Gandan Monastry

ГУНГААЧОЙЛИН ДАЦАН


Монголын IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц санаачлан Буддын гүн ухааныг судлах “Ванчэн Лосойлин Игчаа”-г судлах дацанг 1809 онд буюу XIV жарны цагаан хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Дэчингалавын үүдний Гонжирт Богд өөрөө ламдаж шаржин хурж үүсгэснийг V Богд цаашид дэмжин тусгай дуган бариулж “Гунгаачойлин” хэмээх нэрийг хайрласан байна. Түвдийн оройн дээд номын мэргэдийн нэг болох Банчин Сономдагвын гүн ухааны сурах бичгийг голлон судалдаг. Эл дацанд 1908 онд VIII Богд Жэвзүндамба хутагт бээр хувилгааны аймгийн Лувсанчойнзин Цоржтой хамт гавжийн дамжаа барьжээ. Энэхүү дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арван алдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1937 онд хэлмэгдүүлэлтэнд өртөн хурал ном нь зогссон бөгөөд 1992 онд дахин сэргээд сургалт номын үйл ажиллагаа нь дахин сэргэж, энэхүү дацангийн дуганыг 2001 онд  “Боярс констракшн” компани болон “Зарубеж строй” компани барьж ашиглалтанд оруулжээ. Эдүүгээ энэ дацан сургалт номоо амжилттай явуулж байна. Мөн энэ дацан лам нараа дацандаа болон Энэтхэг дэх Гоман дацанд сургаж байна.