Gandan Monastry

ТАНИЛЦУУЛГА


Эдүгээс 2500 жилийн өмнө замбуу тивийн төв болсон Энэтхэг орноо Шагжамуни бурхан багш мэндлэн гэгээрлийн хутгийг олж номын хүрдийг гурвантаа эргүүлсэн (дээдийн номыг айлдсан) бөгөөд түүнээс хойш бурханы шашин нийт Энэтхэг болон ази тивийн орноор түгэн дэлгэрсэн. Бурхан багш бээр “Миний шашин умраас умар зүгт улам түгэн дэлгэрнэ хэмээн” айлдсанчлан Монгол оронд гурвантаа дэлгэрсэн байдаг юм. Үүнийг Монголын түүхч гүн ухаантан Зава Дамдин гавж бээр гурван үечлэл болгон үзсэн байна. Үүнд: Түрүү үеийн дэлгэрэлт нь 2000 шахам жилийн өмнө Монголд бурханы шашин Энэтхэгээс дундад Ази, Ли, Хотон орноор дамжин дэлгэрсэн. Түрүү үеийн дэлгэрэлтийн үед Энэтхэгийн бурханы шашны их, бага хөлгөний ёсыг Согд, Уйгарын багш нар монгол газар номлож, сүм хийд байгуулж хурал ном хурж байсан гэдэг. Энэ үеийн шашны дэлгэрэлтийн гол дурсгал болох Эрдэнэ зуу хийд, Бий булгын зуу хийд хоёрыг онцлон дурдах хэрэгтэй юм. Бурханы шашин Хятад, Түвдэд дэлгэрэхээс өмнө Монголд дэлгэрснийг Зава Дамдин гавж эш, баримтаар олонтаа нотлон гаргасан байна. 

Дунд үеийн дэлгэрэлт нь эзэн Чингэс хаанаас Юан гүрний сүүлчийн хаан Тогоон Төмөр хүртэл 16 их хаадын үед Түвдийн Сажава хийгээд Гармавын урсгал чиглэлийн тэргүүн лам багш нартай харилцаа холбоо тогтоож, тэднийг улс гүрэндээ залан авчирч төрийн хийгээд ордны багшийн хэмжээнд өргөмжлөн тахиж байв. Жишээлбэл: Өгөөдэй хааны хүү Годан бээр сажава чиглэлийн тэргүүн багш сажа бандида Гунгаажанцанг залж ордны багшаар, Хувилай цэцэн хаан бээр Пагва лам Лодойжанцанг төрийн багш гэх мэт өргөмжлөн шүтэж байсныг дурдаж болно. Юан гүрний үед бурханы шашны олон ном зохиол Түвд, Санскрит, Уйгар хэлнээс Монгол хэлэнд орчуулагдан гарсан нь Чойжий Одсэр ламын орчуулсан Жонжүг (Бодичари яватара), Банзрагч зэрэг номноос харагддаг юм. Эдгээр хаадууд нь Бурханы ариун ёс суртахууныг дэлгэрүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан нь түүхээс харагддаг юм. 


Сүүлийн дэлгэрэлт буюу хожуу үе нь XVI зуунаас эхлэн тоологдох юм. Түмэдийн Алтан хаан бээр Түвдийн шашны тэргүүн Содномжамц ламыг 1578 онд Хөх хотод залж шарын шашныг улс нийтийн шашин болгон тунхаглаж Содномжамц ламд “Далай лам” гэдэг цол өргөмжилжээ. Монголын Автайсайн хаан бээр 1578 онд III Далай лам Содномжамцтай уулзаж шарын шашныг ар халх Монголын албан ёсны төрийн шашин болгон авчээ. Энэ үед бурханы шашин тэр дундаа XIV зууны эцсээр үүссэн Богд Зонхава Лувсандагвын (1357-1419) шарын шашин (гэлүгба) Монголын хаад ноёдоос харц ардыг хүртэл нийтийг хамарч чадсан билээ. III Далай лам Содномжамц таалал болсоны дараа түүний хойд дүр IV Далай лам Ёндонжамц нь Алтан хааны дүү Сүмэр хунтайжийн гэрт тодорсон нь Монгол Түвдийн шашин номын харилцаанд онцгой үйл явдал болжээ. Монголын шашны энэ үеийн түүхэнд онцгой үйл хэрэг бүтээсэн лам нар яах аргагүй Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар (Лувсандамбийжанцан) болон түүний шавь Ламын гэгээн Лувсанданзан, Зая гэгээн Лувсанпрэнлэй зэрэг олон шашны зүтгэлтнүүд их зүйлийг бүтээсэн юм. 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг Монголын Бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн юм. Өндөр гэгээн бээр 1649 онд Түвдэд очиж бурханы шашны эрдэмд суралцаж эргэн ирж шашны том төв байгуулахыг зорин Хан хэнтий ууланд 1654 онд Их хүрээг Рибогэжай Ганданшадүвлинг Цогчэн хурал голлон Андуу нар, Жас, Сангай, Зоогой, Хүүхэн ноён, Дархан эмч, Өрлүүдийн гэсэн аймагтайгаар байгуулсан юм. Цогчэн нь нийт дацан, аймгийг жаягийн ёсоор ерөнхийлөн захирах төв газар бөгөөд үүнийг хоёр хамба, таван цорж, дөрвөн гэсгүй нар удирдан чиглүүлж байжээ. Өндөр гэгээн бээр бурханы шашныг дэлгэрүүлэхдээ Монголын эрс тэрс цаг уур, ирээдүйг болгоож лам нарын дээл хувцас, уншлага, хурлын дэг ёс, ая эгшиг бүхнийг өөрөө удирдан дэлхийд ялгарах Монголын онцлог бурханы шашныг үндэслэсэн юм. Цогчэн хурал нь том гэр дуганд хурж эхэлсэн бол Монгол нутгийн төв Хангайн нурууны ар бэл Цэцэрлэгийн Эрдэнэтолгой хэмээх газар 1706 онд Өндөр гэгээн бээр Цогчэн дуганаа томсгох бүтэц бүхий цогчэн хурлын Батцагаан дуганыг өөрийн зураг төслөөр барьж, Шүтээний, Сэцэнтойны, Баргын, Бандидын гэсэн дөрвөн аймгийг нэмж байгуулжээ. Өндөр гэгээнийг Монголын Бурханы шашны тэргүүнээр өргөмжлөн Орд өргөөг тусгай байгуулан “Шар бүсийн тэг” татсанаас, Хан хэнтий уул, Цэцэрлэгийн Эрдэнэтолгой хэмээх газрууд болон олон газар Их хүрээ нүүдэллэсэнээр 1778 онд Хүн чулууны хонхорт ирж суурьшсан байна. Эдгээр нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эхлэл болсон юм.


V Богд Цүлтэмжигмэддамбийжанцан бээр бурханы шашны ирээдүйд чухал зүйл болгох номлол бүтээлийн сургууль дацангуудыг нэгэн дор төвлөрсөн хамгийн нандин хийд орныг бий болгохыг таалан болгоосон. Ингээд 1838 онд Далхын дэнж гэдэг газарт, урьд Өндөр гэгээний үүсгэн байгуулсан Рибогэжай Ганданшадүвлин хийдийн нэрийг хадгалсан Рибогэжай Гандантэгчэнлин хийдийг байгуулж түүгээр төвлөрсөн номын ариун газрыг байгуулахыг болгоон таалж Зүүн хүрээнээс Дашчойнпэл, Гунгаачойлин, Бадам Ёго, Ламрин дацангуудыг шилжүүлэн авчирч байгуулахдаа “Гандантэгчэнлингээр төвлөсөн шашны их мөрөн хийд энэ бээр ирээдүйд Шамбалын шашны далайд нийлэн одно” хэмээн айлдаж Цогт Наландарын их сургуулийн хир үгүй номын гүйцэд ёс уламжлалыг хадгалсан Монголын Бурханы шашны сургалтын том төв бий болгожээ. Их хүрээ нь Өндөр гэгээнээс VIII Богдын үе хүртэл 300-аад жилийн дотор өргөжин тэлсээр түм гаруй шавьтай 12 дацан 30 аймагтай Монголын Бурхан Шашны том төв болсон байна. Бадма Ёго, Майдар, Мэгжид Жанрайсаг, Занхан зэрэг нь бага дацангын эрхтэй дацангууд байжээ. Аймаг болбоос хошуу хошууны лам нарыг анхан дур саналаар хуваан суулгаж хураамжлан захирах үндсэн байгууллагын газар юм.
12 дацан:


1. Дашчойнпэл
2. Гунгаачойлин
3. Идгаачойнзинлин
4. Жүд
5. Дүйнхор
6. Манба
7. Зурхай
8. Бадам Ёго
9. Ламрим
10. Майдар
11. Мигжэджанрайсиг
12. Занхан

30 аймаг:
1. Шүтээний аймаг
2. Дондүвлингийн аймаг
3. Жадарын аймаг /Жидор/
4. Тойсомлэнгийн аймаг
5. Дүйнхорын аймаг
6. Цэцэнтойны аймаг
7. Андуу нарын аймаг
8. Дандарлэнгийн аймаг
9. Махамаяагын аймаг
10. Жасын аймаг
11. Номчийн аймаг
12. Сангайн аймаг
13. Зоогойн аймаг
14. Дугарын аймаг
15. Чойнхорлингийн аймаг
16. Хамбын аймаг
17. Бизьяагийн аймаг
18. Эрдэнэсэцэн ноёны аймаг
19. Дархан эмчийн аймаг
20. Эрхэм тойны аймаг
21. Эрх дагнийн аймаг
22. Вангайн аймаг
23. Эрдэнэ хувилгааны аймаг
24. Баргын аймаг
25. Намдоллэнгийн аймаг
26. Бандидын аймаг
27. Жамъянсүнгийн аймаг
28. Мэргэн номон хааны аймаг
29. Лам нарын аймаг
30. Өрлүүдийн аймаг


Их хүрээний үндсэн бүтэц нь Зүүн хүрээ, Гандан гэсэн хоёр үндсэн нэгжээс бүрдэж байв. Зүүн хүрээнд Бат цагаан дуган, Баруун өргөө, Богдын шар ордон түүний доторхи өргөө сүмүүд зэргээс бүрдсэн Ихийнх Манба, Жүд, Зурхай, Майдарын дацан, аймгуудаас бүрдэж байв. Эдгээр дацан, аймгууд нь 1937 он хүртэл хурал ном, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаад тухайн үеийн төрийн харалган бодлогоос болж хурал номын үйл ажиллагаа бүрэн зогссон билээ. Коммунист хэлмэгдүүлэлтийн үед олон мянган эрдэмтэн лам хуврагууд амь насаа алдаж, зуун зуун жилийн туршид уламжлагдан хөгжсөн бурханы шашны агуу өв соёл устаж, нэр төдий болсон авч ерөөл буяны хүчээр Гандантэгчэнлин хийд 1944 онд мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэж, тухайн коммунист нийгмийн хатуу хараа хяналтын дор хурал номоо хурж үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байв. 1944 онд дахин сэргэх болсон учир нь 1943 онд маршал Чойбалсан, Бумцэнд, Янжмаа, Цэдэнбал нар Орост очиж, ард түмэнд төр засгаас эх орны бэлэг, тусламж хүргэхээр явжээ. Тэр өгсөн төлөөлөгчдийг СССР орноор юм үзүүлж зочлоод нэгэн орой том цайллаганд урьжээ. Тэнд Калинин Бумцэнд даргаас “Монголыг шашинтай гэж дуулсан, танай шашин чинь хэвээрээ биздээ” гэхэд Бумцэнд гуай сандрангуй байдалтай “манай шашин байхгүй болсон, лам нар сайн дураараа хамтрал, артель, коммунн болоод тарчихсан” хэмээн хариулжээ ингэж хэлэхэд нь Калинин ихэд гайхаж байжээ. Энэ бүхнээс үүдэн Монголд шашны ямар нэгэн үйл ажиллагаа байх хэрэгтэй хэмээснээс гадна, 1944 онд Америкийн Дэд Ерөнхийлөгч Жэймс Уйллс Монголд морилж ирээд байхдаа шашин номын талаар асууж сонирхсон нь ч нэлээд нөлөө үзүүлсэн бөгөөд эдгээр шалтгаануудын улмаас төр засгийн удирдлагууд тухайн ондоо Цогчэн гэсгүй байсан Г.Гомбодоржийг дуудан долоон хүний бүрэлдэхүүнтэй болоод хурал хурах, нээхийг хүссэн өргөдөл бич гэсэн байна. Ийнхүү гэсгүй Г.Гомбодорж, Н.Эрдэнэпил, Г.Бат-Очир, Р.Гарамсэд, М.Галаарид, Л.Лувсан, О.Дагважанцан нарын 7 лам бүрдүүлэн “Олон зуун жилийн турш Бурханы шашныг шүтсээр ирсэн манай ард түмэн шашин номоо эрэлхийлж байна” гэсэн утгатай өргөдөл бичсэний дагуу 1944 оны 5-р сарын 25-ны өдрийн Улсын бага хурлын 34-р тогтоолоор урьд лам байсан хүмүүсийн хүсэлтээр Улаанбаатар хотод “Мөргөлийн дуган” нэртэйгээр Гандантэгчэнлин хийдийг дахин нээхээр болсон байна. XVI-р жарны “Наран гэтэлгэгч” (нидолжэд) хэмээх хөх бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн найманд хурлаа эхэлж байжээ. Гандантэгчэнлин хийд нь дахин сэргэснээр далд нуугдаж байсан эрдэмтэй лам хувраг, нандин бурхан шүтээн, ном судар цугларсны зэрэгцээ Өвөр Монголоос, Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд Балдан засгийн хошуу, Говь Түшээ гүний хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал зэрэг нь нүүн ирж, улмаар төвдөө нэгдсэн юм. Ингээд Гандантэгчэнлин хийд нь “Мөргөлийн дуган” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад, Монголын Бурханы шашны төв захиргаа болж, 1947 онд Гандантэгчэнлин хэмээх нэрээ дахин авсан. Ийнхүү Гандантэгчэнлин хийд нь Монголын Бурханы Шашны Төв захиргаа болсон юм.1960 оны сүүлээр Монголын Бурханы Шашны Төвийн тэргүүн их хамба лам С.Гомбожав санаачлан “Энх тайвны төлөө” Азийн бурхан шашинтнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор Азийн Буддист Энх Тайвны бага хурлыг 1970 онд зохион байгуулсан. Эдүгээ энэ байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. 1960-аад оны дундуур Оросын монголч эрдэмтэн Николай Рерих Монгол улсад айлчлахдаа хамба лам Гомбожав болон Шинжлэх Ухааны Академын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн нарын зэрэг хүмүүстэй уулзахдаа Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн лам нар нэлээд өндөр настай болсоныг харгалзаж шинэ залуу лам нарыг сургах сургууль байгуулах санал гаргаж байсан байна. Мөн Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар ОХУ-ын Буриад улсын бандида хамба лам Гомбоев Монгол улсад айлчилж ирэн Монголын хамба лам, номч мэргэн гавж Гомбожав ламтай уулзахдаа Улаанбаатар хотод Шашны Дээд Сургууль байгуулах талаар ярилцжээ. Улмаар 1970 онд Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчилэн хийдийн дэргэд Шашны Дээд Сургууль байгуулагдан энэ сургуульд Монгол, Буриад оюутнууд суралцаж эхэлснээр Бурханы шашны залгамж хойч үеийг бэлтгэж эхэлсэн юм. 


Монгол оронд 1990 онд ардчилсан нийгэм тогтож, иргэдийн шүтэн бишрэх эрх, эрх чөлөө нээгдэн, шашин соёлоо дээдлэх үндэсний ухамсар сэргэв. Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийд нь үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах болсноор их хэлмэгдүүлэлтэнд өртөж хаагдсан дацангуудаа хуучин шавь өвгөдийг тулгуурлан сэргээн, босгож хурал номынх нь үйл ажиллагааг жигдрүүлсэн. 1992 оны Монголын бурханы шашинтны анхдугаар чуулган нь Гандантэгчэнлин хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв хэмээн дахин баталгаажуулсан.
Одоо эдгээр дацангууд нь хуучин хурж байсан хурал номоо бүрэн хурж байна. Мөн дацангуудын шавь нарыг монголдоо болон БНЭУ дахь Гоман, Сэра мөн бусад дацан сургуулиудад сургаж байна. 

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Цогчэн хурал, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацан, Бурханы Шашны Их Сургууль,  Шашны сургалттай 112-р дунд сургууль, Цогчэн сургууль, Шашны сургалттай “Баян эрхэт” бага сургууль, “Төгс баясгалангийн гэгээ” хүүхдийн цэцэрлэг, "Гандан манба" уламжлалт эмнэлэг зэрэг салбаруудаар уламжлалт бурханы шашны болон орчин цагийн мэдлэг, боловсрол, уншлага, зан үйл гэх мэт олон талт шавхагдашгүй өв соёлоо өвлүүлэн заан эзэмшүүлж байна. Үүнээс гадна Хөдөө Орон Нутгийн Хийдүүдтэй Харилцах Алба, Хэвлэл мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба, "Билгийн Мэлмий" сонин, "Билгийн Мэлмий" сэтгүүл,  “Лавайн эгшиг” FМ радио, “Нигүүлсэл” халамжийн төвөөрөө дамжуулан хөдөө орон нутгийн сүм хийд болон нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байна. Гадаад Харилцааны Алба, Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлаар дамжуулан гадаадын бурханы шашинтай болон бусад улс гүрэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн амар амгалангийн төлөө ажиллаж байна. 


Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар Дээрхийн гэгээн XIV Далай багш Монголд найман удаа морилж лам хуваргууд болон сүсэгтэн олонд айлдвараа айлдсан. Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийд нь дээрхийн гэгээн авралт итгэлт Монголын IX Богдоо цаг төрийн байдлаас болж Монголдоо залж чадаагүй байж байгаад 2009 онд учрал бүрдэн залсан юм. Монгол улсын иргэн болсон IX Богд Жэвзүндамба хутагтаа 2011 онд Монголын нийт лам сүсэгтэн хамтарч Монголын Бурханы Шашны тэргүүнээр өргөмжилж тамгыг өргөн барив. 


Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг жилдээ 2 удаа хуралдуулж, шашныхаа үйл хэргийг хэлэлцдэг болно. Энэхүү хурлыг Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн их хамба лам СГЗ, Гавж Д.Чойжамц ламтан удирдан монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг юм.