн тэдний санаа бодлыг сонсохыг хичээжээ. Тэрбээр “...эдүгээ Монголын шашин төрийг бататган, газар нутгаа хамгаалж, урт удаан амар жаргалтай суух цаг иржээ. Зүгээр суугаад байвал жаргалтай суух битгий хэл газар шороогоо ч эзэмшиж чадахгүйд хүрнэ. Үүнийг мэдсээр байж Та бүгдэд эс сануулбаас олон бүгдээр намайг шүтэж мөргөж ирсний тус үгүй болно. Үүнийг танай олон ноён түшмэд сайтар бодож тус тусын санаж бодсоноо нэн даруй надад илтгэ” хэмээжээ. 1911 оны 6 дугаар сард Сайн ноён хан Намнансүрэн Богд гэгээнд захидал өргөж Манжаас Халхад хэрэгжүүлж буй бодлого нь маш аюултай болохыг сануулан дурьджээ. Түүний дараа 1911 оны 7 дугаар сард Богд гэгээн өөрийн гэртээ “ноёдын нууц зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж удирдсан байна.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манжаас салж бие даан тусгаар тогтносон тухайгаа албан ёсоор зарлаж 41 настай Богд Живзундамба хутагтыг “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаан” хэмээн албан ёсоор өргөмжилж, Богд хаант Монгол улсыг байгуулжээ. Эл тусгаар тогтнолын үнэ цэнэ монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн үйл явдал байлаа. Богд гэгээнийг амьд сэрүүн байхад түүний талаар сөрөг хэл ам гаргах нь битгий хэл түүнд очиж мөргөдөггүй төрийн хийгээд намын зүтгэлтэн байгаагүй юм. Хэнээс ч илүү монголчуудыг нэгтгэх, үндэсний хөдөлгөөнийг удирдах боломж түүнд байсан хэмээн гадаадын судлаач нар үздэг байсан бөгөөд “тухайн үед Халхын 4 ханы нэгийг хаан суулгасан бол аль нэг нь хятадтай хуйвалдан бие биентэйгээ тэмцэлдэж эхлэх байсан буй за, тийм ч учраас Богд гэгээнийг хаан ширээнд залсан болов уу” гэж тэмдэглэжээ. Тухайн үед Халхын дөрвөн хан дотроос Түшээт хан Дашням нь Чингис хааны Алтан урагт хамгийн ойр хүн байсан бөгөөд Монгол улсын эзэн хаан сууж болох байсан боловч түүний эрдэм чадал дульхан, нэр нөлөө бага байсан учраас хэн ч түүнийг дэмжээгүй юм. 

Живзундамба хутагт хаанаар өргөмжлөгдсөний дараа оноос эхлэн жил бүрийн цагаан сарын шинийн 1-нд Түшээт хан аймгийн Гомбодоржийн эцэг Абтай сайн ханы өргөөнд Эх дагины хамт очиж гал асаадаг байсан нь Монгол төрийн уламжлалыг хүндэтгэн хадгалж байсны гэрч юм.

Богд хаан Зөвлөлт Орос Улсаас гадна Америк, Японоос ч тусламж эрсэн бичгүүдэд тамга дарсан нь Монголын үндэсний бие даасан байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд гадны ямар ч хүчнээс тусламж авахад бэлэн байсныг илтгэдэг. Төр засгаа төвхнүүлэх үйл хэрэгт нь тусалж байсан Хүрээний Оросын консул Г.Лавдовскийд ван цол шагнаж, отго жинсээр хөхүүлэн шагнажээ. 1912 оны 3 дугаар сарын 10-нд Манж Чин улс унаж Дундад иргэн улс тусгаар тогтнолоо зарласан юм.

Богд хаан Монгол төрийн тусгаар тогтнолд нийт монголчуудыг хамруулахыг хүсэж байсан учраас зарлиг гарган дотоод, гадаадын олон монголчуудад нэгдэхийг уриалж, нэгдсэн хүчээр улс гэрээ төвхнүүлэх санаа бодолтой байгаагаа илэрхийлжээ. Эл уриалгыг Өвөрмонголын 49 хошууны 38 нь дэмжиж Монгол улсад дагаар орохоо мэдэгдсэн байдаг. Богд гэгээнийг хаан өргөмжилсөн тэр өдрөөс хойш “Олноо өргөгдсөн” хэмээх он тоолол эхэлж, Их Хүрээг “Нийслэл Хүрээ” хэмээн нэрийдэх болжээ.

1914 оны 8 дугаар сарын 26-нд Хиагт хотод эхэлсэн Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээр бүтэн 9 сар үргэлжилж 1915 оны 5 дугаар сарын 28-нд дууссан бөгөөд эл сунжирсан хэлэлцээр нь Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүйгээр хагас улс төрийн эрхтэй, Хятадын харъяаны улс болгож хязгаарласан нь Монгол улсын хувьд маш гутамшигт үйл явдал болсон юм. Улмаар хятадууд Монголыг өөрийн болгох хүслээ хэрэгжүүлэхээр 1919 онд Нийслэл Хүрээг цэргийн хүчээр эзэлж, Богд хааныг өвлийн ордонд нь өөрийн бие хамгаалагч, бараа бологч лам нарын хамт хөл хорьж, гадна талаар нь тусгай даалгавар бүхий 350 цэргээр мануулжээ.

Эл үед Хаант Оросын цэргийн эрхтэн Барон Унгерн фон Штернберг Монголд нэвтрэн орж ирсэн бөгөөд тэрбээр “Пан Монголын буддын шашинт эзэнт гүрэн” байгуулах зорилготой байжээ. Барон Унгерн 1920 оны 9 дүгээр сарын 20-нд Нийслэл Хүрээ рүү дайран орох оролдлого хийсэн боловч Хятадын гарт байгаа Богд гэгээнийг хамгаалснаар бүх монголчуудыг өөрсдийн талд оруулах боломж бүрдэнэ, монголчууд Богд гэгээнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн хэмээн тооцоолж, Нийслэл Хүрээ рүү довтлон орохоосоо өмнө Богдыг хулгайлан аюулгүй болгох ажлыг эхлээд зохион байгуулжээ. Барон Унгерн Хүрээнд орогнож байсан Төвдийн цагаачдыг олж эл зорилгодоо ашигласан байна. Тэдгээр хүмүүс уул хаданд авирах чадвартай, эрс хатуу зантай, зориг зүрхтэйн дээр Богд гэгээнийг аврахын төлөө ямар ч бэрхшээлийг сөрөн эр зоригтойгоор тулж чадна хэмээн тооцоолжээ. 60 гаруй төвд эрс Богд хан уулын араас Манзушир хийд рүү орох замын дагуу нууцаар байрлаж Богд гэгээнийг газар буулгалгүй гараас гар дамжуулан өргөж явсаар уул давуулан төлөвлөсөн газарт хүргэсэн гэдэг. Богд гэгээнийг хулгайлахын өмнө бараа бологсодтой нь холбоо тогтоон урьдчилан мэдэгдэж, доторхи лам нарын зүгээс эсэргүүцэл гаргуулахгүй байхыг ч бодолцжээ.

Ардын хувьсгал ялж, Барон Унгерн шахагдахад YIII Богд гэгээн Монгол Ардын Намын хүсэлтээр “Хэмжээт цаазат Монгол улс”-ын зөвхөн шашны хэргийг хамаарч улс төрийн эрх мэдэлгүй байж байгаад 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал төгсжээ.